“Хангай” цогцолбор сургууль нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

“Хангай” цогцолбор сургууль нээлтээ хийлээ

Нийслэлийн Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 2-р байр нь Японы “Жайка“ байгууллагын хөрөнгө оруулалтаар 160 хүүхдийн суудалтай 4 анги танхимд 3 ээлжээр хичээллэдэг байсан юм. 10 бүлэгт 340 сурагчтай хичээллэж, ахлах ангийн сурагчдыг хичээлийн 1-р байранд унаагаар зөөвдөг байсны улмаас 2009 онд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 70-р тогтоолоор БСШУЯамны санхүүжилтээр “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 2-р байранд 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлсэн билээ. Шаардагдах хөрөнгө шийдвэрлэгдэн зураг төсөв нь  бэлэн болж  2010 оны 7-р сарын 19-нд сургуулийн шав тавьж одоо ашиглалтад ороод байна.

468 сая төгрөгийн өртөг бүхий  “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 2-р байрны  өргөтгөлийн барилга 2011 оны 8-р сарын 15-нд дуусаж ашиглалтад хүлээлгэж өгч хичээлийн үйл ажиллагаа эхлүүлсэн. 2011.09.15-ны билэгт сайн өдөр хичээлийн шинэ байрны нээлтээ хийж нээлтэд УИХ-ын Нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хороон дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр болон дүүргийн удирдлагууд оролцлоо.

Уг өргөтгөл ашиглалтад орсноор анги бүлгийн хичээллэх  ээлжийн тоог бууруулж, дүүргийн хүүхэд багачуудад ерөнхий боловсролын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх, ажиллах, сурч хөгжих орчин нөхцөл улам сайжрахад  бодитой дэмжлэг болж байгаа юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж