АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээгээр америкчуудын 15,1 хувь буюу 46,2 сая хүн ядуурлын төвшинд бүртгэгдээд байна. Үүний зэрэгцээ эмнэлгийн даатгалгүй хүмүүсийн тоо 2009 онд 49 сая байснаа 2010 онд 49,9 сая болж нэмэгдсэн байна.
Сүүлийн дөрвөн жил ийнхүү ядуурлын төвшингийн үзүүлэлт өссөөр байна. Мөн түүнчлэн 2010 онд япуурлын төвшин 1993 оноос хойш хамгийн өндөр хэмжээнд хүрэв. Гэхдээ анх ядуурлын төвшинг гаргаж ирсэн 1959 оны төвшнөөс 7,3 хувиар бага байна. 2007 оноос хойш ядуурал 2,6 хувиар өслөө гэж Хүн амын тооллогын товчооны илтгэлд дурджээ. АНУ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын тогтоосон нормын дагуу өндөр хөгжилтэй орнуудын дунд ядуурлын хамгийн өндөр төвшинтэй байна гэж “The Guardian” сонинд бичжээ.
Америкт жилдээ 22,35 мянган долларын орлоготой дөрвөн хүнтэй гэр бүлийг ядуурлын төвшнөөс доогуур амьдралтай гэж үздэг. Дашрамд хэлэхэд 2010 он Оросын хүн амын 13,1 хувь буюу 18,5 сая хүн ядуурлын төвшнөөс доогуур нөхцөлд амьдарч байна гэсэн статистик байдаг. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улиралд Оросын амьжиргаанн доод төвшний үзүүлэлт нь нэг хүнд сарын 5902 рубль байлаа.
АНУ-ын Хүн амын тооллогын товчооноос мэдээлснээр Америкийн өрхийн аж ахуйн дундаж төвшин бас буурчээ. Дундаж төвшин 2010 онд 49,4 мянган доллар болсон нь өмнөх жилийнхээс нь нэг мянгаар бага байна. Сонирхолтой нь, хамгийн өндөр орлоготой америкчуудын дийлэнх нь Ази гаралтай. Тэдний орлого өнгөрсөн жилд 64,3 мянган доллар байв. Өмнөх жилд нь дундаж орлого 66,5 мянган доллар байсан юм. Хоёрдугаарт нь цагаан арьстнууд орсон бөгөөд тэдний дундаж орлого 55,3 мянга байснаа 2010 онд нь 54,6 мянган доллар болсон байна. Харин америкчууд ба африк гаралтай америкчууд хамгийн буюу дунджаар 32-37,7 мянган доллар байсан ажээ.
Дашрамд хэлэхэд АНУ-ын ядуурлын “муу” статистик нь Барак Обамагийн засаг захиргаанд тустай гэгдэж байна. Учир нь одоо ерөнхийлөгч Ажилгүйдэлтэй тэмцэх, эдийн засгийг дэмжих хуулиа Конгресст өргөн бариад байна.
“Би ардчилагчид болон бүгд найрамдахчуудын гаргасан саналын дагуух хуулийн төслийг өргөн барьж байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд Конгресс энэ хуулийг шууд одоо батлах ёстой. Хууль нь аль болох олон америкчуудыг ажилтай болгох энгийн зорилготой.., Үүнийг төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүйгээр хийнэ” хэмээн Обама төслийн захидалдаа бичсэн байна. Тэрээр даваа гаригийн өглөө Цагаан ордонд хэвлэлийн бага хурал хийлгэхдээ Конгресст хандан намуудын хоорондын маргааныг хойш тавин аль болох хурднаар энэ төслийг хэлэлцэж эхлэхийг уриалсан юм.
Ерөнхийлөгч Обама ажилгүйдэлтэй тэмцэх, жижиг бизнесийг дэмжих, үндэсний эдийн засгийг дэмжих шинэ төлөвлөгөөг энэ сарын 8-нд гарган танилцуулсан. Нийтдээ 447 тэрбум доллар шаардлагатай уг баримт бичигт жижиг бизнесийн татварын дарамтыг бууруулах, ажилгүй хүмүүсийг дэмжих, дэд бүтцийг сайжруулан төгсжүүлэх зэрэг алхмууд хийхээр төлөвлөөд байгаа юм.
Тухайлбал, жижиг бизнесийг дэмжих, эдийн засгийн салбаруудад ажлын байр бий болгоход 65 тэрбумыг, ажилгүйдлийн нөхвөрийн энэ жил дуусч байгаа хангамжийг нэг жилээр сунгахад 49 тэрбумыг гаргахаар төлөвлөсөн байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн зээлийн бүтцийг өөрчлөн шинэчилж дөрвөн хувийн хүүтэй болгохоор хуульд суулгаж өгчээ. Энэ нь америкийн гэр бүлд жилдээ 2000 ам.доллар хэмнэх боломж олгоно гэж “РИА Новости” агентлаг онцолсон байна.
“Обамагийн төлөвлөгөө” батлагдтал Конгресс нэлээд ширүүн маргаан явуулах нь ойлгомжтой. Өмнө нь бүгд найрамдахчууд сүүлийн хоёр жилийн дотор 9-10 хувийн хэлбэлзэлтэй байгаа ажилгүйдлийг бууруулах талаар Обамаг хангалтгүй ажиллаж байна хэмээн шүүмжилж байв.
"Ардын эрх" сонин