Германд суурьшаад гурван жилийн нүүр үзэх гэж буй. Нэгэн үе “секс
симбол” хэмээх өргөмжлөл авч, залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж
явсан тэрээр нэг л өдөр Клаус хэмээх герман эртэй ханилж, харьд
бэрлэсэн. “Хан брой” шар айраг үйлдвэрлэж, монголын анхны тансаг
зэрэглэлийн “Брау хаус” орон сууцны байшин барьж Монголын бизнесийн
ертөнцөд цахиур хагалж явсан ноён Клауст хатагтай О.Энхтуул хүү охин
хоёр төрүүлж өгсөн. Ханилаад 16 жилийг ардаа үдэж буй хосууд гурван
жилийн өмнө хүүхдийнхээ боловсролын төлөө Герман орныг зорьсноор
Монголын тайз дэлгэц нэгэн сайхан жүжигчнийхээ орон зайг алдсан. Наадмын
дараахан эх нутагтаа амрахын хажуугаар уран бүтээлийн урилгатай ирсэн
хатагтай О.Энхтуул Германд очоод жинхэнэ гэр бүлийн аз жаргал, эмэгтэй
хүний оршихуйгаа мэдэрч байгаагаа бидэнтэй хуваалцсан юм. Түүний яриаг
анхлан хүргэж байгаадаа таатай байна.
амьдарч байгаа жүжигчнээ уншигчидтайгаа уулзуулж байгаадаа баяртай
байна. Эх орондоо газардсан сэтгэлээсээ хэваалцаач. Мэдээж санаж байгаа
байх?
-Маш сайхан сэтгэгдэл төрж байна. Эх орондоо ирэх шиг
сайхан юм байдаггүй. Хэдийгээр тэнд хайртай дотны хүмүүс маань дэргэд,
нөхөр хүүхдүүдтэйгээ дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдарч байгаа ч
нэг л юм үгүйлэгдээд байдаг. Яг юу дутагдаад байгааг хэлж мэддэггүй, тэр
нь эх орон л юм билээ. Өдөр тутам санаж, санаашраад байхгүй ч дотоод
ухамсартаа үнэхээр их санадаг. Эх орны минь агаар, ус, байгаль, хоол унд
бүхий л юм зөвхөн надад зориулагдсан. Яагаад гэвэл би энэ хөрс шороонд
төрж өссөн. Энэ бүхнийг их үгүйлнэ. Яг онгоц газардаад эх нутгийнхаа
агаарыг амьсгалахад өөрийн эрхгүй нулимс мэлмэрсэн. Хүмүүсээс ичихдээ
нулимсаа залгиад өнгөрсөн дөө. Герман явснаасаа хойш хоёр жил ирээгүй
байж байгаад түрүү зун ирсэн. Үндсэндээ жилийн дараа дахиад буулаа.
-Мэдээж амрах зорилгоор ирсэн байх. Бас кинонд тоглох урилгаар ирсэн гэсэн?
-Германы
сургуулиуд найман сарын эхээр амардаг юм. Хүүхдүүдээ эх оронд нь
амраая, найзуудтай нь уулзуулъя гэж бодож зуны дэлгэр цагт ирдэг юм. Энэ
жил амрахын хажуугаар уран бүтээлийн зорилгоор нөхөр, хүүхдүүдээсээ
түрүүлж ирчихээд байна. Телевизийн олон ангит кинонд тоглох урилга
авсан.
-Нөхөр, хүүхдүүд тань араас ирэх юм байна. Хэзээ буцах вэ?
-Манай хэд арав хүрэхгүй хоногийн дараа буцна. Сайхан амарч аваад есдүгээр сарын эхээр буцна.
-Гэнэтхэн
л жүжигчин О.Энхтуул тайзан дээрээ харагдахаа болиод алга болчихсон.
Зарим нь таныг харь нутагт амьдарч байгааг ч мэдэхгүй. Ямар учраас
Герман явах болов оо, эх орондоо байж болоогүй юм байх даа гэх хүмүүс
цөөнгүй байдаг?
-Хүн болгон л янз бүрээр хүлээж авч байгааг
би мэдэрч байгаа. Би герман нөхөртэй. Бид хоёрын дундаас хөөрхөн хүү,
охин хоёр төрсөн. Амьдралын эх замд хувь заяа нийлж, хүлгийн жолоо
залсан. Хүүхдүүд маань энд төрж, герман хэл, соёлыг нь сургая, тэнд
боловсрол эзэмшүүлье гэсэн зорилгоор ажлаа, уран бүтээлээ орхиод явсан.
Гурван жил болчихлоо. Хүүхдүүдээ арван долоо, найм хүртэл нь тэнд
байлгаж байгаад, насанд хүрээд биеэ даагаад ирэхээр нь эх орондоо ирж
амьдарна.
-Гурван жил гэдэг бага биш хугацаа. Хүний нутагт хэр идээшиж байна?
-Бидний
амьдарч байгаа хот их цэгцтэй, цэвэрхэн, агаар сайтай газар. Хоол нь
надад зохихгүй байх даа гэж боддог байсан. Би маханд нэлээн дуртай л
даа. Германчууд ч ялгаагүй мах их иддэг улсууд байна лээ. Янз бүрээр
боловсруулаад идэж байна. Амьдрах орчин нь цэвэрхэн, ард түмэн нь
элэгсэг, найрсаг, гадны хүн гэж ялгахгүй. Герман орон надад таалагдаж
байгаа.
-Та өдөр тутамдаа юу хийж байна?
-Очоод
хэлний курст явсан. Өглөө наймд яваад өдөр 12 хагаст ирнэ. Ирээд
хүүхдүүдийнхээ хоол ундыг хийгээд хичээл сургуулиас нь авч, даалгаврыг
нь хийлгээд дуусчихдаг. Хүүхдүүд багаасаа энд байсан болохоор герман
хэлэндээ сайнгүй. Эмэгтэй хүн, ээж хүн гэр бүлдээ ямар үүрэг хүлээдэг
билээ, жинхэнэ утгаар нь хүлээж, биелүүлж байна даа. Энд байхдаа ажил
ихтэй байсан болохоороо гэрийн ажлаас нэлээд холдчихсон байсан. Тэнд
очоод нүүр тулаад ирэхээр эмэгтэй хүний цаад натураар хэзээний гэрийн
сайн эзэгтэй шиг хоолоо хийгээд, хогоо арилгаад л явчихсан.
-Уран
бүтээлчийн ажил гэдэг цаг наргүй цээж мэрсэн хөдөлмөр. Залуугаасаа
амьдралын хурдтай хэмнэл дунд байсан таны хувьд тэнд очоод нэг бодлын
амьдралаас тайм-аут авч өөрийгөө сонсч, өөртэйгээ ажиллах боломж олгож
байгаа байх. Тийм үү?
-Та яг онож хэллээ. Очсоныхоо дараа
хэсэг эвгүй байх үедээ өдрийн тэмдэглэл бичиж эхэлсэн юм. Өдрийн
тэмдэглэлийн эхлэлд яг энэ тухай бичсэн байдаг. Хүн амьдралаас хааяа ч
болов “пауз” авч, өөрийгөө сонсч, мэдрэх цаг хугацааг өөртөө зориулах
ёстой юм байна гэдгийг тэнд амьдарсан гурван жил надад мэдрүүлсэн. Асар
өөр мэдрэмжийг би амьдралаас авч байна. Тэгэхдээ бүр сайхан мэдрэмж. Энд
байхдаа өглөө гараад үдэш гэртээ орж ирдэг, ажлаас өөрийг мэддэггүй
байсан бол тэнд очоод жинхэнэ эзэгтэйн амьдралаар хань, үр
хүүхдүүдтэйгээ ойр дотно амьдрах ямар сайхан гэдгийг мэдэрч байна. Гэр
бүлийн хайрын мэдрэмж шинээр төрж, нөхөр бид хоёр бие биенээсээ цоо шинэ
зан чанаруудыг олж харж, улам бие биедээ хайртай болж байна. Амьдралд
ховор тохиолдох торгон агшнуудын нэг юм даа.
-Өнгөрсөн гурван жилд О.Энхтуул гэдэг хүний хувьд хамгийн их өөрчлөгдсөн зүйл нь юу бол?
-Миний
дотоод мөн чанар их өөрчлөгдсөн. Энд байсан амьдралын дотоод хэмнэл
тэнд очоод орвонгоороо өөрчлөгдөж байгаа юм. Нөхөр маань намайг дасан
зохицож чадахгүй байх гэж айж байсан гэсэн. Гэтэл би маш хурдан,
хамелион шиг дасан зохицсон. Ер нь эмэгтэй хүн, ээж гэдэг талаасаа илүү
их өөрчлөгдсөн гэх үү дээ. Түүнээс биш Энхтуул гэдэг хүний ерөнхий зан
характер мэдээж өөрчлөгдөхгүй.
-Гэхдээ л уран бүтээлээ тайзаа үгүйлэх үе гарна биз. Эх орны чинь хувьд тайз чинь таныг юу юунаас илүүтэй үгүйлж байгаа?
-Үгүйлнэ
ээ. Тэнд өнгөрүүлсэн гурван жилд театраа, хамт олноо зүүдлээгүй өдөр
бараг байхгүй л дээ. Энэ бол хэзээ ч надаас салахгүй мэдрэмж юм билээ.
Театрт 18 жил ажилласан гээд бодохоор аргагүй л байх даа. Гэхдээ хүнд
амьдрал хэрэгтэй. Амьдралын гол үнэт зүйл, гол зорилго бол халуун дулаан
элэг бүтэн амьдрал бүтээн босгож, түүнээсээ амьдралын гоё сайхныг
мэдрэх шүү дээ. Эргээд бодоход тэр мэдрэмжийг мэдрэхгүй, ажил ажил гэж
гүйсэн он жилүүдийг энд үдсэн байдаг. Тийм ч учраас Герман явснаараа бид
хоёр маш том зөв алхам хийсэн гэж боддог.
-Ноён Клаус бол монголчуудад хэдийнэ танил, элэгсэг хүн. Энд эрхэлж байсан бизнесээ үргэлжлүүлж байгаа юу?
-“Хан
брой” шар айрагны үйлдвэр, “Брау хаус” маань байж л байгаа. Ерөнхийдөө
эдгээр бизнесээ үргэлжлүүлж байгаа. Бид хоёр суугаад 16 жил болж байна.
Нөхөр маань бараг монгол хүнээс өөрцгүй элгэмсэг сэтгэлтэй болчихсон.
Надаас илүү Монголыг санаж байна гэдэг хүн шүү дээ.
-Таны хадмуудтай “танилцаж” болох уу?
-Хадмууд
маань их сайхан хүмүүс байдаг. Хадам ээж маань зургаан жилийн өмнө өөд
болчихсон. Миний ээж бас таван жилийн өмнө талийгч болсон. Хоёр аав
маань байдаг юм. Хадам аав их сайхан ааштай, маш их хөдөлмөрч хүн. Ер нь
хөдөлмөрийн амтыг мэдэрсэн хүмүүс их сайхан ааштай, хүнийг ойлгохдоо
сайн байдаг юм биш үү. Тэгж анзаардаг болсон. Гэр бүлээрээ амралтын өдөр
хоолонд орно. Энгийн сайхан хүн бий.
-Хүүхдүүд нэлээн том болцгоосон байх?
-Том
нь 18, дараагийн хоёр нь 12, 13-тай. Том охин 10 дугаар ангиа
төгсчихөөд цааш нь үргэлжлүүлэн сурч байгаа. Хоёр жил сурчихвал их
сургуульд шалгалт өгөх боломжтой болно. Хоёр бага хэлээ их хурдан сурч
байгаа. Сая л гэхэд охин яриад ангийнхаа гурван сайн хүүхдийн тоонд
багтсан шүү, ээж ээ гэж байна. Хүүхдүүд хэл амархан сурдаг юм билээ.
-Эндэх
гэрээ түрээслүүлэхийг нь түрээслээд, зарахыг нь зарчихсан. Тэнд ахиад
долоон жил амьдрахаас хойш байр саваа байлгаад яахав гэж бодсон. Ер нь
амьдрал, байр орныг бий болгож, босгоход өчнөөн цаг хугацаа зарцуулдаг
хэрнээ алга болгоход алга урвуулахын төлий л хугацаа хэрэгтэй байдаг юм
билээ. Герман нүүнэ гээд байр саваа зараад, тавилга сэлтээ тараасан чинь
миний гэр дорхноо байхгүй болчихсон ш дээ/инээв/.
-Герман бол
хөгшин Европын нэг улс. Соёл, амьдралын хэв маягаараа биднээс тэс өөр.
Европын соёлд хатагтай О.Энхтуул хэр их уусч байна?
-Герман
бол мэдээж агуу их гүрэн. Наян таван сая хүн амтай. Бүх зүйл нь хүний
төлөө зориулагдсан газар. Тэр нь маш таалагддаг. Бусдаар ялгараад байх
сүйдтэй юм байхгүй. Хүний хөгжлийн хамгийн дээд төвшин рүү дөхөж яваа
гүрэн. Тэр утгаараа хүмүүс нь эргээд энгийн амьдрал, эх байгаль руугаа
тэмүүлж байна. Европчууд Монголын унаган байгальд хамгийн их дурладгийн
учир бол ердөө л энэ. Энэ нь их анзаарагддаг. Хөгжлийн тухайд мэдээж
ярих юм байхгүй, бүх юм нь цэгцтэй, бухимдах ямар ч шаардлага байхгүй.
Цаг сайн барина.
-Герман соёл, герман школ манайханд
харьцангуй ойр дөт. Тэнд сурч, хөдөлмөрлөж байсан хүмүүс цөөнгүй. Цаг
нарийн барьдаг, чанга гартай хүмүүс байдаг гэлцдэг. Танд хэр наалдаж
байна?
-Тэгж ярьдаг ч бодит амьдрал дээр өөр л дөө. Миний
танилцсан германчууд айхтар нарийн, хатуу чанга хүмүүс байгаагүй ээ. Бие
биенээсээ юу ч нээхгүй илэн далангүй. Манай хөгшин Европ гээд л ярих
жишээний.
-Таны нас болон уран бүтээлийн хувьд ид
боловсорсон, ааг омогтой хийж бүтээх нас. Шулуухан хэлэхэд манай театрт
таны насны, тань шиг нуруу туруу, царай зүс тэгш эмэгтэй жүжигчин бараг
байхгүй гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Энэ утгаараа та харь нутагт
амьдарч байгаа нь харамсалтай?
-Би харамсдаггүй юм аа. Харин
миний өмнөөс харамсах хүмүүс цөөнгүй байдаг. Найз нөхөд, ах эгч нар
маань хэлдэг. Мэдээж хөгширч байна. Ид ажиллах, уран бштээл хийх
насандаа явснаа би мэдэрдэг. Гэхдээ энэ миний л сонгосон амьдрал юм даа.
Бүгдийг би өөрөө шийдсэн. Би ер нь эргэж хургаж, харамсал гэмшил
тээгээд байдаггүй хүн. Маш олон урлагийн сургуулиуд байна, гадаадад
мэргэжил эзэмшсэн залуучууд урлагийн салбар луу орж ирж байна, миний
харснаар. Шинэ залуу чадварлаг жүжигчид олон төрж байгаа байх аа.
-Та
хэдийнээсээ гоо үзэсгэлэнгээрээ олныг бишрүүлж ирсэн бүсгүй. Өдий
насанд илүүдэл жингүй, оворгүй, гоо үзэсгэлэнгээ хадгалсаар яваагийн
нууц юу юм бол?
-Би германд очоод нэг хэсэг таргалсан. Гэнэт
ажилгүй болоод, суудлын хэлбэрт орчихоор жин өөрийн эрхгүй нэмдэг юм
байна лээ. Хөдөлгөөн их чухал гэдгийг мэдэрсэн. Долоо хоногт хоёр юм уу
гурван удаа аэробек хийхэд бие хөнгөрөөд сэтгэл сэргээд сайхан
болчихдог. Энэ тохиолдолд эмэгтэй хүн тэгтлээ хөгшрөөд байхгүй. Тэгээд
гэр бүлийн амьдрал тайван, аз жаргалтай, хүн өөрөө стрессгүй бол бүх юм
болчихдог юм байна лээ.
-Ажилгүй гэртээ сууна гэдэг хүний
хүсэх зүйл биш. Цаашид германд мэргэжлээрээ ч юм уу эсвэл ямар нэг
байдлаар ажил хийх төлөвлөгөө бий юу?
-Яг одоогоор тодорхой
төлөвлөгөө байхгүй. Юуны өмнө хэлээ сайн суръя. Хүний амьдралд юу
тохиолдохыг тааж хэлэх аргагүй. Одоогоор төлөвлөсөн юм байхгүй ч маргааш
өдөр яахыг хэлж мэдэхгүй байна.
-Таныг анх герман хүнтэй
ханилаад ялангуяа фенүүд чинь Монголын нэг сайхан бүсгүй харьд
бэрлэчихлээ гэж нэлээн эмзэглэж байсан. Гадаад нөхөртэй байх монгол
хүнтэй амьдрахаас хэр ялгаатай вэ?
-Хүн болгон надаас тэгж
асуудаг юм. Герман хүн ямар байдаг юм бэ гэх мэтээр. Тэр чинь бидэнтэй л
адил хүн шүү дээ. Нэг нүдтэй, гурван чихтэй лав биш /инээв/. Би яг л
хайраа олж ханилсан. Тиймээс харь хүнтэй суучихсан гэх мэдрэмж төрж
байгаагүй. Ер нь бие биедээ татагдсан сэтгэл хүчтэй шүү дээ. Жинхэнэ бие
биенээ олсон амьдрал гэж боддог.
-Бидний ярилцах цаг дуусч
байна. Ямартай ч цаг зав гаргаж холын сониноосоо хуваалцсанд баярлалаа.
Удахгүй уншигчид маань хайртай жүжигчинтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзах нь
байна. Уран бүтээл амьдралд тань аз жаргал хүсье. Эх орондо хурдан
эргэж ирээрэй.
-Баярлалаа. Хурдан эргэж ирнэ ээ. Танай сэтгүүлийн хамт олонд ажлын амжилт хүсье.
Зохиогчийн эрх: “Гранд” сэтгүүл