ИЗ-НН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

ИЗ-НН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдана

ИЗ-НН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдахаар зар таржээ. Хурлаар ямар асуудал хэлэлцэх талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүүгээс тодрууллаа.


-ИЗ-НН-ын Улстөрийн зөвлөлийн хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ?

-Намын Улс төрийн Зөвлөлийн хурлыг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө хуралдуулах шийдвэрийг намын удирдлага гаргалаа. Гол хэлэлцэх асуудал бол өнгөрсөн гуравдугаар сард тус тусын Их хурлын шийдвэрээр нэгдэх шийдвэр гаргаж байгуулагдсан ИЗ-НН-ын бүртгэлийг асуудал. Намын бүртгэлийн асуудал шийдэгдэхгүй удаж байгаагаас тодорхой хүндрэлүүд гарч байна. Тиймээс намынхаа бүртгэлийн асуудлын талаар Улстөрийн зөвлөлдөө тодорхой мэдээлэл хийж, шийдвэрлэх арга замын талаар ярилцахаар болж байна.

-Улсын Дээд шүүх ИЗ-НН-ыг бүртгэхгүй байгаа учир шалтгаан юунд байгаа юм бэ?

-Бид намын бүртгэлийн асуудлаар Улсын Дээд шүүхэд удаа дараа хандаж, хэдийгээр хуульд заагдаагүй боловч нэмж шаардсаар байгаа бичиг баримтуудыг хүргүүлсээр байгаа ч асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. ИЗН-ын хувьд өмнө өөр намуудтай нэгдэж байсан багагүй туршлагатай нам. Хамгийн сүүлд гэхэд 2008 онд Үндэсний эв нэгдлийн нам ИЗН-д нэгдэж байсан. Өмнөх бүх тохиолдолд хуульд заагдсан бичиг баримтуудыг бүрдүүлээд хандахад Дээд шүүх дээр ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Гэтэл энэ удаад үүнтэй яг ижил процесс дээр Дээд шүүх огт өөр тайлбар хэлж бүртгэхээс татгалзаад байна. Миний бодлоор ИЗ-НН-ын бүртгэлийн асуудал одоо хууль эрх зүйн гэхээсээ илүүтэй улстөрийн асуудал болчихоод байна. Бүтэн зургаан сар, хагас жилын хугацаанд саатуулж байгааг өөрөөр тайлбарлах боломжгүй болчихоод байна.

-Та улс төрийн асуудал болчихлоо гэж хэллээ, чухам хэний улс төр ороод байна вэ?

-Эрх баригч намуудын нэр хүнд унаж, нийгмийн олонхи хэсэг улс оронд шинэчлэл хийж чадах, итгэл даах, ёс суртахуунтай, зөв бодлоготой улстөрийн шинэ хүчнийг дэмжихэд бэлэн байгаа энэ үед ИЗ-НН нэгдэж байгуулагдсан нь олон хүнд таалагдаагүй юм шиг байна. Чухам ямар нам хүчний, хэн гэдэг улстөрчийн улстөр ороод байгааг цаг хугацаа удахгүй тод харуулна биз дээ. ИЗ-НН-д нэгдсэн намуудын олон мянган гишүүдийн хамтын шийдвэр, хүсэл зоригийг няцааж чадна гэж бодож байгаа бол том эндүүрэл гэж хэлмээр байна.   

Б.Энх

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж