Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Элчин сайдыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсаас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пенг Интаратыг эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.

Ноён Элчин сайд Монгол оронд ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг улам бэхжүүлж хамтын ажиллагааны хэлбэрийг сайжруулах, улмаар цаашид хамтран ажиллах таатай боломж бүрдүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, хувь нэмэр оруулсанд талархаж буйгаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглэв. “Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохионо. Манай хоёр ард түмэн ямар ч үед бие биенээ дэмжиж тусалж ирсэн” гэдгийг тэрбээр онцоллоо.
УИХ-ын дарга цааш нь хоёр орны парламент ойр дотно хамтран ажиллаж, найрамдлын бүлгүүд, гишүүд ажлын арга туршлагаа хуваалцаж ирсэн, тэр дундаа Тамгын газар хооронд бүтээлч харилцаатай байгааг тэмдэглээд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар 2008 онд тус улсад айлчилж байснаа дурсаж, Үндэсний Ассамблейн дарга, одоо тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хуучин анд ноён Тонгсинг Таммавонгд мэндчилгээ уламжлахыг хүсэв. Мөн тэрхүү айлчлалын үеэр Лаосын талаас тавьсан хүсэлтийг Монголын тал анхаарч монголчуудын барьж өгсөн “Найрамдал” эмнэлгийн засварын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад байгааг хэллээ.

Монгол оронд ажиллах хугацаанд нь хоёр орны харилцаанд зохих ахиц дэвшил гарсан, тэр дундаа парламент хоорондын харилцаа улам өргөжсөнд сэтгэл өндөр байдгаа ноён Элчин сайд хэлээд УИХ-ын даргын айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам болсныг онцлов. Мөн хоёр орны харилцаа эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт өргөжиж байгаагийн зэрэгцээ муж, аймгуудын хооронд хамтын ажиллагааны эхлэл тавигдаж буйг дурьдав.

Хоёр орны найрамдлын билэг тэмдэг болсон “Найрамдал” эмнэлгийн засварын ажилд Монголын Засгийн газар 300 сая төгрөгийн туслалцаа үзүүлсэнд Элчин сайд талархал илэрхийлээд эмнэлгийн засварын ажил одоогоор 80 хувьтай байгаа, тус эмнэлэгт Монголоос дөрвөн мэргэжилтэн ажиллад буцсан, хоёр дахь ээлжийн мэргэжилтнүүд удахгүй очих гэж байгаа, монгол мэргэжилтнүүдийн цалин хөлсний асуудалд  Засгийн газар анхаарч байгааг УИХ-ын даргад дуулгав.  
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дэд дарга Д.Арвин, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, албаны бусад хүн байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж