Кембрижийн хөтөлбөр барилгын ажлаас болж гацсан гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Кембрижийн хөтөлбөр барилгын ажлаас болж гацсан гэв

Кембрижийн хөтөлбөр  хичээллэх сургуулийн барилгаас шалтгаалан эхлэхгүй байгаа гэнэ. Монгол Улсын Засгийн газраас Кембрижийн Олон Улсын хөтөлбөрөөр хичээллэх хос хэлний сургалтын систем бий болгох бодлогыг Кембрижийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх туршилтын ажлыг энэ оны хичээлийн жилээс эхлэн гурван жилийн хугацаатай нийт 30 сургуульд хэрэгжүүлэхээр болсон. Энэ жил гурван сургууль дээр уг хөтөлбөрийг турших бөгөөд Шинэ эрин, Монгол тэмүүлэл, Шинэ эхлэл гэсэн сургуулиудад хичээллэх байсан. Гэтэл хичээлийн шинэ жил эхлээд 10 гаруй хонож байхад Кембрижийн сургалтын туршилтаар эхлэх хичээлийн байр, суралцагсад нь бүрдээгүй хэвээр байна. Мөн Кембрижийн хөтөлбөр одоо болтол хэрэгжиж дуусаагүй гэх яриа ч олны дунд тараад байгаа. Энэ хөтөлбөрийн талаар болон сургалтын хичээл хэзээ эхлэх талаар БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Д.Чимэддуламаас тодруулаа.

-Кембрижийн хөтөлбөрийг боловсруулж дуусаагүй дээрээс нь хүүхдүүд нь бүрдэхгүй байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилтийг удаашруулж  байна уу?

-Кембрижийн хөтөлбөрийг гурван жилийн хугацаатайгаар судалж, туршихаар болсон. Нийт 30 сургуулийг гурван жил туршина. Хэдхэн сарын дотор энэ хөтөлбөрийг дуустал нь туршина гэж байхгүй. Хүмүүс буруу ойлголттой байгаад байна. 30 сургуулийг гурван жилийн дотор туршиж, энэ жил эхний гурван сургуулийн VII, VIII, IX ангиудад туршилтаар хичээллэхээр болсон. Дараа жилээс бага анги, дунд бусад ангиудыг туршихаар хөтөлбөр батлагдсан. Энэ жилийн гурван ангид элсэлт авахаар өнгөрсөн зургадугаар сард элсэлт авсан боловч хүүхдийн тоо гүйцээгүйгээс дахин элсэлт авч байгаа. Нөгөө талаар манай боловсролын стандарт Кембрижээс давуу талтай. Тиймээс давуу тал нь юу байна гэдгийг судалж, манайхаас давуу бол тэрнийг нь хэрэгжүүлнэ. Хамгийн гол нь өөрсдийн боловсролын стандартыг Кембрижтэй харьцуулах туршилтын энэ гурван жилийн хугацаанд хийх гэж байна. Шинээр нээгдэх хоёр сургуулийн VII VIII IX ангиуд яг энэ хөтөлбөрөөр хичээллэх болно. Шинэ эрин сургууль өнгөрсөн жил VIII ангид туршигдсан. Одоогоор баригдаж байгаа сургуулийн засвар дуусаагүй бөгөөд сурагчид, багш нар  сургуулийн барилга барьж дуустал Англи хэлний сургалтуудад хичээллэж байна.

-Хичээл эхлэхгүй байгаа шалтгаан нь сургуулийн байр байхгүйгээс гэсэн үг үү?

-Тиймээ, энэ хичээлийн шинэ жилээс эхлэх байсан ч сургуулийн засвар дуусаагүй. Дээрээс нь сонгон шалгаруулалт дахиж байгаа болохоор хугацаа нь хойшилсон. “Шинэ эхлэл”, “Шинэ эрин” хоёрын барилга дуусаагүй энэ аравдугаар сард дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Монгол тэмүүлэл нь шинэ эрин буюу хуучин 115 дугаар сургуулийн хичээлийн байранд, шинэ эхлэл нь хороолол буюу бидний нэрлэж заншсанаар модны хоёрт  хичээлийн байр нь баригдаж байгаа.

-Шалгалтад орж байгаа сурагчид ямар шалтгаанаар тэнцэхгүй байна вэ. Кембрижийн хөтөлбөр ахдаад байна уу манай сурагчдад?

-Шалгалтад орсон сурагчид Математикийн хичээл дээр нь маш өндөр байгаа. Шалгалтад ирсэн материалыг түүртэхгүй хийж чадаж байна. Харин Англи хэлний хичээл дээр л бага оноо аваад байна. Англи хэл, Математик гэсэн хоёр хичээлээр шалгалт авч, тус бүр 570 оноо авах ёстой. Энэ гурван сургуулийн сурагчид хос хичээлээр хичээллэнэ. Байгалийн ухааны буюу Математик, Физик, Хими, Биологи гэсэн хичээлүүд Англи хэл дээр үлдсэн хичээлүүд нь монголоор заана. Тиймээс сурагчдын англи хэлний мэдлэг өндөр байх шаардлагатай. Одоо VII ангид 49, VIII ангид 55, IX ангид 69 сурагч авах дутуу байгаа.  Бүртгэлд 397 хүүхэд бүртгүүлсэн байна. Сурагчдын босго оноо нь 80-аас дээш байна гэсэн шаардлага тавьсан. Өнгөрсөн зургадугаар сард авсан элсэлтийн шалгалт өгсөн сурагчдын тоо гүйцээгүй учраас дахин шалгалт авч байгаа. Бүртгэл нь энэ сарын 24-нд дуусна.

-Бүртгүүлсэн хүүхдүүд одоо хичээлдээ сурахгүй байгаа гэсэн үг үү. Хичээлээс хоцрох асуудал гарч болох юм?

-Сурагчид одоо хуучин сургуульдаа явж байгаа. Хажуугаар нь манай яамнаас тусгай хөтөлбөрөөр англи хэлний сургалтанд сууж байгаа. Тэгэхээр хоцрох асуудал гарахгүй. Сургуулийн барилга баригдаж дуусахаар шинэ сургуульдаа суралцаад явна.

-Багш нарын сонгон шалгаруулалт дууссан уу?

-Багш нарын хувьд шалгаруулалт дууссан. 150 гаруй багш бүртгүүлснээс 30 гаруй багш шалгаруулалтад тэнцсэн. Эхний ээлжний багш нар Энэтхэг улсад сургалтад сууж байгаа гэнэ. Дараагийн ээлжний багш нар шат дараатай сургалтуудад сууна. Багш нарыг Англи хэлний мэдлэг, багшлах ур чадвар, сурагчидтай харилцах харьцаа зэрэг олон талыг харж шалгасан. Мөн энэ хөтөлбөр туршигдаад дуусвал багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Ерөнхий боловсролын сургуулийн стандарт Кембрижээр шинэчлэгдээд ирвэл багшлах боловсон хүчин нь шинэчлэгдэх шаардлага гарна.

Ш.Чимэг

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж