Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Эвслийн эсрэгцэл

“Аав, ээж”, “АН, МАН”-ын алиныг нь…

Эрчүүд хэлд ороогүй хүүхдээ өхөөр­дөхдөө “Аа-в-аа гээрэй” хэмээн өөрийгөө бяцхан сурталчлаад амждаг бол хүүхнүүд юу дутах вэ, “Ээ-ж-ээ гээрэй” гэхээ мартахгүй. Ингэж л битүүхэндээ өрсөлддөг. Гэтэл эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэгчээр арван сар тээж, ангир уургийг нь амласан хүүхдүүд аавыгаа анхлан дууддаг гэнэ. Хэнийх нь сурталчилгаа илүү байхаас үл хамаараад шүү. Онцгүй еэ. Дэлхийн ихэнх орны элэг бүтэн өсч буй хүүхдүүд анх “аав” гэдэг үгийг хэлдгийг хүүхдийн эмч, эрдэмтэд тогтоожээ. Энэ нь ямар хэл, арьс өнгө, шашин шүтлэгтэйгээс үл хамаардаг гэж байгаа юм даа.

Гэхдээ бүсгүйчүүд гуних эрт байна шүү. Эх нь байхгүй айлын хүүхэд голдуу “баабаа” гэж анх хэлдэг бол аавгүй хүүхэд “ээж”-ээс өөрийг хэлдэггүй гэнэ. Хүүхэд төрөхөөс эх­лээд л энэ мэт өөрт нь чиглэсэн сурталчилгааг хүссэн, хүсээгүй хүлээн авахаас өөр аргагүйд хүрдэг юмсанж. Тэднийг насанд хүрэхэд нь өөрийнх нь дэмжлэгийг авах гэсэн өрсөлдөгчид бас л угтдаг. Энэ удаад саналыг амаар бус бичгээр үйлдүүлнэ. Тэднийг улстөрчид гэх агаад аавтай нэгэн адилаар АН, МАН нь арай илүү дэмжлэг авдаг нь Монголд бас л батлагдсан. Харин “баабаа”-г буюу гуравдагч хүчинг дэмжих ээжгүй “өнчин” хүүхэд өмнөх сонгуулиудад ховор байлаа. Гэхдээ Л.Суматигийн хийсэн судал­гаагаар сүүлийн үед “өнчрөгсдийн” нийгэмд эзлэх жин нэмэгдсээр байгаа гэсэн. Хүүхдээр бол, эхгүй өсч, хайраар дутагдсанаас хэнд ч үл итгэн өширхөгчид гэж ойлгож болно. Үүнийг ч анзаарсан Ардчилсан нам, МАН хоёр улам бүр тэврэлдэж, өмнөх сонгуулиас хойш өдөр өнгөрөх тусам нэг хүн шиг эвсэх боллоо. Харин тэдний эсрэг бас нэгэн хүчтэй эвсэл гарч ирж болзошгүй нь. УИХ-д нэг, нэг суудалтай Ногоон нам, ИЗН нэгдэж байна. Түүний араас өчигдөрхөн нэгэн нөхөрсөг уулзалт болсон нь хуучнаар ҮШН буюу хоёр хоногийн өмнө нэрээ сольсон Монгол Үндэсний Ардчилсан Нам, МАХН-ынхан байв. М.Энхсайхан 200 тугчинтай, Н.Энхбаяр ч дутахааргүй бараа бологсодтой учрав. Тэдний зо­рил­го эвсэх. Эрх барьж буй эвслийн эс­рэг сөрөг хүчин болох ухаан тэдэнд бий…

Ижил амлалтууд…  

2008 оны УИХ-ын сонгууль. Ардчил­сан нам баялаг ихтэй толгойнуу­даас иргэн бүрт нэг сая төгрөгийн хувьцаа эзэмшүүлэхийг амласан. Хариуд нь сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө С.Баяр гэнэт 1,5 сая төгрөгийг иргэддээ бэлнээр олгох тухай амлав. Луйвар болсныг мартаад, өнөө хэр нь хувьцааны үнэ цэнийг ухаагүй бидний олонх нь мөнгө амласанд нь саналаа өгсөн гэж бодьё. Харин нөгөө хэсэг нь хувьцааг илүүд үзсэн. МАХН сонгуулийн будилаанаа намжаахын тулд Засгийн газраа сөрөг хүчинтэй хуваалцаад ажиллаж байна. 1,5 сая төгрөгөө увуулж цувуулаад өгч байна. Оюутнуудад бол бараг өгөөд дуусгах нь. Үлдсэн хүмүүсийн 15 мянга орчимд нь орон сууцны зээлийг нь төлөх байдлаар олгох гэнэ лээ. Дээр нь ирэх оноос ахмадуудад өгч эхэлнэ. Үлдсэнд нь сонгуулиас өмнө нэг юм бодох л байлгүй. Харин Тавантолгойн хувьцааг удахгүй өгч эхлэх юм гэсэн. Одоогоор нарийн ажлууд хийгдэж байгаа гэж албаны хүмүүс хэлээд байгаа. Ингээд бие биеэсээ илүү гарах гэсэн мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд тэд эвсэн ажиллаж байна.     

Ижил эсэргүүцлийн мэдэгдэл…  

Ганц хүн айл болохгүй гэгчээр эвслийн эсрэг нэг нэгээрээ үзээд нэмэргүй болохоор Төрийн ордны гадна байгаа нам, иргэний хөдөлгөөнүүд нэгдэж эхлэх нь. Ингэхдээ энэ эвслийн түүчээ болгож МАХН, МҮАН эвсч байна. Их таалагдвал цаашдаа нэгдэх юм байх. Түүгээр зогсохгүй эрх баригчдын эсрэг чөтгөртэй ч эвсэхэд бэлэн гэдгээ М.Энхсайхан хэлнэ лээ. Өөрөөр хэлбэл, Төрийн ордоны гадна талд байгаа бүхий л хүчнүүд нэгдэх гэнэ. Н.Энхбаяр ч иймэрхүү үгтэй ижил утгыг ил, далдуур илэрхийлэх болсон. Ер нь энэ эвсэл нэлээд өргөн хүрээг хамарч магадгүй. Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний ард Н.Энхбаяр байсан гэдгийг өнгөрсөн долоо хоногт гаргасан МАХН-ын мэдэгдэл баталсан. Тэгээд ч өнөөдөр иргэдийн авах мөнгөний өмнөөс өлсгөлөн зарлаж асан Л.Цог түүний хажуу бөөрөнд байна. Өнгөрсөн жилийн 7-8 иргэний хөдөлгөөн нэгдсэн “амлалт нэхэгчид”, өнөөдрийн МАХН-ын шаардлага, мэдэгдэл, үг үсгийн хооронд зөрүү үгүй. Харин одоо тэдэн дээр МҮАН-ын дарга болсон М.Энхсайханы хэлсэн үгс нэмэгдэж байна. Ингээд бодохоор хоёр нам төдийгүй иргэний хөдөлгөөнүүдийг хамарсан томоохон эвсэл ч гарч магадгүй нь ээ.   

Гуравдагч хүчнүүд…

АН, МАН-ы хамтарч ажиллахаас санаа авч Ногоон нам, ИЗН-аар эхэлсэн нэгдлүүд МАХН, МҮАН-аар үргэлжилж байна. Мэдээж сөрөг хүчингүй болсон энэ цагт гуравдагч хүчин гэдэг ус агаар мэт үгүйлэгдэх нь дамжиггүй. Жинхэнэ утгаараа хөгжлийн төлөө нэгдэн хамтарч ажиллаж чадвал түүн шиг ч хэрэгтэй зүйлгүй. Сураг, ажиг сонсоход гуравдагч хүчинд иргэд ам сайтай байна. Ер нь жилийн жилд эвсэл нэрээр нийлж, хариуцлага шаардах сөрөг хүчингүй болсоор удсан нь иргэдийн амьдралыг улам бүр сөхрүүлэхэд бодитоор хувь нэмрээ оруулж байна. Хааяахан сонсогддог байсан төрийн өндөр албан тушаалтнуудын авлига авсан гэх хэрэг долоо хоногтоо нэг сонсогдох болсон ч хариуцлага тооцуулсан нь дуулдахаа байв. Ингэхээр гуравдагч хүчинд орон зай хангалттай байна. Гэхдээ М.Энхсайхан, Н.Энхбаяр нар юуны төлөө нэгдэж байна вэ гэдэг нь сонирхолтой. Булаагдсан эрх мэдлээ буцаан авахын төлөө ийнхүү сээр нуруугаа нийлүүлсэн бол нийлбэрийн чанарт өөрчлөлт орохгүй. Нэг намын луйварчинг нөгөөгөөр солих шаардлага ч байхгүй.

М.Энхсайхан 2004 онд Ардчилсан намын дарга, “Эх орон-Ардчилал” эвслийн сонгуулийн штабын дарга байсан бөгөөд нам болоод эвслийн удирдлагатай зөвлөж, хэлцэлгүйгээр дур мэдэн “Эвсэж засаглахыг ард түмэн биднээс шаардаж байна” хэмээн мэдэгдсэн нь Н.Энхбаярт өгөөш болж өөрийг нь түлхэн унагахад ашигласан. Гэтэл өнөөдөр өөрийнх нь толгойлсон Засгийн газрыг огцруулж байсан Н.Энхбаярыг магтаж, юуны учраас түүнтэй нэгдэх болов гэдэг нь хачирхалтай. Энэ асуулт 2009 оны Ерөн­хийлөгчийн сонгуулийн үеэр та­вигд­­сан ч өнөөг хүртэл тодорхой хариултгүй л байна.

Харин тодорхой зүйл гэвэл Н.Энхбаяр МАН-ынханд өширхөж, М.Энхсайхан нь Ардчилсан намын­хан­­тай тангараг тасарсан. Үүгээрээ л эвссэн байж болох.      

Судалгаа…  

Эхэнд цухас дурдаад өнгөрсөнчлөн Монголдоо л арай бодитой нь гэгддэг  “Сант марал” судалгааны төвийн судалгаагаар МАН-ын рейтинг тогтмол буурч буй аж. Харин 47,3 хувь нь сөрөг хүчний үйлдэлд гонсгор явна. Түүгээр ч зогсохгүй хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг иргэдийн тал хувь нь үгүйсгэх болжээ. Нийт судалгаанд оролцогчдын ердөө 10 орчим хувь нь Засгийн газрын үйл ажиллагааг таалах болж.

Ер нь нийгмийн тулгамдсан асууд­лыг аль ч нам нь шийдэж чадах­гүй гэж судалгаанд оролцогсдын 42,7 хувь нь үзэж байна. Өөрөөр хэлбэл, үл итгэгчид олширч, эзлэх хувь нь жин дарсан гэсэн үг. Ингэснээр гуравдагч хүчин гарч ирвэл олонхийн саналыг авч болзошгүй дүр зураг ч харагдах болжээ. Судлаачид үүнийг баталж байгаа юм. Гэхдээ гуравдагч хүчнийхнийг энэ тэр гэж гоочлох, эсвэл учиргүй сайшаахаас илүүтэй ажиглах л үлдэж байна. Эвслэл хийгээд эсрэгцлүүдийн талаар эргэцүүлбэл нэг иймэрхүү.

Л.Нарантөгс

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж