Цалинг гурав дахин нэмэх санал гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Цалинг гурав дахин нэмэх санал гаргалаа

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлсний хэмжээг гурав дахин нэмэгдүүлэх саналыг Засгийн газар болон ажил олгогч эздэд тавьж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Энэ тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр 12.00 цагт тус холбооны байранд болж, мэдээллийг холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар болон бусад албаны хүмүүс өгсөн юм.

Цалин, тэтгэврийн өсөлт хэдийгээр үнийн дүнгээр нэмэгдэж байгаа хэдий ч үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа учраас Үйлдвэрчний эвлэл дээрх саналыг гаргаад байгаа ажээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци өнгөрсөн оны аравдугаар сараас хойш 10,1 хувиар өссөн байхад нэрлэсэн дундаж цалингийн өсөлт ийм хэмжээнд хүрээгүй байгаа гэнэ. Улмаар цалингийн худалдан авах чадвар буурсныг тэд тогтоож, ажил олгогчдыг үүнд тохируулан хөдөлмөрийн цалин хөлсийг нэмэгдүүлэх саналыг гаргаж байгаа ажээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр цалин, хөлсний хэмжээг нэмэгдүүлснээр зах зээлд бэлэн мөнгөний нийлүүлэлт улам ихэсч инфляци улам хөөрөгдөх вий гэсэн болгоомжлолыг сэтгүүлчид сануулж байлаа.

Харин үүнд Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Бид төгрөг нэмж хэвлэе гээгүй, зах зээлд эргэлдэж буй мөнгөнд тохируулга хийе гэсэн саналыг тавьж байна. Үүнд нэг жишээ сонирхуулъя. Барууны улс оронд корпорациудын эзэд ашгийнхаа 80 хувийг ажилчдадаа зориулдаг. Харин үлдсэн 20 хувийг өөрт үлдээдэг байхад манайд энэ харьцаа эсрэгээрээ байдаг. Эзэд ашгийнхаа 80 хувийг өөрт үлдээж, 20 хувийг ажилчдадаа зориулж байгаа. Тиймээс бид хөдөлмөр эрхлэгчдэд зориулж буй мөнгөн дүнг нэмэгдүүлэх саналыг тавьж байгаа юм. Ингэснээр зах зээлд нийлүүлэх мөнгөн дүн өөрчлөгдөхгүй, цалингийн хэмжээг нэмэгдүүлснээр инфляци хөөрөгдөхгүй” гэв.

Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хороо өнгөрсөн дөрөвдүгээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140,400 төгрөг болгон нэмэгдүүлсэн билээ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж