“Эрдэнэ зуу” судлаачид Монголд чуулна

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

“Эрдэнэ зуу” судлаачид Монголд чуулна

Орхоны хөндийн сав газруудад Монголын эртний түүхийн ховор олдвор бүхий хөшөө дурсгал олон бий. Тэдгээрээс томоохонд тооцогдох Хархорум хотын туурин дээр байгуулсан “Эрдэнэ зуу” хийдийг судлах, сэргээх зорилгоор Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “Эрдэнэ зуу” төслийн багаас энэ сарын 16-19-нд “Эрдэнэ зуу хийдийн өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Өвөрхангай аймгийн Хархорум музейд зохион байгуулах гэж байгаа талаар Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн судлаач, профессор А.Очир, Японы талын төслийн удирдагч профессор Мацүкава Такаши нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уг олон улсын эрдэм шинжилгээний хуралд таван орны 20 гаруй судлаачид илтгэл тавьж, цаашид Эрдэнэ зуу хийдийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцэх гэнэ. Энэ үеэр Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин “Эрдэнэ зуу хийд нь яах аргагүй монголчуудын суурин соёл иргэншилтэй холбоотой ховорхон түүх дурсгалын нэг мөн. Хэдийгээр Манж чин улсын эрхшээлд бүтээн босгосон хэдий боловч бурхан шашны соёлтой монгол дархан, уран зургийн ур ухааныг харуулсан гэдгээрээ онцлогтой. Түүнийг судлах, сэргээхэд Япон улсын талаас ихээхэн анхаарал хандуулсны үр дүнд 1996 оноос эхлэн бүрэн судалгааг хийж бөгөөд энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар цаашид яаж хамгаалах, судалгааг үргэлжлүүлэх талаар хэлэлцэх юм” гэдгийг онцоллоо.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж