Эрх чөлөөний аянг эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Эрх чөлөөний аянг эхлүүлэв

Ардчилсан нийгмийн хамгийн чухал үнэт зүйл болсон эрх чөлөөний үзэл санааг залуучуудад түгээх, мөн тэдний эрх чөлөөний мэдрэмжийг дээшлүүлэх зорилгоор Ардчилсан Залуучуудын Холбооноос “Эрх чөлөөний” аяныг өнөөдөр эхлүүллээ. Тодруулж хэлбэл, аяныг олон улсын ардчиллын өдөр эхлүүлж байгаа юм байна. Мөн тус холбооныхон  аяныхаа хүрээнд үзэл бодол, итгэл үнэмшлээрээ ардчилал, эрх чөлөөний илэрхийлэл болж буй залуучуудыг “Эрх чөлөөний дууч”-аар тодруулан шагнаж байхаар шийдвэрлэж, анхныхыг нь Д.Амартүвшинд гардууллаа. “Эрх чөлөөний дууч”-аар өргөмжлөгдсөн Д.Амартүвшин нь “Миний гэр” телевизийн реалити шоунд оролцож, олны танил болсон нэгэн юм байна. Тэрбээр залуучуудын эрх чөлөөний мэдрэмжийг дээшлүүлэх зорилго бүхий “Эрх чөлөөний парад”, “Либертари” сургалт, “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе” зэрэг олон нийтийн олон арга хэмжээг зохион байгуулж байснаас гадна долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг эсэргүүцсэн залуусын “Гацалт” арга хэмжээг амжилттай зохион байгуулахад оролцож байжээ.

Дээрх арга хэмжээнд Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Ардчилсан Залуучуудын Холбооны дэд тэргүүн Б.Батцэнгэл /Quiza/, Сэлэнгэ аймгийн АЗХ-ны дарга Г.Оюунбат нар оролцлоо. Ардчилсан Залуучуудын Холбооноос цаашид “Эрх чөлөөний” аяны хүрээнд залуучуудад эрх чөлөөний үзэл санаа, үнэ цэнийг ойлгуулах чиглэлээр олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд гол онцлог нь залуучуудын эрх чөлөөгөө илэрхийлдэг, тэдний сонирхдог зүйлсийн хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж