О.Гүндэгмаа нөгөөдөр Польшийг зорино

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа нөгөөдөр Польшийг зорино

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа ISSF буюу Олон улсын буудлага спортын холбооны урт буу болон гар бууны төрлийн 2011 оны “Дэлхийн цом”-ын финалын тэмцээнд оролцохоор нөгөөдөр хилийн дээс алхах гэж байна. Тус тэмцээн энэ сарын 18-24-нд Польшийн Вроцлав хотноо болох ба “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнүүдэд тухайн дасгалдаа өндөр амжилт гаргасан тамирчид дэлхийн шилдгүүдийн хамт “Дэлхийн цом”-ын финалд өрсөлдөх эрхтэй болдог юм. Тодруулбал, “Дэлхийн цом”-уудад өндөр амжилт үзүүлсэн шилдэг найман тамирчин, дээр нь 2010 оны дэлхийн аварга, “Дэлхийн цом”-ын финалын тэмцээний аварга гээд шилдэг 10 тамирчин Вроцлавт чуулах учиртай.

Харин Монгол Улсаас Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хошой хүрэл, оюутны дэлхийн аваргын хошой аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Алтай констракшн” компанийн тамирчин О.Гүндэгмаа дэлхийн тавцанд шигшигдсэн шилдгүүдийн хамт Вроцлав хотноо болох урт буу, гар бууны төрлийн “Дэлхийн цом”-ын финалын тэмцээнд онч мэргэнээ сорих юм. Өдгөө дэлхийн чансааны наймдугаарт эрэмбэлэгдээд буй О.Гүндэгмаа энэ жил болсон Форт-Беннингийн “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртэж, Чанвоны “Дэлхийн цом”-д финалдсан тул дээрх эрхийг хүртээд буй юм. Тэрбээр 1998-2011 оны туршид улсын аваргад тасралтгүй тэргүүлсэн бөгөөд 2005 онд спорт гар бууны дасгалд 796,5 оноогоор Азийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, Бээжингийн олимпийн үеэр мөн энэ дасгалд 590 онож, олимпийн рекордыг давтаж байсан юм.

“Дэлхийн цом”-ын финалд өрсөлдөх тамирчдыг танилцуулъя.

Спорт гар буу, эмэгтэй:

  1. Кира Климова /ОХУ/ – 2010 оны дэлхийн аварга
  2. Нино Салуквазе /Гүрж/ – 2010 оны “Дэлхийн цом”-ын финалын аварга
  3. Чень Ин /БНХАУ/ – Форт-Беннингийн “Дэлхийн цом”-ын аварга
  4. Олена Костевич /Украйн/ – Сиднейн “Дэлхийн цом”-ын аварга
  5. Юань Жин /БНХАУ/ – Мюнхений “Дэлхийн цом”-ын аварга
  6. Антоанета Бонева /Болгар/ – Чанвоны “Дэлхийн цом”-ын хүрэл медальт
  7. О.Гүндэгмаа /Монгол/ – Форт-Беннингийн “Дэлхийн цом”-ын мөнгөн медальт
  8. Мария Гроздева /Болгар/ – Мюнхений “Дэлхийн цом”-ын мөнгөн медальт
  9. Ленка Маршукова /Чех/ – Мюнхений “Дэлхийн цом”-ын хүрэл медальт
  10. Рахи Сарнобат /Энэтхэг/ – Форт-Беннингийн “Дэлхийн цом”-ын хүрэл медальт

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж