”Үнэгүй” зөвлөхүүдийн цаана том эрх ашиг байгааг үгүйсгэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

”Үнэгүй” зөвлөхүүдийн цаана том эрх ашиг байгааг үгүйсгэхгүй

Ц.СЭДВАНЧИГ: “ҮНЭГҮЙ” ЗӨВЛӨХҮҮДИЙН ЦААНА ТОМ ЭРХ АШИГ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ


УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийг “Ярилцах танхим”-ын зочноор урьж ярилцлаа.

-УИХ-ын Төсвийн байн­гын хорооны гишүүнтэй уулзсаных ирэх оны төсөв, мөнгөний бодлогын сэдвээр ярилцлагаа эхэлье. Ойрын өдрүүдэд ирэх оны төсвийн талаар “том” тоонууд дуулдах боллоо. Жишээ нь УИХ-аас баталсан ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлого дөрвөн их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийг 16,6 хувьтай байхаар төсөөлсөн.  Энэ хэр бодитой тоо вэ?

-Энэ оны төсвийн гүйцэтгэлийг өнгөрсөн хав­рын чуулганы төгсгөлд урьдчилсан маягаар товч танилцуулсан. Харин саяхан төсвийн тодотголыг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан таны хэлсэн тоонуудыг дурьдсан. Эндээс харахад төсвийн орлого нэлээд нэмэгдэх нь гэсэн төсөөлөлтэй байгаа юм. Манай эдийн засаг жил ирэх тусам тэлж байгаа. Тиймээс ирэх жилийн төсвийн орлого, зарлага тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх гэсэн төсөөлөлтэй санал нэг байна. Дээр нь УИХ-ын сонгуулийн жил тохиож байгаагаараа онцлогтой. Улстөрчид, эрх баригч намуудын амласан мөнгө, хөрөнгө оруулалтын ажил гээд олон асуудал бий. Тэгэхээр төсвийн орлого, зарлагын хэмжээ яах аргагүй одоогийнхоос нэмэгдэж орж ирэх байх. Гол нь ирэх он жилүүдийн эдийн засгийн өсөлтийн хэмжээг зөв тооцож, мөнгөний бодлоготой уялдуулсан, бо­дит үндэслэлтэй төсөв оруулж ирээсэй л гэж бодож байна.

-Инфляцийн өсөлтийн хувь хэмжээ УИХ, Засгийн газар, Монголбанкны зорилтот түвшнээс давчихлаа. Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ тодорхой үе шаттайгаар нэмэх замаар инфляцитай “тэмцэж” байна. Хуулиар олгосон эрхийн дагуу авч чадах арга хэмжээ нь л тэр. Энэ тохиолдолд бизнесийн зээл олголтын хэмжээ багасч, хумигддаг. Тиймээс төр бизнес эрхлэгчдийн, эсвэл ард түмний нийтлэг эрх ашгийн аль алийг хамгаалах тэр гарцыг олох хэрэгтэй болж байна. Та тийм гарцыг олж харж байна уу?

-Монголбанк, Засгийн газрын бодлого бодит байдал дээр зөрчилдөх нь бий. Монголбанк төгрөгийн ханшийг унахаас сэргийлэх, инфляцийг тогтвортой байлгах үүрэгтэй. Гэхдээ манай эдийн засаг нэлээд өвөрмөц учраас онолоо баримтлаад явахад эцсийн үр дүн нь тэр бүр сайн байдаггүй. Учир нь гаднаас ихээхэн хамааралтай, нөлөөнд өртөмтгий. Импортын хэмжээ нь  их, экспорт бага болохоор гадаад худалдааны балансыг харахад байнга алдагдалтай байдаг. Тэгэхээр таны тавьсан асуултын хариулт ч хоёр талтай. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгаж, иргэдээ инфляцийн дарамтаас хамгаалах төрийн бодлого заавал байх ёстой. Гэтэл бодит эдийн засгийг хөдөлгөдөг мөнгөний эргэлтийг хаачихаар байдал улам хүндэрч, бодлогын арга хэмжээ нь үр дүнд хүрч чадах эсэх нь эргэлзээтэй байдаг. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд бизнесийн зээлийг хумиснаар ажлын байр багасч, эдийн засгийн макро түвшний үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлөөд эхэлдэг. Үүнээс болж Засгийн газар, Монголбанкны бодлого хэрэгжих үедээ зөрчилдөх нь ажиглагддаг юм. Тэгэхээр аль болох гаднаас хамааралгүй олон суурьт эдийн засагтай болохыг л хичээх хэрэгтэй.

-Монголбанк энэ талаар гарц хайж олсон бололтой. Зөвхөн онолын дагуу мөнгөний бодлогын хүүгээр бус макро зохистой бодлогоор инфляцийг зохицуулах арга замыг хайж байгаа гэсэн таатай мэдээлэл дуулдах болсон. Үр дүнд хүрэх болов уу?

-Инфляцийн хэлбэлзэл  юунаас үүсээд байна вэ гэдгийг зарим эдийн засагч тайлбарлахдаа мөнөөх л гаднаас хамааралтай эдийн засагтай холбон тайлбарладаг. Би зарим талаар үүнтэй санал нийлдэг. ОХУ-д шатахууны үнэ өсөхөд Монголд өргөн хэрэглээний болон хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг энэ байдлаас л түргэн салах хэрэгтэй. Бид гаднаас хамааралтай бараа, бүтээгдхүүний хэмжээгээ багасгаж, өөрсдөө үйлдвэрлэвэл энэ хэлбэлзэл  багасна шүү дээ.

-Та бид хоёрын яриа сонгуулийн өмнөх жилд өрнөж байна.Энэ цаг үе бас өвөрмөц онцлогтой. УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнөх жилд төсөв асар их тэлж, эдийн засаг халж, инфляци 34 хувьд хүрч хүнд байдалд орсон. Дээр нь дэлхийн эдийн засгийн хямралын нөлөө, экспортын бараа бүтээгдэхүүний үнэ ханш унасан нь ч нөлөөлсөн. Гэхдээ төсвийн хэт тэлэлт, сонгогчдод таалагдах гэсэн улстөржсөн алхмууд гол гайг чирсэн. Одоо ч энэ гай айсуй харагдах юм?

-Эдийн засгийн онолд ч яг тэгж томьёолсон байдаг юм. “Засгийн газар бол инфляцийг өдөөгч ” гэж. Гэхдээ манай хувьд улстөрчид, тэдний улс төрийн зорилгоос хамаардаг ч голдуу дээр дурьдсан гадны нөлөөнөөс хамааралтай байдгаараа онцлогтой гэж би боддог. Мэдээж улс төрийн хариуцлага хүлээнэ. Сонгууль болох гэж байна гээд төсвийг замбараагүй тэлж, алдагдлыг нэмээд, түүнийгээ нөхөх гэж гаднаас өндөр хүүтэй зээл авч, ирээдүйдээ өр бэлтгэж өгдөг төртэй байж болохгүй. Тийм эрх бидэнд байхгүй. Сонгогчид улс төрчдын алхмыг ажиглаж байгаа шүү дээ.

-Удтал ярьсан Хөгжлийн банкаа байгууллаа. Анхны алтан жолоог нь гадныханд атгуулсанд хардах сэтгэл төрж байна. Учир нь манай хөгжлийн болон тусгаар тогтнолтой холбоотой амин чухал асуудлууд, тэр ч байтугай төрийн түшээ та бүхний ч мэддэггүй нууцууд шууд гадны хүний гарт очиж таарах нь. Тэгэхгүйгээр тэд ажиллах боломжгүй. Хэдийгээр бид шинэ нийгэмд, өөр сэтгэлгээгээр амьдрах ёстой ч төрийн хар хайрцагны бодлого талаасаа зохимжгүй алхам хийчихсэн юм биш үү?

-Монголын арилжааны  банкуудын зээлийн хүү дэлхийн жишгээс 10-20 хувиар өндөр байдаг. Хөгжиж буй зарим орнууд банкны зээлийн хүүгээ бараг тэглэсэн. Бизнесийн зээлийн хүү өндөр, хугацаа богино байгаа нь бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөх, зээлийн эрсдэлд орох, зээлдэгч хүүгийн ачааллыг даахгүй дампууран ажлын байр багасах зэрэг олон сөрөг үр дагавартай. Тиймээс урт хугацаатай, бага хүүтэй зээл олгон бизнесийг дэмжих томоохон төслүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлж, бодит эдийн засгийн өсөлтөд дэм өгөх хэрэгтэй болсон. Уг нь зөв алхам. Удирдлагыг нь гаднынханд өгсөн асуудал бий. Хатуухан хэлэхэд, манай дарга нар “Үнэгүй юманд нугасгүй” гэгчээр цалин, хангамжийг нь БНСУ-ын Засгийн газар хариуцна гэснийг олзуурхаж ийм алхам хийсэн байж болох юм. Уг нь зах зээлийн нийгэмд үнэгүй юм гэж байхгүй.  Уг нь манайд энэ банкийг сайн ажиллуулах, боловсролтой, туршлагатай боловсон хүчин хангалттай бий. Тэдний хүчинд итгэх хэрэгтэй байсан. Таны хэлсэнтэй санал нэг байна. Үнэгүй зөвлөхүүдийн цаана хүссэн мэдээллээ саадгүй олж авах том эрх ашиг буйг үгүйсгэхгүй. Монгол Улсын сан хөмрөг, хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой чухал мэдээлэл тэнд төвлөрнө. Тэр ч байтугай надад банкны нөлөө бүхий албан тушаалтан, мэргэжлийн хүмүүс хэлж байсан. “Сангийн яам, Монголбанкинд гаднын зөвлөхүүдийг ажиллуулах нь ихэслээ. УИХ-ын гишүүн та бүхэн хууль санаачлаад хөөгөөд гаргаач” гэсэн саналыг ч тавьсан удаатай.  Бодох л ёстой асуудал.

-Та УИХ-ын чуулган дээр нэг бус удаа “Авлигажсан төр”-ийг шүүмжилж байсан. Гэтэл та өөрөө төрийн эд, эс мөн. Авлигажсан төрийн эсрэг тэмцэж чадаж байна уу?

-Олон улсын чанартай судалгаагаар манай улс авлигын төвшин өндөртэйд тооцогддог. Төрийн бүх шатны байгууллагад авлигач чанар хэдийнэ буй болсныг хэн ч баттай хэлэх байх. Энэ нь манай улсын тусгаар тогтнолд маш аюултай. Өнөөдөр Монголд гадны дайсан ирж халдан сөнөөх аюул арай хол байна. Харин хууль хэрэгждэггүй, авлигад автсан зэрэг дотоод байдал нь мөхөөж мэдэхээр байна. Эрх мэдэлтэй хүн л авлигын асуудалд ойрхон байдаг. УИХ олонхоороо шийдвэр гаргадаг учраас ганц гишүүнд авлига өгөөд үр дүнд хүрэх боломж нь хязгаарлагдмал шүү дээ.

-Байнгын хороогоор нь авлига өгөөд лоббидчихдог юм биш үү?

– Тийм зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ магадлал бага. Гол нь гарын үсэг зурдаг, шийдвэр гаргах  эрх мэдэл дагаж л авлига авах, өгөх магадлал өндөр.

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах цаг болсон гэж ярьдаг нэг хэсэг байхад нөгөө талаас “Засгийн газраас гарах саналыг түрүүлж гаргасан намын нэр хүнд унана” гэсэн таамаглал дэвшүүлдэг хэсэг ч бий. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ бол олонхийн шийдэх асуудал. УИХ-д аль нам олонхи байгаа билээ, тэд санаачлагыг гартаа авах учиртай. Тэгэхээр хөзөр Ардын намд, Ерөнхий сайдад байгаа гэсэн үг.

-УИХ-ын 20 гишүүн Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Тэнд таны нэр ч буй. Энэ шаардлагыг Засгийн газрыг шүүмжилсэн, улмаар хөдөлгөх, огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хандлага гэж хүлээж авч байгаа хүн ч цөөнгүй. Тухайлбал таны хувьд асуудал зөвхөн Оюутолгойн гэрээнд  байна уу, эсвэл?

-УИХ-ын зарим гишүүн уг бичгийг төлөвлөн, “Та гарын үсгээ зурах уу” гээд явж байсан. Би дэмжээд, гарын үсгээ зураад явуулсан. УИХ-ын 57 дугаар тогтоолыг биелүүлэх шаардлага тавьсан байгаа. Энэ бол зарчмын шаардлага. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Аль нэг нам, хэн нэгэн улстөрч зогсоох гэвэл бүтэхгүй нь ойлгомжтой. Гол нь улс орны эрх ашгийг бодсон өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ер нь 30 жилийн хугацаа, 34 хувь арай л хэтэрсэн боломж биз дээ. Үүнийг дараагийн УИХ, Засгийн газар засна биз гээд орхиж болохгүй. Тийм л утгаар ойлгож дэмжсэн. Улс төрийн зорилго байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний хувьд зөвхөн Оюутолгойн гэрээний асуудалд л гарын үсэг зурсан.

-Олон нийтэд бол өөрөөр харагдсан?

-Олон нийт тун мэдрэмжтэй. Засгийн газрыг огцруулах асуудлыг 19 гишүүний гарын үсэг зурсан тохиолдолд хэлэлцэж болдог. Гэтэл 20 гишүүн зурчихаад байгаа болохоор хардсан байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч энэ удаа миний гарын үсгээ зурсан тэр шаардлагад Засгийн газрыг огцруулах гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Тиймээс асуудал ойлгомжтой. Харин цаашид асуудал яаж өрнөхийг таашгүй.

-Уг нь  манайд мөнгө хө­рөнгөний боломж нь байдаг бол өнөөдөр ч 34 хувиа 50 хувь болгох боломжтой гэрээ шүү дээ?

-Монголын газар нутагт энэ баялаг байгаа учраас мөнгө төлөхгүйгээр 50 хувиа эзэмших эрхтэй гэж би боддог. Яахаараа бид өрөнд орох ёстой юм бэ. Африкийн Ботсванад ямар ч мөнгө төлөхгүйгээр эзэмшдэг юм билээ. Хайгуулын зөвшөөрлийг ашиглалтынх болгохдоо төрийн мэдлийн хувиа  50 хүртэл тогтоодог юм билээ. Оюутолгойн төсөл бол дэндүү өндөр ашигтай. Үүнийг би, бид биш, зах зээл өөрөө хэлээд байгаа юм.

-Тэгвэл Тавантолгойн гэрээний асуудлыг хэлэлцэхгүй удаж байгаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гээд буцаасаныг та юу гэж үзэж байна вэ?

-Бидэнд Оюу-Толгойн гэрээг байгуулахад гаргасан алдаагаа давтах эрх байхгүй. Иймээс “долоо хэмжиж нэг огтлох” гэдэг зарчмыг барьж хэлэлцэх ёстой юм. Тендерт шалгарагчдаас бэлэн мөнгө авч сонгуулийн өмнө мөнгө тараах гэж Засгийн газар яарч байна. Үүнээс өөр яаруулах шалтгаан байхгүй. Үнэн чанартаа  энэ орд газрыг хэдэн жил ашиглаад нөөцийг нь дундруулж л байгаа шүү дээ. Орон нутгийн өмчит “Таван толгой” ХХК гэхэд л өөрт ногдох талбайн нөөцийг олборлоод дуусч байна. “Энержи Ресурс” компани гэхэд л энэ ордын Ухаа худагийн нөөцийг маш эрчимтэй олборлож байгаа. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн хэсгийн нүүрсийг олборлон, өмнөд хөршийн төрийн өмчит нэгэн компанитай нүүрс худалдах, худалдан авах онцгой эрхтэй урт хугацааны  гэрээ байгуулаад зөөж эхэлсэн. Тэгэхээр ордын ашиглалт борлуулалт маш эрчимтэй явж байна. Харин өнгөрсөн долоодугаар сард Засгийн газар энэ ордын нэг хэсгийг гадны хөрөнгө оруулагчдад ашиглуулах талаар маш ойлгомжгүй шийдвэр гаргаж хэвлэлээр мэдээлсэн. Хятадын “Шинхуа” 40 хувь, Америкийн “Пибоди” 24 хувь, Оросын Төмөр зам болон Монголын тал нийлээд 36 хувь гэсэн чухам юуны, ямар хувь яриад байгаа нь мэдэгдэхгүй тоонууд бүр ойлгомжгүй байдлыг бий болгож эргэлзээ төрүүлсэн. Ямар шалгуур үндэслэлээр юуны хувь тогтоочихов, бусад сонирхсон хөрөнгө оруулагчдыг ямар үндэслэлээр хасчихав. УИХ-аас баталсан “Орд газрын эзэмшлийн 100 хувь, ядаж 51-ээс дээш хувь хэмжээ нь Монголын төрд байх ёстой” гэсэн хууль, тогтоолын үндсэн зарчим юу болов…гэх мэт олон асуулт гарч ирсэн. Засгийн газрын дээрх мэдээлэлтэй зэрэгцэн Япон, Өмнөд Солонгосын албаны хүмүүс “Биднийг яагаад хасчихав” гэдэг асуудлыг Гадаад харилцааны яамны шугамаар Засгийн газарт болон УИХ-ын гишүүдэд тавих болсон. Засгийн газар компанийн нэр тоо, хувь хэмжээ тавиад мэдээлэл хийхээр тэнд нэр нь ороогүй компаниудын нэр дуулдахад тендерт нь оролцогчид гайхаж цочирдон хүлээн авах нь ойлгомжтой. Энэ мэт олон асуудлаас болоод Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газрын төслийг буцаасан нь зөв. Хэрэв төсөл тийм байдлаар УИХ-д орж ирсэн бол хүндрэлтэй олон асуудал үүснэ.

-УИХ-ын нэг гишүүн Засгийн газар авилга өгсөн хэмжээгээр нь хувь хэмжээ тогтоосон байна гэж ярьсан. Тендерт Япон, БНСУ-аас оролцогчид үүнийг тооцоогүйгээс болж хасагдсан гэж ойлгож болох уу. Мөн таныг Япон, Солонгосын багуудын лоббиг удирдаж байна гэдэг?

-Засгийн газрын зарим сайд, ажил хариуцсан хүмүүсийн яриагаар Япон, Өмнөд Солонгосыг хасаагүй гэж хэлээд байгаа. Тэгээд ч манай дарга нар албан айлчлал хийж, юм гуйх үедээ тэднийг стратегийн түнш, гуравдагч хөрш. Бараг та нараас сайн хүмүүс байхгүй. Тавантолгой төсөлд оролцооч гэж урьж залаад өндөр түвшний албан мэдэгдэл хүртэл гаргасан байдаг. Уг нь төрийн ажилд үг, үйлдэл хоёр ингэж хол зөрж болохгүй. Би лобби хийсэн юм байхгүй. Японы Элчин сайд “Уг төсөлд Японы талыг оролцуулахад дэмжлэг үзүүлээч” гэсэн бичгийг бүх гишүүдэд ирүүлсэн юм билээ. Авилгын тухайд нүдээр хараагүй болохоор мэдэхгүй юм. Харин Японы нэр хүндтэй, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компаниуд бол авилга мэтийн бохир зүйлтэй холбогдохгүй. Тэдний ёс зүй бидний төсөөлж байгаа шиг биш. Солонгосчуудын хувьд би сайн мэдэхгүй юм. Хэр зэрэг чансаатай компани, хүмүүс тендерт орж ирэв гэдгээс хамаарах болов уу.

-Та Япон орон, тэдний улстөрчидтэй тун ойр дотно харилцаатай байдаг. Монголд цөмийн хаягдал булах талаар гэрээ хийсэн манай зарим улстөрчийн “но”-г дэлгэсэн Японы “Майничи” сонины нийтлэлийг үзсэн үү. Энэ талаар тэдний улстөрчид юу гэж ярьдаг вэ?

-Би “Майничи” сонины нийтлэлийг бүрэн эхээр нь уншсан. Цөмийн хаягдлыг байршуулах газрын байршлыг хүртэл нэртэй нь тодорхой бичсэн байсан. Ер нь энэ яриа огт үндэслэлгүй юм биш. Ураны зөвшөөрөл эзэмшдэг, улс төрийн нөлөө бүхий, шунал нь хэтэрсэн  хүмүүсийн мөнгө хөрөнгөө арвижуулах гэсэн оролдлого байхыг үгүйсгэхгүй. Цаг хугацааны явцад тодорхой болох биз ээ. Уг нь Монгол Улс “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээ”-нд нэгдэн 1992 онд “Цөмийн зэвсэггүй бүс” гэдгээ зарлаж энэ төрлийн зэвсгээс ангид байх тухай хуулийг 2000 онд баталсан байдаг.

-Тус сониноос гадна Wikiliks, CNN хүртэл мэдээлснийг үгүйсгэхэд хэцүү л юм. Үүнд монголчууд эс боловч дэлхийн олон нийт итгэнэ. Тухайлбал таны хувьд тэнд нэр дурьдагдсан хүмүүсийг үнэхээр ийм гэрээ байгуулсан гэж үзэж байна уу. Байгуулсан бол яах вэ?

-Тэгэхээр яриа хэлцэл явж байсан гэдэг нь бараг тодорхой гэсэн үг. Япон улсын Фүкүшима станцын осол цөмийн станцын аюул, хор хөнөөлийг дэлхий нийтэд сануулж том сургамж өглөө. Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Япон улсад Фүкүшима станцын асуудлаа шийдэж чадахгүй байна гэдэг шалтгаанаар Ерөнхий сайд нь огцорсон. Эх орондоо энэ аюулыг бий болгох талаар ярьж явсан хүмүүстэй ямар хариуцлага тооцохыг харж л байя.

-АТГ-ын даргын асуудал, Сонгуулийн тухай хууль, төсвийн тодотгол, Тавантолгойн асуудал гээд шийдвэр нэхсэн олон асуултыг орхиод амарч байгаа УИХ-д иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ УИХ ч, спикер ч дэндүү хариуцлагагүй байгаа юм биш үү?

-Санал нэг байна. Хангалттай амарцгаалаа. Ээлжит бус чуулган зарлаад даруйхан Сонгуулийн тухай хууль, төсвийн тодотгол хоёрыг хэлэлцчих хэрэгтэй. Удаан, ойлгомжгүй байна. Бид дээр авилга ноцтой түвшинд байгаа талаар ярьсан. Энэ байгууллагын даргыг даруй томилох ёстой.  Би өмнө нь бизнесийн салбарт олон жил ажилласан. Төрийн ажлын хурд бизнесийн хурдыг гүйцдэггүй хэвээрээ байна. Хэрэв бизнесийн байгууллага төр шиг хурдаар ажилладаг бол амархан дампуурна шүү. Гэтэл төр бол дампуурдаггүй. Дампуурсан ч түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй юм байна. Төрийн байгууллагад ажиллах, бизнес хийхийн хооронд байгаа нэг том ялгаа нь энэ бололтой.

-Ярилцсанд баярлалаа

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж