Д.Тэрбишдагвыг баривчлахгүй юм уу

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Д.Тэрбишдагвыг баривчлахгүй юм уу

Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлийн Ажлын ал­баны дарга Б.Хурцад холбогдох хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур нь УИХ-ын  гишүүн Д.Тэрбишдагва юм биш үү. Тухайн үед Д.Энхбат агсныг баривчлах үед Монгол Улсаас ХБНГУ-д Элчин сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг баривчилж, Б.Хурцын  шүүх хуралд гэрчээр татан мэ­дүүлэг өгүүлээч ээ. Аль эсвэл УИХ-ын гишүүн учир тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгөхгүй байх бүрэн эрхтэй юм уу. Ингэж хэллээ гээд түүнийг “Улсын нууц задруулсан” гэсэн юм биш. Байх магадлалтай хүмүүсийн тоонд зүй ёсоор орно л гэж байгаа юм. Учир нь тагнуулын нууц үйл ажиллагаанд оролцсон, оролцож буй, оролцох гэж байгаа гүйцэтгэх ажилтнуудын нэрсийг ул­сын нууцын зэрэглэлд хамруулдаг. Тиймээс Д.Энх­бат агсныг баривчлах нууц ажиллагааг гүйцэтгэсэн ажилт­нуудын нэрсийг тэр үед хариуцлагатай алба хашиж байсан хүмүүс л мэдсэн байх ёстой болж таараад байгаа юм. Харин тэр үед УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хариуцлагатай алба хашиж байсан уу гэвэл, тийм. Тэрбээр ХБНГУ-д Элчин сайдаар ажиллаж байсныг дээр дурдсан.  

Уг нь улсын нууц задардаггүй байсан бол олны нэрлэж заншсанаар “Б.Хурцын хэрэг” гэгч үүсэхгүй. Тэр хүн ажлаа хийгээд явж болох л байсан. Мэдээж УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ч ийнхүү хардлагад өртөхгүй байсан. Д.Энхбат агсныг  С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн Францаас Бельги, Германы нутгаар дамжуулан эх оронд нь авчирсан нууц ажиллагаа олон улсад ил болсон учраас л Монголын төр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцаар “туг тахиж” нэрийг нь зарласан байдаг. Үүнээс болж монголчууд хоёр талцаж, оюун ухааны ямар дайнд хүрсэн хийгээд улсаас хэчнээн төгрөгийн зардал гаргасныг хэлэхэд бэрх. Энэхүү ажиллагаанд Б.Хурцаас гадна хэдэн хүн оролцсон нь хүртэл тодорхой болсон. Тиймээс түүнтэй хамт нууц ажиллагаанд оролцсон тагнуулчдыг илрүүлэхээр Английн тагнуулын албаныхан энд ирсэн гэх мэдээлэл цацагдаж, монголчуудыг түгшээж байсан нь саяхан. Тэгэхээр түүний оронд  хэн ч золиос болж болох л байсан биз. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох хил дамнасан хэрэг үүсээд хоёр жилийн ойтойгоо золгох гэж байна. Гэтэл энэхүү нууц ажиллагаанд оролцсон тагнуулчдын нэрийг хэн  юуны учир ил болгосныг одоо болтол оньсого, таавар мэт амны зугаа болгон олон нийт хэлэлцэж л байдаг. Харин улсын нууцыг хэн гэгч этгээд ямар зорилгоор задруулсан нь холбогдох албаных нь хүмүүсийн сонирхлыг төдийлөн татахгүй байсаар өнөөдөртэй золголоо. Энэ асуудлын учрыг олох ёстой Тагнуулын ерөнхий газрын дарга нь “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нууц ажиллагаатай холбоотой мэдээллийг мэдээлснээс болж улсын нууц задруулсан байх магадлалтай” гэсэн утгатай зүйл ярьж байх жишээтэй. Гэтэл өнгөрсөн жил УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайханыг  УИХ-ын даргын ОХУ-д хийх айлчлалтай холбоотой баримтыг БНХАУ-д дамжуулсан учир “Эх орноосоо урваж, улсын нууц задруулсан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн” гэх үндэслэлээр таван жил ял эдлүүлэхээр болсон. Үүний өмнө түүний задруулсан гээд байсан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдийнэ нийтэлсэн байсан гэж ярьж л байсан юм даа.    

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж