Чөлөөтийн анхны эрхийг О.Насанбурмаа авлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн анхны эрхийг О.Насанбурмаа авлаа

Туркийн Стамбул хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн 2011
оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн барилдаан өндөрлөж, Монголын баг тамирчид хоёр дахь медалиа хүртлээ. Лхагва гаригт эмэгтэйчүүдийн 48, 51 кг-ын жингийн барилдаанаар тэмцээнээ эхлүүлсэн чөлөөтийнхнөөс эхний өдөр 51 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг мөнгөн медаль хүртсэнээр баг тамирчдын медалийн буухиаг эхлүүлсэн билээ. Харин өчигдөр тэмцээний хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 55, 59 болон 63 кг-ын жингийн барилдаан болж, 55 кг-д ОУХМ Б.Номин-Эрдэнэ,
59 кг-д Гавьяат тамирчин Д.Нармандах, 63 кг-д ОУХМ О.Насанбурмаа нар
дэлхийн аваргын дэвжээнд хүч үзсэн юм. Улмаар 2008 оны дэлхийн аваргын хүрэл медальт О.Насанбурмаа жингийнхээ ангилалд хүрэл медаль хүртсэн бөгөөд олимпийн жин учир Лондонгийн олимпийн эрхийн болзол хангаж буйгаараа онцлог байлаа.

FILA буюу
Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны дүрмээр дэлхийн
аваргад олимпийн жин бүрт медалийн төлөө барилдсан буюу эхний зургаан
байрт шалгарсан
бөхчүүдэд олимпийн эрх олгох учиртай. Тэрбээр эхний тойрогт хийлж,
хоёрдугаар тойрогт Румыны Михаила Панайтыг 1:0, 3:0 харьцаагаар, дараа
нь Европын хошой аварга, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, ОХУ-ын
бөх
Любовь Волосоваг 1:0, 0:1, 1:0 харьцаагаар, улмаар Венесуэлийн Глория
Жозефина Завала Лугог 1:0, 1:2, 4:3 оноогоор ялснаар хэсгийн аварга
болсон юм. Улмаар Унгарын бөх Марианна Састинд 0:2, 2:5-аар ялагдсанаар
хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Хэрэв Унгарын бөхийг ялсан бол
О.Насанбурмаа аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болох байлаа.
Тэрбээр хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын бөх Ким Ран Митай барилдаж, 1:0, 1:0 харьцаатай буулган авснаар медалийн тавцанд гарчээ.

Мөн өчигдөр 59 кг-ын жинд хүч үзсэн дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Нармандах эхний тойрогт
хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Европын аваргын алт, мөнгө, хүрэл
медальт, дэлхийн аваргын алт, хүрэл
медальт, Шведийн София Мэттссонтой барилдаж, 0:5 харьцаатай ялагдсан.
Шведийн бөх дараагийн учраануудаа ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй
болсон тул Д.Нармандах дагах барилдаанд зодоглож, Туркийн бөх Лейла
Метинг 7:1, 1:0 харьцаатай буулган авснаар хүрэл медалийн төлөө Японы
бөх Такако Сайтотой барилдахаар болсон юм. Харамсалтай нь, медалийн төлөөх барилдаанд Д.Нармандах гавьяат Японы бөхөд 4:4, 0:5, 0:3 харьцаатай ялагджээ.

Харин 55
кг-д Б.Номин-Эрдэнэ эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Грекийн бөх Мария
Преволаракиг 1:0, 2:1 харьцаатай ялсан ч удаахь барилдаанд Канадын бөх
Тоня Линн Вербеект 5:0, 2:0 харьцаатай ялагдсан. Гэхдээ манай бөхийг
ялсан Т.Вербеек цаашид амжилттай барилдаж, алтан медалийн төлөө барилдах
эрхтэй болсон тул Б.Номин-Эрдэнэ дагах барилдаанд зодоглосон. Харамсалтай нь, дагах барилдаанд тэрбээр ОХУ-ын тамирчин Мария
Гуровад 0:1, 4:4 харьцаатай ялагдсанаар энэ жилийн дэлхийн аваргыг
орхисон юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж