О.Насанбурмаа, Д.Нармандах нар хүрлийн төлөө

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

О.Насанбурмаа, Д.Нармандах нар хүрлийн төлөө

Туркийн Стамбул хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж буй чөлөөт бөхийн 2011 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эмэгтэйчүүдийн 55, 59 болон 63 кг-ын жингийн барилдаан болж байна. Эдгээр жинд Монголын баг тамирчдаас 55 кг-д ОУХМ Б.Номин-Эрдэнэ, 59 кг-д Гавьяат тамирчин Д.Нармандах, 63 кг-д ОУХМ О.Насанбурмаа нар барилдаж буйгаас Д.Нармандах, О.Насанбурмаа нар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна.

Хэсгийн барилдаанууд өнөөдөр Монголын цагаар 19.00 цагаас эхэлсэн. Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр гарч барилдсан Монголын гурван бөх гурвуулаа эхний тойрогт хийлсэн юм.

55 кг-д Б.Номин-Эрдэнэ хоёрдугаар тойргийн барилдаанд Грекийн бөх Мария Преволаракиг 1:0, 2:1 харьцаатай ялсан ч удаахь барилдаанд Канадын бөх Тоня Линн Вербеект 5:0, 2:0 харьцаатай ялагдсан. Гэхдээ манай бөхийг ялсан Т.Вербеек цаашид амжилттай барилдаж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон тул Б.Номин-Эрдэнэ дагах барилдаанд зодоглох эрхтэй болсон. Харамсалтай нь, дагах барилдаанд тэрбээр ОХУ-ын тамирчин Мария Гуровад 0:1, 4:4 харьцаатай ялагдсанаар энэ жилийн дэлхийн аваргыг орхисон юм.

Харин 59 кг-д барилдсан Д.Нармандах эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Европын аваргын алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл
медальт, Шведийн София Мэттссонтой барилдаж, 0:5 харьцаатай ялагдсан. Шведийн бөх дараагийн учраануудаа ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон тул Д.Нармандах дагах барилдаанд зодоглож, Туркийн бөх Лейла Метинг 7:1, 1:0 харьцаатай буулган авснаар хүрэл медалийн төлөө Японы бөх Такако Сайтотой барилдахаар болоод байна.

Түүнчлэн 63 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Насанбурмаа хүрэл медалийн барилдах эрхтэй болсноор Лондонгийн олимпийн эрхийн болзол хангаж байгаа юм.  FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны дүрмээр дэлхийн
аваргад олимпийн жин бүрт медалийн төлөө барилдсан буюу эхний зургаан байрт шалгарсан
бөхчүүдэд олимпийн эрх олгох учиртай. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Румыны Михаила Панайтыг 1:0, 3:0 харьцаагаар, дараа нь Европын хошой аварга, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, ОХУ-ын бөх
Любовь Волосоваг 1:0, 0:1, 1:0 харьцаагаар, улмаар Венесуэлийн Глория Жозефина Завала Лугог 1:0, 1:2, 4:3 оноогоор ялснаар хэсгийн аварга болсон юм. Улмаар Унгарын бөх Марианна Састинд 0:2, 2:5-аар ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Хэрэв Унгарын бөхийг ялсан бол О.Насанбурмаа аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болох байлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын бөх Ким Ран Митай барилдана.

Медалийн төлөөх барилдаанууд Монголын цагаар 00.30 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж