Г.Ган-Эрдэнэ улсын дээд амжилтыг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Г.Ган-Эрдэнэ улсын дээд амжилтыг шинэчиллээ

Өнгөрсөн даваа гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн байт харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дүнгээ гаргаж байна. 2011 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд есөн байгууллагын 73 харваач рекурв болон компаунд гэсэн төрлөөр цэц мэргэнээ сорилоо. Рекурв төрлийн 90 метрийн зай “Хангарьд” клубийн тамирчин Г.Ган-Эрдэнэ 321 оноо авч, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр “Алдар” спорт хорооны харваач Ц.Одбаяр, “Хангарьд” клубийн Б.Аззаяа нар Спортын мастер, “Нийслэл өргөө” клубийн Ц.Ариунбилэг, Б.Буд-Алтай, Б.Гэрэл, “Алдар” биеийн тамир спортын тамирчин Б.Отгонболд нар шинээр дэд мастерийн болзол хангаад байна. Спортын мастерийн эрэгтэйчүүдийн болзол хангахад  90, 70, 50, 30 метрийн зайн харвааны нийт оноо 1180, дэд мастерийн болзол 1080 оноо байх шаардлага тавьдаг. Харин эмэгтэй харваачид 70, 60, 50, 30 метрийн харваанд дээрх оноог авах шаардлагатай юм. Одоогоор манай улс байт харваан төрлөөр 2012 оны Лондонгийн олимп болон паралимпийн гурван эрх авсан. Олимпийн эрхээ “Нийслэл өргөө” клубийн харваач СМ Ж.Гантөгс, паралимпийн эрхээ СМ Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ нар хангаад байна. Өнгөрсөн долдугаар сард Италийн Турин хотноо болсон ДАШТ-ээс СМ Ж.Гантөгс есдүгээр байрт, Б.Оюун-Эрдэнэ наймдугаар байрт шалгаран эрхээ авсан бол есдүгээр сарын 5-9-ний хооронд Их Британид болсон тэмцээнээс Б.Жавзмаа дэд байрт шалгаран эрхээ авсан юм.

Манай байт харваан үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 20 гаргаад Кувейт улсад хамтарсан бэлтгэл сургуулилт хийгээд, ирэх сарын 19-24 хооронд Иран улсын нийслэл Тегеран хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

2011 оны байт харваан рекурв төрлийн медальтнууд:

Хувийн харваан эрэгтэй:

  1. Г.Ган-Эрдэнэ СМ  /Хангарьд/
  2. Ж.Гантөгс СМ /Нийслэл өргөө/
  3. Б.Долгорсүрэн /Хангарьд/

Эмэгтэй:

  1. Б.Урантунгалаг
  2. Ч.Мөнхцэцэг
  3. Ч.Оюунсүрэн бүгд “Хангарьд” клуб

Багийн харваан эрэгтэй:

  1. Хангарьд
  2. Нийслэл өргөө
  3. Алдар биеийн тамир спорт хороо

Эмэгтэй:

  1. Хангарьд клубийн нэгдүгээр баг
  2. Хангарьд клубийн хоёрдугаар баг
  3. Алдар БТС хороо

Холимог багийн төрөл:

  1. Хангарьд 137 оноо
  2. Нийслэл өргөө 119
  3. Алдар БТС хороо 99
 Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж