Орчин үеийн боловсролын ой

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Орчин үеийн боловсролын ой

Бороо хур элбэг гэдэг шиг энэ жилийн баяр наадам, элдэв тэгш ой элбэг бөгөөд нүсэр байсныг аа. Хүннү гүрний 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор ахлуулсан аймгуудын тэгш ойн нүргээн одоо ч татраагүй байна. Араас нь залгуулаад яам, тамгийн газрынхны тэгш ой үргэлжилж байна. Араас нь залгуулаад ч юу байх вэ, 100 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа яамдууд оны эхнээс эхлээд бүтэн жилийн бүтээлч ажлын аян зарлаад нижигнэж байгаа. Монголчууд Манж гүрнээс төр улсаа тусгаарласан 1911 онд таван яамаа байгуулан засагласан болохоор тулгуур болсон гол яамд маань энэ жил түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэж буй хэрэг. Саяхан батлан хамгаалахынхаа 100 жилийн ойг тэмдэглэж, Хүй долоо худагт морь уралдуулж, бөх барилдуулж наадсан. Оны эцсээр буюу арванхоёрдугаар сарын 29-нд Сангийн яамныхан баяраа тэмдэглэнэ.

Зарим яамд нь 1921 онд байгуулагдсан гэж үзэн 90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа гэсэн. Тэдний нэг Боловсрол соёл, шинжлэх ухааны яамтай яалт ч үгүй хамааралтай байх тодорхой нэгэн ойн сураг дуулдав. Монгол Улсад орчин үеийн боловсрол үүсч хөгжсөний 90 жилийн ой гэснээс л яалт ч үгүй боловсролын салбарынхны баяр гэдэг нь ойлгогдож байгаа юм л даа.

Харин нэр нь нэг л сонихон. Манай ихэнх яам тамгын ой, ер нь л юм бүхэн 1921 оноос эхлэлтэй гэж шахуу үздэг болохоор 90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа нь ойлгомжтой ч орчин үеийн гэдэг тодотголыг сонсохоор нэг л “ойрхон”. Орчин цагийн гэхээр Ерөнхий сайдын маань манлайлаад байгаа Кембрижийн боловсрол тэргүүтэн л санаанд буугаад байгаа биз. Харин боловсролын салбарынхан ямар цаг үеийг орчин цаг гэж тодотгоод байгаа юм бол? Үе болгон л мэдээж орчин цагийн гэсэн тодотголтой байж таараа. Магадгүй 1921 оныхон ч гэсэн өөрсдийгөө орчин цагийн гэдэг л байсан биз.

Магадгүй гэрийн боловсролын уламжлалтай монголчуудын хувьд анх удаагаа “зохион байгуулалт”-тайгаар ном эрдэм сурч, сургаж эхэлсэн үеийг л ингэж томьёолсон юм болов уу даа. Өөрөөр хэлбэл, гэртээ үнсэн самбар бариулаад сургаж байсан үеийн бус нийтээрээ системтэй боловсролтой болгох тогтолцоог бий болгосон гэдэг утгаар нь. Түүнээс ч биш манай монголчууд Их эзэн Чингис хаан бүү хэл Хүннү, Сүннү бүр түүний дээд үеэсээ багш шавийн барилдлага, номч мэргэний нандин уламжлал, ёс жаягтай ард түмэн билээ л.

Ер нь тэгээд элдэв ойд нэр “олгоно” гэдэг бас их нажидтай ажил юм шиг байгаа юм. Их Монгол Улс байгуулагдсан 800 жилийн ойгоо хөл нүргээнтэй тэмдэглэхээр комисс хүртэл байгуулж байх үед албан бичиг, хөтөлбөр тэргүүтэнд нь Тулгар төр байгуулагдсаны гэсэн хаягтай байгаад бөөн будилаан дэгдээсэн гэсэн. Эрдэмтдийн дунд ч маргаан өрнөж тулгар гэдэг бол анхны тулгамдуу /анх удаа амаржих гэж байгаа эмэгтэй тулгар, анхны удаагийн төрөлтийг тулгар төрөлт гэж нэрлэдэг гэх мэтчилэнгээр/ гэсэн утгыг илэрхийлж буй гэж үзээд Их Монгол Улс байгуулагдсаны гэсэн томьёолол дээр тогтсон гэсэн. Манай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамныхан ч гэсэн нэлээд бодож тунгаасны эцэст орчин үеийн боловсрол үүсч хөгжсөний гэдэг нэрийг сонгож авсан юм байлгүй дээ. 
  

А.Шархүү

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж