Эрдэнэзуугийн гурван “зуу”

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Эрдэнэзуугийн гурван “зуу”

Орхоны
хөндийн сав газруудад монголын эртний түүхийн ховор олдвор бүхий хөшөө
дурсгал олон бий. Тэдгээрээс Хархорум хотын туурин дээр байгуулсан
Эрдэнэзуу хийдийг онцолж байна. Хэдийгээр Манж чин улсын эрхшээлд байх
үеийн бүтээн байгуулсан боловч Эрдэнэзуу хийдийн ур хийцэд монгол
дарханы ур ухаан, монгол зургийн гайхамшгийг Буддын шашны соёлтой
хослуулсан нь монголчуудын суурин соёл иргэншилтэй холбоотойг гэрчлэх
томоохон түүхийг олдвор Өвөрхангай аймгийн Хархорин сумаас холгүйхэн
буйд газарт бидний үеийг хүртэл чимээгүйхэн оршсоор. Эрдэнэзуу хийдийг
108 суварга төдийхнөөр төсөөлөхөөс бус эх түүхийн талаас нь судалсан
үндэсний гэх бахархал бидний залуу үеийнхэнд дунд үнэндээ хуруу дарам
цөөн байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Эх түүхээ мэдэхгүй аваас ойд
төөрсөн сармагчинтай адил гэдэг бус уу.

Эрдэнэзуу хийдийн түүх

Буддын
шашны энэ хийдийн түүхийн талаар өндөр гэгээний намтар гэх гар бичмэлд
1580 онд Автай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III далай ламтай
уулзаж, өөрийн нутагт сүм хийд байгуулахаар амалсанд III далай лам Хар
хорум хотын хуучин нэгэн сүмийг сэргээхийг зөвлөснөөр 1585 онд эртний
Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн
Эрдэнэзуу хийдийн Голзуу сүм гэж тэмдэглэжээ. Хийдийг барьж байгуулахад
олон арван жил зарцуулсан бөгөөд1586-1674 онд Гурван “зуу” сүмийн
чуулбарыг, Ригсүм Гомбо сүмүүдийг барьжээ. Тус хийдийн гуравдугаар
Ширээт лам Лувсан-Одсэр хуучин Тахай балгасны хэрмийн нурангийн дөрвөн
өнцөгт нэг нэг суварга босгосон нь одоогийн хэрмэн хашааны эх суурь
болжээ. 1796 онд Эрдэнэзуу хийд анх удаа их засварт орсон бөгөөд
Дагвадаржаа ламтан удирдаж Хятадын Юн-да-а пүүстэй үнэ тохиролцон
хийлгэжээ. Энэ засварын үеэр хуучин Тахай балгасны хэрмэн нурангийг
суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна. 1802-1813 оны хооронд
хаад, тайж, бэйл, лам, ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар
хооронд 56 суварга нэмж хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Одоо хийдийг
тойрон хүрээлэх 108 суварга бүхий хэрмэн хашаа нь хааш хаашаа 420 метр
байдаг. 1782 онд 50 хувраг сурагчтай Бодь мөрийн сургуулийг байгуулж
байжээ. Тухайн үед Монголын ноёд, язгууртнууд хэрмийн дотор өөрийн
дугантай байх нь нэр төрийн хэрэг гэж үздэг байсан учраас Түшээт ханы
болон ноён Цэвээнжавын дуган, Очирдарийн дуган гэх мэт олон сүм дуган
баригдан 1792 он гэхэд 62 сүм, 500-гаад барилга байшинтай болжээ. Өдгөө
18 сүм дуган үлдсэн байна. Одоо тус хийдэд 1796-1798 оны хооронд
баригдсан Баруунзуу, Дундзуу, Зүүнзуу хэмээх гол сүмүүд, Зуугийн сүм, Их
суварга, Сэрүүн Лаврин бий. Хийдийн хашаан дотор Хархорум хотын
тууринаас олдсон Монгол, төвд, хятад, араб бичигтэй түүхэн дурсгалт
чулуун хөшөөнүүд байдаг. Хөшөө чулуунуудын хойд талд 1675 онд Төвдийн
Далай ламд Түшээт хан Чахундоржийн бараалхан мөргөсөн үйл явдалд
зориулан босгосон жижиг авсаархан сүм байдаг. Үүнийг Далай ламын сүм
гэдэг бөгөөд Махгал бурхны 13 нагтан дүр, Далай ламын хувилсан 6 дүр,
Өндөр гэгээн Занабазар нарын дүрүүдийг дэлгэн үзүүлжээ. Далай ламын
сүмийн хоёр талд байгаа хоёр жижиг сүмийг Хүрдэн сүм гэдэг.. Энэ
сүмүүдийн ард тусгай туйпуугаар барьсан хэрмэн хашаа байх бөгөөд
хашаагаар ормогц үүдний тушаа хоёр бунхан бий.  Түүний нэгийг Автай сайн
хаанд, нөгөөг нь түүний хүү Түшээт хан Гомбодоржийн шарилд зориулжээ.
Хоёр бунхны ард талд гурван зуугийн сүмүүд бий. Эдгээр Зуугийн сүм
дуганыг барихдаа нэг ч хадаас оруулалгүй модон дээр зааж зангидан хийсэн
нь уран барилгын онцлог хэлбэрт ордог. Гурван “зуу”-гийн сүмүүд давхар
ханатай. Энэ нь нэгд халуун хүйтнийг тусгаарлах, хоёрт гороо мөргөл
үйлдэх зориулалттай. Гурван зуу нь хурлын бус мөргөлийн сүм байсан
гэдгийг судлаачид тогтоосон байдаг.

Хийдийн талаарх монголч эрдэмтдийн судалгаа

Эрдэнэ
зуу хийд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж буй хамгийн анхны Буддын
шашны хийд бөгөөд 2004 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өв санд
бүртгэгдсэн. Энэхүү хийдийн өнгөрсөн, одоо, ирээдүйг ерөнхийд нь судалж
шинжлэх зорилгоор Оотанигийн их сургууль зэрэг Японы мэргэжилтэн
судлаачид болон Монгол Улсын Нүүдэлийн соѐл, иргэншлийг судлах олон улс
судлалын хүрээлэнтэй хамтран "Эрдэнэзуу” төслийг 2009 оноос гурван
жилийн төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн үр дүнд өдгөө
Эрдэнэзуу хийдийг байгуулагдсан он цагийн тухайд Даймин улсын Ванлигийн
14 дүгээр он буюу 1586 оны нохой жил гэдэгтэй эрдэмтэд санал нэгтэй
баталсан бол хашаан доторх түүхийн дөрвөлжин, араб, перс, төвд хэл дээрх
бичээсүүдийг тайлж уншсан байна. Өдгөө түүнийг цаашид хадгалж,
хамгаалах зорилгоор Япон улсын Засгийн газрын 495.8 сая иенийн буцалтгүй
тусламжаар Хархорум музейг ашиглалтад оруулаад байгаа гэнэ.

Тус
төслийн багийнхан энэ сарын 16-19-нд “Эрдэнэзуу хийдийн өнгөрсөн, одоо,
ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Өвөрхангай аймгийн
Хархорум музейд зохион байгуулах гэж байгаа талаар Нүүдлийн соёл
иргэншлийн хүрээлэнгийн судлаач, профессор А.Очир, Японы талын төслийн
удирдагч профессор Мацүкава Такаши нар өчигдөр мэдээлэл хийлээ. Уг олон
улсын эрдэм шинжилгээний хуралд таван орны 20 гаруй судлаачид илтгэл
тавьж, цаашид Эрдэнэ зуу хийдийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцэх гэнэ.
Энэ үеэр Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин “Эрдэнэ зуу
хийд нь яах аргагүй монголчуудын суурин соёл иргэншилтэй холбоотой
ховорхон түүх дурсгалын нэг мөн. Хэдийгээр Манж чин улсын эрхшээлд
байсан цаг үед бүтээн босгосон хэдий боловч бурхан шашны соёлтой монгол
дархан, уран зургийн ур ухааныг харуулсан гэдгээрээ онцлогтой. Түүнийг
судлах, сэргээхэд Япон улсын талаас ихээхэн анхаарал хандуулсны үр дүнд
1996 оноос эхлэн бүрэн судалгааг хийж бөгөөд энэ удаагийн эрдэм
шинжилгээний хурлаар хэрхэн яаж хамгаалах, цаашид судалгааг үргэлжлүүлэх
талаар хэлэлцэх юм” гэдгийг онцоллоо.

Өдгөөгийн Эрдэнэзуу

Монгол
суурин соёл иргэншил, барилга урлахуйн ухааны гайхамшигт дурсгал болж
үлдсэн уг хийд нь гадуураа 108 суварга бүхий 400х400м хэмжээтэй дөрвөн
талдаа асар хаалгатай хэрмэн хашаагаар хүрээлэгдсэн байдаг. Монголын
анхны буддын шашны энэ хийд 1792 онд 62 сүм, 500-аад барилга, 10 мянган
ламтай байснаа өдгөө 18 сүм дугана үлдсэнийг 1944 онд улсын
хамгаалалтанд авсан байна. Өдгөө Эрдэнэзуу музей нь баруун, зүүн, гол
цогчин дугана, зуугийн сүм, Их суваргуудын чуулбараас бүрдэж байгаа
бөгөөд Ламиран дацанд буддын шашны хурал номын газар үйл ажиллагаа
явуулдаг бөгөөд 20 гаруй мянган гадаад, дотоодын жуулчдын хөл
тасардаггүй түүхэн дурсгалт газруудын нэг болоод байгаа билээ.

Д.Долгор

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж