Б.Сэр-Одыг хүлээн авч, уулзав

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Одыг хүлээн авч, уулзав

Монгол Улс хөнгөн атлетикийн спортоор дэлхийн дэвжээнд амжилт гаргах эхлэлээ тавилаа. Энэхүү спортоор дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгах анхны тамирчин нь марафон гүйлтийн тамирчин, ОУХМ Б.Сэр-Од болж байна. Тэрбээр саяхан болсон 13 дахь удаагийн хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд марафон гүйлтийн төрлөөр оролцон 20 дугаар байр эзэлж, Монголынхоо амжилтыг ахиулсан билээ. Түүнтэй 2007 оноос хойш хамтран ажиллаж байгаа “Бодь” группийн удирдлагууд өнөөдөр түүнийг хүлээн авч, уулзан амжилтыг нь үнэлэн, цаашид хамтран ажиллахаа илэрхийлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. Шагналыг “Бодь” группийн гүйцэтгэх захирал Н.Нацагдорж гардуулан “Хөнгөн атлетикийг спортын “хатан хаан” гэдэг. Хөнгөн атлетик хүнээс асар их тэсвэр тэвчээр шаарддаг спорт. Ялангуяа холын зайн гүйлт, марафоны төрлүүд. Манай улсаас энэхүү спортоор амжилт гаргаж байгаад талархал илэрхийлж байна” гэсэн юм. 

Б.Сэр-Одын энэхүү амжилт олон улсын марафон гүйлт зохион байгуулагчид болон дэлхийн хэмжээний томоохон дасгалжуулагчдын анхаарлыг татаж, Монгол хүний тэсвэр хатуужил, хурд хүчийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч эхэлжээ. Монголчууд дэлхий дахинаа бөх, тулаан, оюуны спортоор үнэлэгдээд байсан бол хурд, тэсвэр тэвчээр шаардсан хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрлөөрөө мөн танигдаж эхэллээ. Б.Сэр-Од олон улсын нэр хүндтэй томоохон тэмцээнүүдэд оролцож, өндөр амжилт үзүүлэх болсон нь хойч үе, залуу тамирчдад үлгэр жишээ болж байна.

Б.Сэр-Од 2012 оны Лондон хотноо болох 30 удаагийн олимпод оролцох эрхээ өнгөрсөн дөрөвдүгээр сард хангасан юм. Тэрбээр өмнө нь 2004 оны олимпод урилгаар, 2008 оны Бээжингийн олимпод эрхээ авч оролцож байлаа.

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж