Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Төсөв түнтийжээ. Гурилтай бол айлаас мах гуйгаад бууз хийхсэн, даанч давс байхгүй гэдэг шиг дандаа л байхгүй, мөнгөгүйн зовлон тоочиж суудаг Монгол Улсын төсөв оны сүүлээр анх удаа ашигтай гарах нь. Газрын доорх их баялгийнхаа ачаар ганц  удаа ч гэсэн төсөв маань ашигтай гарч байгаа нь сайн хэрэг, сайхан сонсогдож байна.  Анх удаа ашигтай гарсан, өнөөдрийн байдлаар 300 орчим тэрбумаар хэмжигдэж буй Монгол Улсын төсвийн ашиг оны эцэст  500 тэрбумд хүрэх тооцоо байгаа аж.

Төсөв ашигтай гарсан нь үнэндээ төсөв баталдаг, төсвийг зарцуулдаг эрхмүүдийн гавьяа биш. Тэд урьдын адил үрдгээрээ үрсэн.  Зарлага нь хэтийдсэн, үрэлгэн төсөв өнгөрсөн онд баталж  иргэдийн шүүмжлэлийг багагүй хүртсэн нь бий. Засгийн газраас УИХ-д 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг танилцуулж байсныг эргэн сонирхвол төсвийн орлого 3,284.2 тэрбум байсныг 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, зарлага 3,954.9 тэрбум байсныг 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь болгож нэмэгдүүлсэн байна. Харин төсвийн нийт алдагдал 670.7 тэрбум төгрөг байсныг 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хасах 9.9 хувьтай болгож, парламентад өргөн барьж байжээ.  УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийсний дараа улсын төсвийн хөрөнгийн зардал 737.9 тэрбумд хүрч Засгийн газрын өргөн барьсан зардлаас нийт 95.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 301.2 тэрбум төгрөг буюу өргөн барьсан төсвийн төслөөс 28.4 тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага 805.2 тэрбум төгрөгт хүрчээ.

Харин нэгдсэн төсвийн алдагдлыг 504 тэрбум төгрөгт хүргэхээр “үйлдвэрлэсэн байна. Үүнийг уул уурхайн ордуудын урьдчилгаа төлбөрөөс авахаар тооцсон бөгөөд  төсвийн алдагдал ДНБ-ий 9.9 хувьтай батлагдсан юм.

Өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 3000 ам.долларт хүрсэн хийгээд улсын төсвийн ашиг 300 тэрбумаар хэмжигдэхэд аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 936.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 87.9 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Үүнийг салбарын мэргэжилтнүүд уул уурхайн олборлох аж үйлдвэрийн буюу зэсийн баяжмал, газрын тос, нүүрс, алт, төмрийн хүдэр зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.3-3.8 дахин нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа Түүнч­лэн боловсруулах үйлдвэрийн бүтээг­дэхүүний үйлдвэрлэлт 1-8.5 дахин нэмэгдсэн нь төсвийн орлого өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд нөлөөлсөн  бөгөөд импорт үнийн дүнгээр энэ оны эхний долоон сард 4489 тэрбум төгрөгт хүрч жилийн төлөвлөгөө 95 хувьтай биелэсэн гэдэг сонсоход чимэгтэй мэдээлэл байгаа юм.

Нөгөө талаар төсөв ашигтай гарсан нь 2008 оны татварын хуулиудын шинэчлэлтэй холбоотой аж.  Учир нь татварын хуулиудын шинэчлэлийн хүрээнд “хар зах зээл” байсан хөрөнгө ил гарч ирсэн. Татварын далд эдийн засаг багасахын хэрээр улсад орж ирэх хөрөнгийн хэмжээ ихэсдэг. Тэгэхээр Монгол Улсын төсөв цаашид улам л зузаарах бололтой. Тиймээс авдрыг нь  дүүргэж байгаа ашгийг хэрхэн үрэх нь Засгийн газраас шалтгаална. Баруун солгойгүй цацаж, халамжийг хавтгайруулах уу. Эсвэл бодит төсөл, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үү гэдэг Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх асуудал.  Ямар ч бай­сан  төсвийн орлогын нэмэлт эх үүс­вэр бий болж байгаатай холбогдуулан 2011 оны батлагдсан төсөвт тодотгол хийхээр Сангийн яамнаас төсөл боловс­руулж  УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Албаны эх сурвалжаас өгсөн мэдээллээр бол уг мөнгийг УИХ-аас өнгөрсөн хаврын чуулганаар баталсан ноос, ноолуурын салбар, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих 300 тэрбумд зориулах гэнэ.  Уг тодотголын төсөлд төсвийн орлогын 456.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцох боломжтой юм. Мөн төсвийн орлого нэмэгдэж байгаатай холбогдуулан төсвийн урсгал зардлыг нийт 92.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцжээ. Тиймээс төсвийн орлого нэмэгдэж буйтай холбоотойгоор хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд нийтдээ 288 тэрбум төгрөг нэмж тусгахаар төлөвлөөд байгаа гэнэ. Түүнчлэн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад тэргүүн ээлжинд шаардагдах 34 тэрбум төгрөгийг ч тусгасан байна.  Гэхдээ энэ бүхний зарцуулалтыг, 500 тэрбумыг Засгийн газар хэрхэн үрэхийг хянах хяналтын систем Монголд байхгүй нь харамсалтай.

Учир нь нийтийн санхүүг хя­нах зүйл заалт Үндсэн хуулиар хам­гаалагдаагүй учраас Үндэсний аудитын газраас сайд, дарга нарын төсвийн зарцуулалтыг шалгалаа  ч, төс­вийн зардлыг хэтрүүлснийг илрүүллээ ч эрх баригчидтай хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин байдаггүй. Уг нь Засгийн газрын зээл, бондын асуудлыг хүртэл Үндсэн хуулиар хянах ёстой. Хяналт тавихын тулд монголчууд Үндсэн хуулиндаа заалт оруулах ёстой болж байна. Тэгэхээр нэгэн үлгэрт гардаг шиг зүйл болохгүй байгаасай гэж л найдаж суухаас өөр аргагүй юм.  Тэр үлгэрт долоон огтоно газар ухаж байгаад үмх шар тос олдог тухай гардаг. Үмх шар тосыг нь отгон дүү нь долоосоор байгаад ганцаараа идчихдэг. Отгон дүүгээ зодсоор байгаад алчихдаг шүү дээ. Эцэст нь төрийн төсөв 300 тэрбумын ашигтай гарсан бол иргэний төсөв сард 149 мянган төгрөгийн алдагдалтай гарч байгаа талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурдагджээ. Энэ нь төсөв хэдийгээр зузаарсан ч иргэний амьдралд очиж наалдахгүй байгаагийн нэг илрэл болов уу.

Ж.НЯМСҮРЭН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж