Төгс ардчиллын төлөө нэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Төгс ардчиллын төлөө нэгдэв

Монгол Улсад ардчиллын оч бадарснаас хойш 22 жил өнгөрсөн ч үнэт зүйл нь болсон иргэд хувь хүнийхээ эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улстөрийн сонгуулийн эрхээ эдэлж чадахгүй байна гэж  үзэн Ардчилсан нийгмийн гишүүд дэмжигчдийн холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд “Төгс ардчилал” аяныг эхлүүллээ.  Хэдийгээр төгс төгөлдөр зүйл нийгэмд байдаггүй гэх боловч, төгс ардчилалд хүрэхийн төлөөх тэмүүлэл нь Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн шударга нийгэм цогцолж, иргэд нь байгалийнхаа баялгаас эрх тэгш хувь хүртэж, мөн сонгох, сонгогдох улстөрийн эрхээ эдлэх учиртай гэж холбооныхон үзэж байна. Аяны хүрээнд тэд гурван чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулах юм. Тухайлбал, монголын ард түмэнд эдийн засгийн эрх чөлөө олгохын зэрэгцээ хувь хүнийхээ эрх чөлөөг жинхэнэ утгаар эдэлдэг байх тэр тогтолцоог бий болгох. Дээр нь шударга сонгуулийг бий болгохын төлөө ажиллана гэж тэд зорилгоо тодорхойллоо. “Хонхны дуу” цуурайтсан Сүхбаатарын талбайд болсон аяны нээлтэд амжилтч хүсч, Ардчилсан намын дарга, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нар оролцон, үг хэлэв.  Мөн  Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар аяныхаа үйл ажиллагааг зочиддоо танилцуулсан юм. 

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг:

-“Одоогоос  22 жилийн өмнө ардчилал гэдэг үгийг Монголд анх удаа ярьж эхэлсэн.  Энэ үеэс монголчууд ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө тууштай зогссон. Гэвч түүнд 22 жил яваад хүрчихдэг зүйл биш аж, энэ бол үйл явц юм байна. Жил өнгөрөх тусам ардчиллыг хамгаалж,  боловсронгуй болгох нь чухал үйл явц болж байна. Манай Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос зохион байгуулж байгаа энэ аян бол ардчиллыг төгөлдөржүүлэхийн төлөөх чин эрмэлзэл хүсэл тэмүүлэл юм. Монголчууд эх орондоо сайхан амьдрах нөхцөл бүрдэх ёстой. Үүний тулд эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй. Нөгөө талаас хувь хүний эрх чөлөө хангагдахгүй байна. Энэ бол шийдвэл зохих асуудлын нэг байсаар байгаа. Тийм учраас хувь хүний эрх чөлөөг бий болгохын төлөө зорилго дэвшүүлж байна. Гурав дахь нь шударга сонгууль. Гурван жилийн өмнө шударга бус сонгуулиас үүдэлтэйгээр энэ талбайд томоохон хөдөлгөөн өрнөж байсныг та бүхэн санаж буй нь лавтай. Ирэх жилийн сонгуулийг шударга явуулахын тулд энэ аяны зорилго оршиж байгаа. Аянд амжилт хүсье”
 
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

 “Хамгийн тэргүүнд тулгамдаад байгаа зүйл нь хүн эрх,  эрх чөлөөтэй байж гэмээнэ түүнийхээ баталгаа болсон сайн сайхан аж амьдралтай,  өмч хөрөнгөтэй байх ёстой. Ардчилсан нам 22 жилийн өмнө хүнийг өмчтэй болгох асуудлыг хамгийн чухал гэж үзэж, малыг малчдад, газрыг тариаланчдад нь өмчлүүлэх ёстой гэж хэлсэн үгийн утга үүнтэй холбоотой. Одоо бол монгол иргэний жинхэнэ том өмч байгалийн баялгаас өөрсдийнхөө хувийг хүртэхэд чиглэж байна.  Нөгөө талаас эдийн засгийн оролцоог хангах ёстой. Хүн бүр бизнес эрхлэх адил тэгш боломжийг мэдлэгээр нь чадвараар нь хөрөнгө санхүүгийн дэмжлэгээр олгох ёстой. Ингэж байж эдийн засгийн эрх чөлөө бий болно. Гурав дахь нь хувь хүний эрх чөлөө, сонгуулийн эрх чөлөө. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр надад байдаг чөлөөтэй сонгох эрхийг худалдаж авч байна, хуурч авч байна. Зарим нэг талаар айлгах эмээлгэх байдлаар авч байна. Жишээ нь, сонгуульд чи энэ талд өгөхгүй бол дараа нь чи эндээ амьдрах хүн гэдэг агуулга тод сонсогддог. Өөрөөр хэлбэл,  хувь хүнд өөрт нь байдаг “би мэднэ ээ” гэдэг зүйлийг нь булааж авч байгаа явцыг цааш гүнзгийрүүлж болохгүй. Төгөлдөршлийн хамгийн чухал зүйл бол шударга сонгууль. Иргэн болгон энэнийхээ үр дүнд өөрийнхөө улстөрийн эрх чөлөөг эдэлж чаддаг болох нь нэн амин чухал зүйл юм. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос ийм тулгын гурван чулуу болсон зүйлийг барьж авсанд талархалтай байна. Үүгээр иргэддээ боловсрол олгох ёстой” гэсэн юм.

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч
Т.Хасбаатар:

“Монгол хүн эх орондоо эзэн болж, энэ эх орныхоо жинхэнэ эзэн байхыг тунхагласан 22 жилийн өмнөх ардчилал хүнээр бол идэр залуу хүний бие махбодтой байгаа. Оюун санаа нь мөн залуу байгаа. Тийм учраас энэ ардчиллаа илүү төгс болгоход аян чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Эдийн засгийн эрх чөлөө, монгол хүний хөгжил, шударга сонгууль гэсэн ийм сэдэв дор аяны үйл ажиллагаа өрнөнө. Удахгүй та бид амжилтаа дүгнээд энэ талбайд эргэн уулзана” гэлээ.

Ийнхүү “Төгс ардчилал” аяны нээлт даруухан боллоо. Ирэх оны гуравдугаар сар гэдэг хаврын урь орж байх тэр үе. Аяны хүрээнд монголчууд эдийн засгийн эрх чөлөө, хувь хүнийхээ эрх, эрх чөлөөнд хүрсэн байх болтугай гэж ерөөе. Үүнд хүрэхэд хувь хүн бүрийн оролцоо хүсэл эрмэлзэл бас байх ёстойг сануулъя.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж