Сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс сэрүүсч Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, нойтон шамрага хаялж, шөнөдөө 1-11 градус хүрч хүйтэрснээс замын цас зайрмагтаж машин цасанд суух, осол аваар гарах нь элбэг болж байгааг албаны эх сурвалжууд хэлж байна. Дорнод, Дарьгангын нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө 22 градус хүрээд байна. Хүйтний эрч чангарч, зам, даваа цасанд дарагдсанаас үүдэн өнгөрсөн шөнө Өвөрхангай аймгийн нутагт таван машин цасанд боогдсон байна. Түүнчлэн Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатарын зарим нутаг, Ховдын баруун хэсэг, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатарын зүүн, Өвөрхангай, Төв, Дундговийн өмнөд хэсгээр 16 мм нойтон цас оржээ. Баянхонгор аймгийн нутгуудаар харьцангуй их цас ороод байгаа талаар аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлж байна. Цаг уурын газраас өгсөн мэдээллээр Завхан, Архангайн нутаг, Хөвсгөлийн зүүн, Баянхонгорын хойд хэсгээр 28 см зузаан цастай байжээ. Өнөөдрөөс уулархаг нутгуудаар орж байгаа цас зогсох ч хүйтний эрч сулрахгүй гэдгийг анхааруулж байна. Хэрвээ та хол замд гарах гэж байгаа бол цаг агаарын мэдээгээ сонсож, дулаан хувцаслаж гарах хэрэгтэй юм байна.
Б.Өнөр
"Монголын мэдээ" сонин