АН Ардчиллыг айл бүхэнд хүргэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

АН Ардчиллыг айл бүхэнд хүргэхээр болжээ

Ардын намын Удирдах зөвлөлөөс өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Д.Амарбаясгалан, Ардын намын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх намын бай­гуулалтын хэлтсийн дарга С.Раднаасэд нар байсан юм. Тэд “Ардчиллыг айл бүхэнд” хэмээх хөтөлбөрийг дэвшүүлж байгаагаа ийн зарлалаа. Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Ардчиллыг хэрхэн нийгмийн соёл болгон төлөвшүүлэх, хүн бүрийн амьдрал, үйл ажиллагааных нь хэвшил яаж болгох вэ гэдэгт хөтөлбөрийн зорилго оршиж байна. Ер нь өнгөрсөн 20 жилд улс төрийн зарим хүчин ардчиллыг өмчлөх гэж оролдож, улстөрчид гоё үгийнхээ чимэг болгох хэлбэр төдий хөгжүүлж ирсэн чиг хандлага бий. Харин манай намын зүгээс Монголын ард түмний сонгосон ардчилал хэмээх үнэт зүйлийг нийгмийн соёл болгон цаашид төлөвшүүлэх, монгол айл, иргэн бүрт ардчиллын үр шимийг хүртээх ёстой гэж бодож байна. Тиймээс “Ардчиллыг айл бүхэнд” хөтөлбөрийг дэвшүүлж байгаа юм” гэлээ. Энэхүү хөтөлбөр нь хүний хөгжлийн асуудал, эдийн засгийн эрх чөлөө, хариуцлага, шударга ёс, тэгш боломж гэсэн дөрвөн үндсэн чиглэлээс бүрдэх аж. Хөтөлбөртөө хүний хөгжлийн асуудлыг чухлаар тавьж байгаа бөгөөд ялангуяа иргэний боловсролыг гол болгох юм. Эдийн засгийн эрх чөлөөний асуудлыг хөндөж байгаагийн учир нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршиж буй. Харин төрийн албан хаагчдын хариуцлагын тогтолцоог шат дараалалтай эхлүүлэх аж. Энэ ч утгаараа Ардын нам Бага хурлынхаа үеэр боловсон хүчний талаар хэлэлцэнэ хэмээн нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлэв. Цөөн хэдэн явцуу хүрээ бий болохоор ардчилал хумигддаг учир Ардын намынхан үүнийг засахын тулд намдаа тэгш боломжийг бий болгоно гэлээ. Цаашлаад эдгээр асуудлын хүрээнд хөтөлбөр дэвшүүлж, ард иргэд ялангуяа судлаач, эрдэмтэд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагатай хамтран хэлэлцүүлэг явуулах зэрэг ажлыг эхлүүлэх юм байна. Ардын намынхны зохион байгуулж буй “Ард түмнээ сонсъё” аян энэ өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймагт үргэлжилж байгаа бөгөөд ирэх сард өндөрлөх аж.


Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Улс төрийн хүчнүүд ирэх сонгуулийнхаа бэлтгэлд хэдийнэ оржээ. Харин МАХН-ынхан Ардын намын гишүүдийг эгнээндээ нэгтгэж буй талаар мэдээлэл бий. Мөн Ардын намын генсек У.Хүрэлсүх намынхаа даргатай таарамж муутай байгаа учир Н.Энхбаяртай уулзаж байна гэх юм. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?

-Ардын намын удирдлагын түвшинд хоорондоо маргалдах зүйл байхгүй гэдгийг нарийн бичгийн даргын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ардын намыг тарсан бутарсан харуулах гэсэн хүмүүс ийм яриа гаргаж байна гэж боддог. МАХН-д манай намын даргаар ажиллаж байсан хүн бий. Анархист байр суурь баримталдаг хүмүүс энэ улс төрийн хүчинд элсэж байгаа нь харагддаг. Манай нам уугуул нэрээ сэргээснээс хойш шинээр 26638 хүн элссэн. Нэг үгээр хэлбэл 180 мянган гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нэг жилийн хугацаанд намаас 1608 хүн гарсан. Ардчилсан нийгэм учир намаас гарсан хүмүүс өөрсдийнхөө улс төрийн сонголтыг хийгээд явсан байх.

-Ардын намын зүгээс Сонгуулийн тухай хууль, тэр дундаа тогтолцооны талаарх байр суурь хэ­вээрээ юү?

-”Бид Сонгуулийн тогтолцоог шинэчлэх хэрэгтэй” гэсэн маш тодорхой байр суурьтай байгаа. Бид мажоритари давамгайлсан холимог тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

-”Мөнгөний босго тавьж буй нь тэгш боломжийг хааж байна” гэж та хэллээ. Тэгвэл Ардын нам ирэх сонгуулиар нэр дэвшигчдэдээ мөнгөний босго тавихгүй гэж ойлгож болох уу?

-Ардын намын энэ асуудлыг Бага хурлаараа шийдвэрлэдэг. Бага хурлын бүрэн эрхийн асуудал учир миний бие одоогоор хариулж чадахгүй. Гэхдээ намын удирдлагад ажиллаж байгаа хүний хувьд тэгш боломжийг хаасан ямар нэгэн хязгаарлалт хийхгүй гэсэн байр суурьтай байна.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж