Оюутолгойн гэрээтэй дахин ноцолдох уу

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гэрээтэй дахин ноцолдох уу

“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий за­хирал Камерон МакРей Австралийн “Thе Australian” сонины энэ сарын 12-ны дугаарт “Рио монголчуудад анхааруулга өглөө: Шуналтах хэрэггүй” гарчигтай нийтлэл хэвлэгдсэн гэх асуудал дуулиан тарилаа. “Үнэхээр тэгж хэлсэн бол манай улсын нэр хүндэд ноцтой хохирол учирна” хэмээн хийрхцгээж эхлэв. Харин ноён МакРей өөрөө “Дисковер Монголиа” чуулганы үеэр тавьсан илтгэлдээ “шунал” гэдэг үгийг огт хэрэглээгүй гэж мэлзсээр. Эцэст нь Австралийн сонины “алдаа” болж таарав. “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх ерөн­хий захирал Камерон МакРей уг нийтлэлийн гарч­гийг залруулахыг Авст­ралийн “Thе Australian” со­ни­ноос хүсч, “Монголын эрдэс баялгийн салбарт анхааруулга өглөө” болгон өөрчилжээ. Гарчиг өөрчлөх нэг хэрэг. Харин МакРей илтгэлдээ юу гэж хэлсэн бэ гэдэгт гол учир буй. Яагаад гэвэл илтгэлдээ үнэхээр “Монголчууд шу­налтай” гэсэн агуулга бүхий үг, үсэг байгаа бол яаж ч залруулах аргагүй.Монголчууд үүнийг “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” хэмээн тун ойлгомжтой зүйр үгээр илэрхийлж, үеийн үед хэлж сургасаар ирсэн. Тэгвэл МакРей ам алдаж уу, үгүй юү. 

Түүний илтгэлд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ харилцан үр ашигтай, эрх тэгш байдлыг хангасан гэрээ болсон. Тиймээс үүнд өөрчлөлт оруулах нь гадаадын хөрөнгө оруулагчдад таагүй сэтгэгдэл төрүүлж, тогтворгүй байдлаараа тэднийг үргээж мэднэ. Цаашилбал гэрээг өөрчлөх тухай ярьж, хийж буй зарим хүний үйлдэл  Монгол Улсын хөгжил дэвшилд эрсдэл учруулж мэднэ гэдгийг л анхааруулсан аж.

Ямартай ч МакРейн илтгэлийг чихээр сонссон, нотлох гэрчүүд хангалттай байгаа боловч монголчууд бүгдээрээ “Дисковер Монголиа”-д оролцоогүй болохоор чухам юу ярьсныг мэдэхийг хүсч буй. Тэгж байж зөв, бурууг олно. Тиймээс “Оюутолгой” ХХК “Facebook”-т ерөнхий захирлынхаа илтгэлийг нийтэлжээ.  Одоо Facebook, Twitter-т байрласан илтгэлийг дэлхийн хаанаас ч, хэн ч уншиж болох нь.

Камерон МакРэйн илтгэлд “Монгол улсын хувьд хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байна. Гэхдээ энэ итгэл нь хууль, эрх зүйн тогтвортой байдлыг шаарддаг. Оюу Толгойн гэрээнд 2009 онд гарын үсэг зурснаар монголчууд эдийн засаг, бизнесийн нээлттэй, тогтвортой улс болохыг зорьж байгааг дэлхий нийтэд тодорхой харуулсан юм. Энэ нь ч бодит байдал дээр биелэлээ олж байна.

Дээрх гэрээ болон тогтвортой байдлыг хангах Монгол Улсын амлалтад итгэсний үндсэн дээр Рио Тинто хөрөнгө оруулах шийдвэрээ гаргасан билээ. Баяжмалын эхний ачилтаас өмнө долоон тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байсныг та бүхэн санаж байгаа байх. Оюу Толгойн хөрөнгө оруулагчдын тухайд тийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, уул уурхайн хамгийн том төслийг санхүүжүүлэхэд итгэлтэй байхын тулд Хөрөнгө оруулалтын гэрээ хийх зайлшгүй шаардлагатай болсон. Үүний үр дүн нь Монгол Улсад ихээхэн ач холбогдолтой болж, дэлхийн түвшний төслүүдийг, тухайлбал Таван Толгойн IPO гаргах, дэд бүтэц болон аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлэх сайхан боломж бүрдэж байна. Эдийн засаг бодитойгоор өсч, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр ажлын байр ч нэмэгдэх боломжтой болж байна.

Гэхдээ Монгол Улсын эдгээр зорилт, гэрээнүүдийг өөрчлөхийг зорьж буй хэсэг бүлэг хүний алхам нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулах эрсдэлтэй юм. Тэд уг гэрээг өөрчлөх шаардлага тавихын хамт ажлын байртай болсон монголчуудад, үндэсний бизнес эрхлэгчдэд тулгарах эрсдэлийг хэрхэх тухайд хариулт өгөх ёстой гэж үзэж байна. Монгол Улсад ийм байдал үүсэхгүй бөгөөд тогтвортой байдлаа хэвээр хадгалж, хууль ёс дээдэлж, удаан хүлээсэн эдийн засгийн амлалтаа бодитойгоор биелүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэсэн байна.
Ердөө л энэ. Мөн ноён МакРей “Бид ОюуТолгой төслийг Монголчуудад хамгийн үр өгөөжтэй байхын төлөө бүхнийг дайчилж байна. Өөрөөр хэлбэл энэ нь илүү их хөрөнгө оруулалт, эдийн засгийн хүчтэй өсөлт, Монголчуудад өндөр үнэ цэнэтэй ажлын байр бий болгох явдал юм. Ийм өсөлтийг хангахад тогтвортой байдал хамгийн чухал бөгөөд ингэснээрээ хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээдэг билээ” хэмээн сануулсан байгаа юм. Энд “Монголчууд шуналтай” хэмээсэн үг, үсэг алга. Тэгэхээр цаашид яах вэ.

Оюутолгой төслийн ажлыг зогсоогоод гэрээндээ өөрчлөлт оруулахаар хэлэлцээрийн ширээний ард  дахин суух уу. Эсвэл МакРейг тэгж хэлсэн л байж таарна гэж хардсаар хөөж явуулах уу. Үр дүн нь юу байх вэ. Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтөд ямар ашигтай вэ. Тэгэхээр “Гэрээг өөрчлөхийг шаардаж буй хүмүүс Оюутолгойд ажиллаж байгаа монголчууд, бизнес эрхлэгчдийнхээ өмнө эхлээд хариуцлагаа хүлээх ёстой” гэсэн МакРейн мэдэгдлийн агуулга зөв байгаа биз. Тэгвэл шаардлага тавьсан 20 гишүүн үүнээс үүдэн гарах эрсдэлийг хэрхэх тухайгаа хариулт өгөх чадвартай юу. Тийм том хариуцлага хүлээх субъект мөн үү гэдэг нь бүр ч эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл одоогийн Оюутолгой өмнөх 10 жилд популизм хийж тоглож байсан бөмбөг биш болчихоод байна. Зүйрлэвээс маш хүчтэй “тэсрэх бөмбөг” болсон гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй болов уу. Хэрэв энэхүү тэсрэх бөмбөгөөр наадах аваас ирээдүйн их хэмжээний хөрөнгө оруулалт, манай улсын нэр хүнд, Монголын төрд итгэх итгэлээр тоглосон хэрэг болно.

Дашрамд дурьдахад Авст­ралийн сонины андуу мэдээлэл ба МакРейн хоорондын харилцаанд “санаа зовних” хэрэггүй. Камерон МакРей өөрөө австрали хүн. Ажлын гараагаа ч Австрали дахь “BHP” компанид худалдааны ажилтнаар орсноос эхэлсэн.  Шинэ. Гвиней, Тайвань, Зимбабве улсаар болон нутгийнхаа сор болсон томоохон компаниудад олон жил ажиллаж хуримтлуулсан туршлагаараа улсынхаа бахархал болсон “Сео” гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр Оюутолгойн гэ­рээтэй дахин “ноцолдох уу, үгүй юү” гэдэг асуудал л анхаарал татна уу гэхээс биш, МакРейн илтгэлийн орчуулгатай “зодол­доод” үр дүн гарахгүй болов уу.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж