Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Шинэ ном хуучин цүнх

Маргааш хэзээ дуусах вэ? гэгчээр 9-р
сарын нэгэн мөн л эргэн ирж оюутан сурагчдаас эхлээд төрийн өндөр албан
тушаалтнууд хүртэл 9-р сарын нэгний өдрийг сүр дуулиантай тэмдэглэн
өнгөрөөлөө. Тангараг өргөж, ач холбогдол өгч өнгөрүүлсэн энэхүү арга
хэмжээг олон хүн сайшааж ам сайтай байгаа билээ. Зарим нэг нь
“Боловсролын сайд ямар ухаантай юм бэ” гэж бичиж, ярьж сууна. Хүүхэд бүр
хүсэл эрмэлзлэлээр дүүрэн хичээл сургуульдаа орсон нь аав ээжийнх нь
санааг л амрааж байгаа бололтой.  Харин ажаад байхад сургуульд орох
сурагчид хичээлийн шинэ жилийн бэлтгэл гэж номын дэлгүүрээр биш
нарантуул захаар л бужигнадаг уламжлал тогтжээ. “Хуучин хүү шинэ оюутан”
гэж ёстой л үнэн дээ. Хувцас нь шинэ ч нөгөө л Бат, Цэцгээ.
Миний
боловсролын сайдыг буруутгаад байдаг нь бас ч зуун хувь зөв алхам биш!
Багшид ч Батад ч буруу байгаа. Хичээл эхэллээ. Багш ч цэнэг орсон
оюутнуудад өөрийн хичээлд шамдан суралцах нь хэр чухал болохыг
ухааруулна. Гэхдээ болоогүй ээ. Үнэхээрийн сайн сурахыг хүсвэл миний
хэвлүүлсэн номыг авах нь  туйлын чухал гэдгээ ч ойлгуулж амжина. Сурч
боловсрох хүсэл, халаас хоёр нь зузаарсан оюутан уухайн тас багшийн
номыг худалдаж авна. Ном авах бас хоёр шалтгаантай. Нэг хэсэг нь уншиж
судлаад суръя, нөгөө хэсэг нь хожмын явдалд дүн сайн гарах нигууртай
гэж авна. Ном, Бат, Багш гурав жилийн жилд ингэж л нэг эхэлнэ дээ.
Ичиж
зоволгүй нэг зүйлийг хэлэхэд олон оюутны цүнхэд өнгөрсөн жилийн
хичээлийн сурах бичиг, шахааны ном шинээрээ байгаа гэдэгт мөрийцхөд
бэлэн байна. Олон оюутан номыг унших гэж биш хадгалах гэж авдаг нь
худлаа биш. Ээж аавын мөнгө толгойд нь бус цүнхэнд нь мөнхөрдөг нь
харамсалтай. Жилийн жилд цүнх нь хуучирч ном нь шинээрээ үлддэг.
Тэгэхээр
хэн хэн нь НОМОНД хандах хандлагаа зөв чиг баримжаатай болгох нь чухам
юм. Ном гэдэг хэдийнээсээ л алт эрдэнэсээс дутахгүй үнэ цэнэтэй
байсаар ирсэн.  Номны үнэ цэнэ зөвхөн зарагдаж буй үнэндээ байдаггүй.
Зарж байгаа хүний хувьд олж байгаа ашигтаа ч байхгүй. Харин номыг
бичсэн хүний үнэн зөв мэдлэг, унших хүний ухаж ойлгох хичээл зүтгэлд
үнэ цэнэ нь оршдог болов уу. Тэр ч утгаараа эрхэм та өөрт хэрэгтэй
номоо л авч сураасай. Номоор цүнхээ дүүргэхэд бус оюун ухаанаа
цэнэглэхэд зориулан эдэлж хэрэглэж заншаарай.

http://budgerel.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж