“МАХН хуучин гишүүдээр улстөр хийж байна”

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

“МАХН хуучин гишүүдээр улстөр хийж байна”

Олон улсын ардчиллын өдөр тохиож байгаатай холбоотойгоор МАН-аас өчигдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Ард түмнээ сонсъё” аяны талаар мэдээлэл хийж, мөн олон улсын ардчиллын өдөртэй холбоотойгоор “Ардчиллыг айл бүхэнд” уриан дор шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо дуулгалаа. Хөтөлбөр хүний хөгжил, эдийн засгийн эрх чөлөө,  шударга ёс, тэгш боломж гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж буй юм байна. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд бид ардчиллыг  хэлбэрийн төдийд хөгжүүлж ирсэн байдаг.  Тийм учраас МАН ардчиллыг нийгмийн соёл болгон дэвшүүлэх зорилт тавьсан. Энэ ч үүднээс Монгол иргэн бүр ардчиллын үр шимээ хүртэх ёстой гэж манай нам үзэж байна” гэлээ. 

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчид түүнээс дараах асуултад хариулт авсан юм.

-МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намын даргатайгаа таарамж муутай байна гэх мэдээлэл гарах боллоо. Бодит хариулт өгөхгүй юу?

-МАН-ын удирдлагын хүрээнд, ялангуяа намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарын хооронд  ямар нэг хагаралдсан асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.  Улс төрийн сонгууль дөхөж  байгаа учраас хэсэг бүлэг хүмүүс нийгмийн тархийг угаах гэж захиалгат зохиолуудыг  их бичүүлж байна. Намын дарга Засгийн газрынхаа ажлыг хийгээд, ерөнхий нарийн бичгийн дарга Ховд, Завхан зэрэг баруун аймагт ард түмнээ сонсоод явж байна.  Энэ үеэр даргыг эзгүйчилнэ гэгчээр нэрийг нь барьж, МАН-ыг нийгэмд, хагарсан бутарсан байдалтай харагдуулах гэсэн хүсэл зорилготой хүмүүсийн явуулга гэж бодож байна. Тийм учраас  манай намын удирдлагуудын хүрээнд ямар нэгэн эвдрэл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. 

-Танай намын гишүүдээс нэлээд нь МАХН-д орж байгаа гэсэн. Энэ талаар тоо баримт бий болов уу?

Сүүлийн үед МАХН гэж Дээд шүүхэд 19 дэх улс төрийн хүчин болж бүртгэгдсэн. Шинээр бүртгэгдсэн энэ хүчний дотор манай намын дарга байсан болон гишүүд байсан хүмүүс орж ажиллаж байгаа. Удирдах бүрэлдэхүүнийг нь харвал  ардчилсан хувьсгалыг анхнаас нь дэмжин оролцож байсан, бусад улстөрийн хүчинд байсан, нийгэмд хамгийн анархист байр суурь барьдаг   хүмүүс цугларсан байна уу гэж харагддаг.  Энэ улс төрийн хүчин өөрийнхөө бүтэц, зохион байгуулалтыг хийж байгаа нь дотоод асуудал. МАН уугуул нэрээ сэргээн авснаас хойш шинээр 26638 хүн элсээд байна. Нийтдээ бид 168800 гишүүнтэй болсон. Үүн дээр намаас өнөөдөр түдгэлзээд төрийн ажил хийж байгаа 24000 гаруй гишүүд бий. Гэхдээ энэ хүмүүс намаасаа гараагүй,  түдгэлзсэн байгаа.  Үүнийг нэмвэл 180 гаруй гишүүнтэй  болно, манай нам.  Өнгөрсөн хугацаанд манай намаас 1608 хүн гарсан. Өнөөдөр ардчилсан нийгэм учраас энэ хүмүүс өөрсдийн улс төрийн сонголтоо хийгээд явж байна.  Ер нь улс төрд соёл хэрэгтэй. Шинэ нам өөрийн дүрмийн хүрээнд соёлтойгоор Монголын нийгэмд үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг байр суурьтай байна.
 
-Гэхдээ танай намын орон нутаг дахь намын хорооны гишүүд МАХН-д нэгдэж байна гэсэн мэдээлэл цацагдсан шүү дээ?

-МАН өөрийн хууль дүрмийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн хүчин. Ардчилал, хүний эрх, Монгол Улсын хүн ардын сайн сайхны төлөө бүх улс төрийн хүчинтэй хамтарч ажиллахад бэлэн байна.  Олон зүйлийг бид санаачлан, зарим үед бусад намуудтайгаа хамтран ажиллаж байна.  Төв аймгийн Цээл суманд  100-т байгуулагдлаа гэж хэвлэл мэдээллээр цацагдсан. Энэ Цээл сумын Засаг дарга тэргүүтэй хүмүүс манай намаас хоёр жилийн өмнө гарсан.  Хуучин манай намын гишүүн байсан хүмүүс дээр түшиглэж МАХН улс төр хийх гэж оролдож байна. Энэ бол улс төрийн явуургүй оролдлого. Ер нь ирж яваа цагийн өнгийг хуучны цагийн харьж яваа хүмүүс тодорхойлохгүй. 

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дотор Засгийн газрын бодлогод шүүмжлэлтэй ханддаг хэд, хэдэн гишүүд бий. Тэдний байр суурийг та хэрхэн хүлээн авдаг вэ?

-Улс төрийн нам гэдэг үзэл бодол, үйл ажиллагаагаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл байдаг.  Энэ дотор янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Асуудлыг олон талаас нь хэлэлцэн, үзэл бодлоо уралдуулдаг. Харин хэрэгжүүлэхдээ хамгийн сахилга баттайгаар ажлаа хийдэг улс төрийн хүчин юм. Өнөөдөр  парламентад дийлэнх олонхийн суудал эзэлж байгаа ч гэсэн Монгол Улсын ирээдүйн өмнө тулгарч байгаа асуудлыг хамтарсан Засгийн газар байгуулан хэлэлцэн, шийдвэрлэж байна. Намын гишүүдийн дотор шүүмжлэлтэй хандсан зүйл байгаа. Энэ бол байх үзэгдэл. Ялангуяа төсөл, хөтөлбөртэй холбогдуулан саналаа хэлж байгаа юм билээ.

-Намын бага хурлыг хэзээ хуралдуулах вэ, тов тодорхой болсон уу. Ямар асуудлыг хэлэлцэх бол?

-Намын бага хурлын тов тодроогүй байна. Манай нам дүрмийнхээ хүрээнд хуралдах ёстой. Бага хурлаараа намын боловсон хүчний асуудал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн асуудлыг авч хэлэлцэнэ. Энэ хүрээнд тодорхой илтгэл, судалгаа хийгдэж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж