Америкчууд ажилтай болбол эдийн засаг бүхэлдээ сэргэнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Америкчууд ажилтай болбол эдийн засаг бүхэлдээ сэргэнэ

Т.ГАЙТНЕР: АМЕРИКЧУУД АЖИЛТАЙ БОЛБОЛ ЭДИЙН ЗАСАГ БҮХЭЛДЭЭ СЭРГЭНЭ
АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнерийн “Bloomberg”-т өгсөн ярилцлагыг хүргэе.

-Барак Обама ажилгүйдлийг бууруулахын тулд 447 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж, үүнийгээ Конгресст танилцуулсан. Энэ төлөвлөгөө Америкийн эдийн засагт үр дүнтэй нөлөө үзүүлж чадах уу?

-Мэдээж хэрэг чадна. Олон зуун мянган америкчууд өнөө, маргаашийн дотор ажилтай болох шаардлагатай байна. Тиймээс ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд АНУ-ын Засгийн газар хөрөнгө гаргах нь хамгийн оновчтой шийдэл. Гэхдээ одоо энэ бүхэн Конгресс хэрхэн шийдэхээс хамаарчихаад байна.  

-Бүгд найрамдах намын зарим гишүүн үүнийг эсэргүүцэж байгаа. Өмнө нь Сангийн яамнаас 600 тэрбум ам.доллар гаргаж, эдийн засгаа дэмжсэн. Гэвч үр дүнд хүрээгүй. Харин энэ удаагийнх өмнөхөөсөө ялгаатай байж чадах уу?

-Ажилгүйдлийг бууруулах тө­лөв­лөгөөг Бүгд найрамдах намын гишүүдийн олонх нь дэмжиж байгаа. Тэд өмнө нь ч гэсэн дэмжиж байсан. Харин өнөөг хүртэл эдийн засгийн үзүүлэлтүүд олигтой өсөхгүй бай­гаагийн шалтгааныг олон зүйлтэй холбон тайлбарлаж болно. Энэ бол зөвхөн АНУ-ын Засгийн газрын бодлогоос хамаарах зүйл биш. Энэ онд газрын тосны үнэ огцом өссөн. Японд болсон цунамигаас болж дэлхийн эдийн засаг тодорхой хэмжээнд хямарсан. Европын өрийн хямрал одоо ч газар авсаар байна. Саяхан АНУ-ын Конгресс авч болох зээлийнхээ дээд хязгаарыг нэмэх эсэхийг нэлээд удаан хэлэлцсэн. Энэ бүхэн эдийн засгийг хямрааж байна. Ийм хүнд байдал дунд бид чадах бүхнээ хийж байгаа.

-Хэрэв Б.Обамагийн төлөвлөгөө батлагдвал АНУ-ын эдийн засаг хямралаас гарах уу?

-Хямралын тархалтыг зогсоож чадна. Эрсдэлийг арилгана. Үүнийг би баттай хэлж чадна. Америкчууд ажилтай болбол эдийн засаг бүхэлдээ сэргэнэ.

-Өмнө нь энэ удаагийнхтай төстэй ажилгүйдлийг бууруулах хөтөлбөрийг танилцуулж байсан. Тухайн үед АНУ-ын эрх баригчид ажилгүйдлийн түвшин найман хувиас хэтрэхгүй хэмээн амласан. Гэтэл өнөөдөр хоёр оронтой тоо руу ойртсоор байна?

-АНУ-ын эрх баригчид ийм тайлбар хийж байгаагүй. Түүнээс гадна ажилгүйдлийг бууруулж ча­дахгүй байгаагийн шалтгаан нь хям­ралын цар хүрээ нь асар их байгаатай холбоотой. Бүр өмнө нь 1930-аад оны үед бий болсон Их хямралтай дүйцэхүйц санхүүгийн хямрал 2008 онд эхэлсэн шүү дээ. Үүний сөрөг нөлөө нь одоо болтол арилаагүй байна. Ажлын байр шинээр нэмэгдүүлнэ гэдэг хямралын эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй арга.

-Европт юу болоод байна вэ. Грекийн эдийн засаг сүйрэх магадлал өндөр боллоо шүү дээ?

-Европын нөхцөл байдал маш   хүнд байгаа. Өрийн хямрал Грек, Ирланд, Португалиар дуусахгүй. Миний бодлоор тэд юун түрүүнд санхүүгийн тогтолцоогоо шинэчилж, өөрчлөх ёстой. Түүнээс биш бүх юмыг хэвээр нь байлгаж, тэгсэн хэрнээ эдийн засаг руугаа бэлэн мөнгө гаргаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Европын эрх баригчид үүнийг мэдэж байгаа. Гэхдээ хангалттай хурдан хөдөлж чадахгүй байна. Харин эдийн засгаа шинэчилж чадах улс төрийн орчин бий гэдгийг дэлхий дахинд батлан харуулах ёстой.

-Еврог хадгалж үлдэх нь АНУ-д ашигтай юу?

-Тийм. Европын орнууд хямарс­наас болж өнгөрсөн зун АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан. Евро бүсийн тогтвортой байдал хэн бүхэнд чухал хэрэгтэй. Хэдийгээр АНУ-ын өр ихэссэнээс болж эдийн засаг хямралтай байгаа боловч бид Европт туслах нь зүйн хэрэг.

-Удахгүй болох Их долоогийн уулзалтаар энэ тухай хэлэлцэх үү?

-Үгүй байх. Их гүрнүүдийн төр, засгийн тэргүүн нарын уулзалтын үеэр АНУ-ын эдийн засаг суларч байгаа тухай биш, харин дэлхийн хэмжээний асуудлыг ярина. Гүй­цэтгэх засаглал, төв банкны тэр­гүүнүүд олон улсын санхүүгийн харилцааг хэрхэн тогтворжуулах тухай ярилцах байх.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж