Өөрсдөө зохион байгуулалтаа хийх ёстой

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Өөрсдөө зохион байгуулалтаа хийх ёстой

“Улс орон нэн түрүүнд орон гэртээ эмх журам тогтоох ёстой. Хөгжилтөй орнууд санхүү, мөнгөний бодлогоо хариуцлагатайгаар явуулах ёстой. Энэ нь Европын зээлийн хямралыг газар авахуулахгүй байхад маш чухал нөлөөтэй” гэж Вэнь Зябао хэлснийг Bloomberg мэдээлэв.

Хятад бүс нутагт хөрөнгө оруулах замаар “тусламжийн гараа Европт сунгаж” чадна гэж Вэнь Зябао баталж байна. “Үнэн хэрэгтээ Вэнь Зябао хэлсэн нь Хятад бусад орнуудад туслах хүсэлтэй, хөрөнгө оруулалт өгөхөд бэлэн ч улс орнуудын өөрсдөө шийдэх өрийн хямралын хяналтад шаардлагатай арга хэмжээг авахад нь тус болж чадахгүй гэсэн утгыг илэрхийлж байна” хэмээн Citigroup Inc.-ийн зөвлөх Уильям Роудс онцолсныг “Интерфакс” агентлаг дамжуулсан байв.

Манай Засгийн газар Хятадын эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадна гэж Вэнь Зябао мэдэгдлээ. Хятад “урт хугацааны илүү чанартай” өсөлт гаргаж чадна. Тэр нь даяарчлалын тогтвортой өсөлтөд оруулах Хятадын хувь нэмэр болно гэдэгт тэрээр итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хятадын Засгийн газар эдийн засагтаа замбараагүй байдал гаргуулахгүйн төлөө шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж тэрээр онцлов.

Сануулахад, мягмар гаригт Итали өөрийн үнэт цаасаа ихээр худалдан авахыг Хятадаас хүссэн. Италийн Сангийн яамны төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Жулио Тремонти Хятадын төлөөлөгчтэй уулзсан талаар хэлэн хэвлэлээр гарсан мэдээг батлав. Гэхдээ тэрээр уг уулзалтын зорилго, агуулгын өөр зүйл хэлсэнгүй гэж “Reuters” мэдээлэв.

Хэлэлцээрт ойр байсан өөр нэг эх сурвалж хэлэхдээ Хятадын төлөөлөгчдийн дунд “China Investment Corp” (CIC) гэх бие даасан сангийн дарга Лоу Цивэй болон Хятадын бүртгэгдсэн орлого дахь хөрөнгө оруулалт ба активыг хянах албан тушаалтнууд байсан гэв.

Хоёр долоо хоногийн өмнө Ромын албан тушаалтнууд Бээжинд очиж, CIC-ийн удирдлага мөн гадаад валютын нөөцийн ихэнхийг хариуцдаг Хятадын валютын албаны (SAFE) дарга нартай хэлэлцээр хийсэн тухай “Financial Times” мэдээлсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятад евро бүсийн сул эдийн засгийн үнэт цаасыг худалдан авахаа нэмэгдүүлнэ гэж байсан. Гэхдээ ямар хэмжээгээр наймаа хийхийг дэлгээгүй ч Бээжин хэдэн тэрбум евроны өрийг худалдан авсан гэж мэдэгдсэн юм.

Хятадын Ардын банкны орлогч дарга байсан У Сяолин энэ мягмар гаригт “Reuters”-тай ярилцахдаа Европын өрийн хямралын талаар хөрөнгө оруулагчид сандрах хэрэггүй гээд Хятад бусад орнуудын хамт зах зээлийн итгэлийг бэхжүүлэхэд бэлэн гэв. “Бид еврог тотвортой байлгах талаар Европын авч байгаа арга хэмжээг үргэлжлүүлэн дэмжиж байгаа” хэмээн одоо Бүх Хятадын ардын төлөөлөгчийн хурлын Байнгын хороонд ажиллаж байгаа У Сяолин өгүүлжээ.

Итали нь өрийн хямралын ирмэгт ирсэн бөгөөд үүнээс үүдэн евро бүсийн  сул эдийн засгууд олон улсын зээлдүүлэгчдээс тусламж хүсэх болов. Италийн улсын өр нь 1,9 их наяд евро болсон бөгөөд хөрөнгө оруулагчид Ромын өрөө төлөх чадварт эргэлзэж байгаа нь Италийн үнэт цаасны орлогын төвшинг эрс нэмэгдүүлж байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж