Ө.Тулгаа заан таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Ө.Тулгаа заан таалал төгсчээ

Монгол Улсын шилдэг заан, самбо бөхийн спортын мастер Өлзийн Тулгаа 2010 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, Монголын  бөхийн спорт, Монголын нийт бөх сонирхогчдод нөхөж болшгүй гарз учирлаа.
Ө.Тулгаа нь 1956 оны есдүгээр сарын 10-нд Увс аймгийн Малчин сумын нэгдүгээр багийн нутаг Хүрмийн өтөг гэдэг газарт малчин Өлзийн ууган хүү болон мэндэлжээ. Төрөлх сумандаа бага, дунд сургууль төгсөөд цэргийн алба хааж, жолоочийн мэргэжил эзэмшин, аймгийн авто тээврийн есдүгээр бааз, Хархираагийн тэжээлийн аж ахуй зэрэг газарт жолоочоор 20 гаруй жил ажилласан бөгөөд энэ хугацаанд гурван удаа таван жилийн гавшгайч, аймаг, байгууллагын аварга цолыг олонтаа хүртэж байсан, хөдөлмөрч, нягт нямбай ажиллагаагаараа шалгарсан шилдэг тээвэрчин хүн байлаа.
Ө.Тулгаа хүүхэд ахуй наснаасаа үндэсний бөхийн спортыг сонирхон хичээлэж, богино хугацаанд өсч, сум, аймагтаа тодорсон үеэсээ улсын аварга шалгаруулах залуучуудын болон насанд хүрэгчдийн тэмцээн, төрийн их баяр наадамд тогтмол амжилт үзүүлэн барилддаг, барилдааныг нь бөх сонирхогчид шимтэн хүлээдэг, Монгол Улсын шилдэг заануудын нэг байсан юм.
Ө.Тулгаа нь анх 1980 онд Ардын хувьсгалын 59 жилийн ойн их баяр наадмаар зургаа давж, Улсын өсөх идэр начин цол, 1989 онд улсын аварга шалгаруулах барилдаанд 30 давсан амжилтаар Монгол Улсын үлэмж бадрах, үнэн хүчит заан цол хүртэж байжээ. Тэрээр самбо бөхийн улс, олон улсын дэвжээнд үзүүлсэн амжилтаараа спортын мастер цол хүртсэн манай шилдэг бөхчүүдийн нэг байжээ.
Ө.Тулгаа үндэсний бөхийн эрхэм ёс жудгийг тууштай сахиж, давтагдашгүй өвөрмөц барилдааны арга барил, зан суртахууны төлөвшлөөрөө шинэ үеийн залуу бөхчүүдэд ямагт үлгэр дууриал болж, тэдэнд арга туршлагаа эзэмшүүлэхийн төлөө байнга санаа тавин үлгэрлэдэг бөх байлаа.
Шилдэг, сайхан бөхөө ийнхүү таалал төгссөнд гүнээ эмгэнэж байгаагаа талийгаачийн хань, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь илэрхийлж байна.
Талийгаачийнухаалаг намба, хүнлэг сайхан зан, хөдөлмөрч хичээнгүй чанар, бөхөө дээдэлдэг Монгол түмний сэтгэл зүрхэд үүрд хадгалагдан дурсагдаж явах болно.

Увс аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл.
Увс аймгийн Малчин сумын нутгийн зөвлөл.
Монголын самбо бөхийн холбоо.
“Увс нуур” бөхийн гал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж