Багануурт “Иргэний танхим” үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Багануурт “Иргэний танхим” үүдээ нээлээ

Монгол Улсын иргэд төрийн аливаа шийдвэр, хууль тогтоомжид нөлөөлөх, тэдгээрт эрх ашгаа тусгах, оролцоогоо нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх зорилготой “Иргэний танхим”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх санаачилсан билээ. Энэхүү санаачилгыг дэмжиж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд Багануурт дүүрэгт “Иргэний танхим” байгуулснаа өчигдөр хүлээлгэн өглөө.

Иргэдийн үзэл бодлоо төрд илэрхийлэх эрх чөлөөг олгох, ингэснээрээ ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох “Иргэний танхим”-ын туузыг хайчлах үеэрээ Л.Болд “Монголчууд бид сүүлийн 20 жил үсрэнгүй өөрчлөлтийг бий болгож байгаа. Нам төртэй нийгмээс төр төвтэй нийгэм байгуулах том хувьсгалыг бид хийсэн. Иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхол төрийн бүх шийдвэрт нөлөөлдөг, тусдаг байх шаардлагатай. Төрийн шийдвэр гаргах бүтэц гурван баганатай байх ёстой. Гурав дахь багана нь энэхүү иргэний танхим юм. Эрх мэдэл бүхий байгууллага, албан тушаалтнууд шийдвэр гаргахдаа иргэнээ орхигдуулж ирсэн. Энэ алдааг олж харж, залруулах нь зүйтэй гэдгийг бүгд хэлдэг, ярьдаг байсан ч арга нь өнөөг хүртэл тодорхойгүй байсан. Ерөнхийлөгчийн санаачилга болох “Иргэний танхим” Багануурт үүдээ нээлээ. Иргэний санал, дуу хоолой аливаа шийдвэр, журам, дүрэмд нөлөөлөх боломжтой боллоо” хэмээн хэлсэн юм. Иргэд энэ танхимаар дамжуулан асуудлаа шийдвэрлүүлж, мөн хүссэн мэдээллээ эндээс авч болно. Шаардлагатай бол Ерөнхийлөгчийг ч энэ танхимд урих боломжтой. Засгийн газрын төвшинд ч “Иргэний танхим” иргэнээ сонсох, үйл ажиллагаа, мэдээллээ хүргэх томоохон тогтолцоо болж буйг Л.Болд онцолж байлаа.

Багануур дүүргийн “Иргэний танхим”-ын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын холбогдох ажилтнууд болон дүүргийн удирдлагууд мөн оролцсон юм. Нээлтийн үеэр тус танхим анхны хэлэлцүүлгээ иргэдийн дунд явуулсан байна.

“Иргэний танхим”-ын нээлттэй зэрэгцэн бас нэг үйл явдал болсон нь Багануур дүүргийн Ардчилсан нам шинэ байраа ашиглалтад хүлээн авсан юм.

З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж