Одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хууль нь аж ахуй нэгжийн ажил олгогч талд илүү давуу талтай байна гэдгийг зарим оролцогчид үзэж байсан. Тухайлбал хөдөлмөрийн гэрээг ажил орж байгаа иргэнд зориулж, тухайн ажлын нөхцөл байдалд тулгуурлан шинэчлэн боловсруулан гэрээ хийх ёстой байдаг аж. Гэтэл Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас гаргасан нэг загварын хөдөлмөрийн гэрээг бүх аж ахуй нэгж хувилан ажилчидтайгаа гэрээ хийдэг. Уг нь бол тухайн аж ахуй нэгж байгууллага нь өөрсдийн ажлын нөхцөл, онцлогт тааруулан гэрээ хийх ёстой байдаг аж. Гэтэл энэ үүргийн биелүүлдэг аж ахуй нэгж тун ховор байдаг гэдгийг ч хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан.
“Ер нь бол Хөдөлмөрийн хуулийг практикт хэрэглэж байгаа байдлаас харвал уг хууль нь өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгжид хэрэглэх боломжгүй, хамрах хүрээ явцуу, жижиг аж ахуйн нэгжид ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалж чаддаггүй, тэдгээр байгууллагад хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, цаашид хөдөлмөрийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг сайжеруулах шаардлагатай байна гэдэг аж ахуй нэгжийн хүний нөөцийн мэргэжилтнүүд хэлж байлаа. Зарим аж ахуй нэгжийн хувьд хүний тоо цөөн мөн хувийн хэвшилд хөдөлмөрийн хуулийг дагаж мөрдөхгүй байх, илүү цаг, шөнийн цагийн нэмэгдэл, амралтын мөнгө олголт гээд өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулийг шинэчлэх шаардлага гараад байгаа” гэж НХХЯ-ны стратеги төлөвлөлтийн газрын дарга Н.Аюуш хэлж байлаа.
Тиймээс хөдөлмөрийн харилцааны хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалтын нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн харилцааны соёлыг ажил олгогч, ажилтнуудад төлөвшүүлэх, зохистой хөдөлмөрийн үзэл санааг үндэсний хэмжээнд хангах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуульд зарим өөрчлөлтийг оруулан шинэчлэн найруулахаар төлөвлөөд байгаа аж. Үүнд, хөдөлмөр эрхлэлт, бүрэн бус цагаар ажиллах, нийгмийн хөгжилд зохицуулах, хуулиар зохицуулж байсан хэт нарийвчилсан зарим зохицуулалтыг уян хатан болгох, нийгмийн түншлэлийн механизмын хөгжлийн түвшинг харгалзан хамтын болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулах асуудлын хүрээг нэмэгдүүлэн хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, үндсэн эрх, хөдөлмөрлөх нөхцлийн наад захын хэм хэмжээг заавал хангуулж, түүнээс илүү сайн нөхцлийг хамтын гэрээний үндсэн дээр анхан шатандаа тогтоох соёл, эрмэлзлийг бий болгох зэргийг тусгасан юм байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан “Иргэний тухай”, “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай”, “Нийгмийн даатгалын тухай” хуулиудад тус тус нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарна гэдгийг ч онцолж байлаа.
"Ардын эрх" сонин