“Anglo Coal” Өмнөд Африкийн усан хангамжийг сайжруулж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

“Anglo Coal” Өмнөд Африкийн усан хангамжийг сайжруулж байна

Африк
тивийн өмнөдөд орших Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад дэлхийд үлгэр
жишээ болохуйц “Emalahleni” ус цэвэршүүлэх байгууламж ажиллаж байна.
“Anglo Coal”, “BHP Billiton”-ы охин компани “BHP Billiton Energy South
Africa” /BESCA/ хамтран 300 сая өмнөд африк ранд буюу 43 сая
ам.доллараар энэхүү ус цэвэршүүлэх байгууламжийг 2007 онд байгуулсан нь
уурхайн төдийгүй нутгийн иргэдийн усан хангамжийн асуудлыг шийджээ. Одоо
уг үйлдвэрийн газар доорх байгууламжид ойролцоогоор 130 сая куб метр ус
хадгалагдаж буй бөгөөд энэхүү усан сан өдөрт 20 сая тонноор баяжиж
байдаг ажээ.

“Emalahleni” үйлдвэр улсынхаа баруун хойд хэсэг дэх
“Mpumalang” мужийн “Эмалахлэни” хотод оршдог. Усны хүрэлцээ улам бүр
хомсодсоор буй Өмнөд Африкт  “Anglo Coal”, “BESCA” -тай хамтран  ус
цэвэршүүлэх байгууламж байгуулахаар болж, 2005 онд мужийн Хөдөө аж ахуй,
газрын асуудал хариуцсан яамнаас төсөл хэрэгжүүлэх зөвшөөрлөө авсны
зэрэгцээ мужийн засаг захиргаатай нягт хамтран ажиллахаар болжээ. Учир
нь хамтрагч талууд төр, хувийн хэвшил энэхүү төсөлд нэгдэн ажилласнаар
орон нутгийн ундны усны хангамжийг бодит утгаар нэмэгдүүлнэ гэж үзсэн
байна.  

 “Emalahleni” үйлдвэрт “Mpumalang” мужийн “Витбанк”
нүүрсний сав газар дахь Ландау, Гринфилд, Клэйнкопие болон Өмнөд Витбанк
зэрэг дөрвөн нүүрсний уурхайгаас шахсан усыг цэвэршүүлдэг ажээ. Дөрөв
дэх уурхай болох Өмнөд Витбанк нь “BHP Billiton”-ы 10 гаруй жилийн өмнө
хаасан уурхай бөгөөд энэ уурхайн хэсэг цаг өнгөрөх тусам аажимдаа
хөрсний усаар дүүрсэн байна. Уурхайн усыг цэвэршүүлэх байгууламж руу
дамжуулах хүрээнд “BHP Billiton” уг төслийн 15 хувийг эзэмшихээр “Anglo
Coal”-тай тохиролцжээ.
Одоо “Эмалахлени” ус цэвэршүүлэх байгууламж
өдөрт дээд талдаа 23 сая литр ус цэвэршүүлж буй ажээ. Үүнийхээ 80 хувийг
орон нутгийн ундны ус хадгалах хэсэг рүү шууд нийлүүлж, “Эмалахлени”
хотын иргэдийн усны хэрэглээний 20 хувийг шийдэж байгаа юм. Үлдсэн
хэсгийг “Anglo Coal” компани олборлолтын үйл ажиллагаа явуулж буй
Гринфилд, Клэйнкопие, Ландау зэрэг нүүрсний уурхай руугаа түгээнэ.

Уг
төслийн хамгийн чухал үр дүн нь уурхайн бохир ус байгаль орчныг
бохирдуулж, орон нутгийн хөрс, газрын гүний ус, гол горхины эко
системийг алдагдуулахаас сэргийлж чадсанд оршино.
Уг байгууламжид
бохир усыг мембран технологи ашиглан цэвэршүүлж буй бөгөөд мембран
технологийн урвуу осмос /reverse osmosis/ аргачлалаар уурхайн бохир усыг
ундны усны түвшинд хүртэл шүүж, тунгааж авдаг байна.  Тодруулбал
“Emalahleni” байгууламжид 0.1 нанометр /нэг метрийг тэрбум хуваасантай
тэнцэх хэмжээс/-ын жижиг биетийг шүүх мембран технологийн тусламжтайгаар
уурхайн бохир усыг ундны усны шаардлагад нийцүүлж цэвэршүүлдэг ажээ.

Энэхүү
ус цэвэршүүлэх байгууламж одоо 99 хувийн ус ашиглалттайгаар үйл
ажиллагаагаа явуулж байна. Компанийн туйлын зорилго бол тэг хувийн усны
алдагдалтай ажиллагааг үйлдвэртээ нэвтрүүлэх явдал юм.
Эмалахлени
хот орчмын бүсэд сүүлийн арван жилд аж үйлдвэр, арилжаа, хүн амын
суурьшилт ихэссэний улмаас усны хангамжийн асуудал ярвигтай хэвээр
байсан юм. Тиймээс уг хотын нэрээр нэрлэгдсэн “Эмалахлени” ус
цэвэршүүлэх байгууламж нь мөн тус улсын Засгийн газрын айл бүрийг ундны
усны гачигдлаас гаргах Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд багагүй
хувь нэмэр оруулж буй юм.

Үүнээс гадна, 2007 онд “Anglo Coal”-ын
салбар “Anglo Zimele” компани тус улсын зах зээлд “4life” нэртэй цэвэр
усыг үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Жил бүр Өмнөд Африкийн
савласан цэвэр усны зах зээл 15 хувиар өсч буй бөгөөд энэ зах зээлд 83
сая ам.доллар эргэлдэж байна.
Одоо “Anglo Coal” ус цэвэршүүлэх
байгууламжийн хоёр дахь хэсгийг ашиглалтад оруулахаар ид ажиллаж байна. 
2011 оны хоёрдугаар улирлаас ус цэвэршүүлэх байгууламжийн өргөтгөл
хэсгийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн бөгөөд 2012 оны сүүлээр ашиглалтад
оруулах ажээ.  Энэхүү өргөтгөлийг хийснээр ус цэвэршүүлэх байгууламжийн
бүтээмж хоёр дахин нэмэгдэж, өдөрт 50 сая литр ус цэвэршүүлэх хүчин
чадалтай болох юм.

“Anglo Coal”-ын Өмнөд Африк дахь нүүрсний
уурхайн үйл ажиллагаа 20-25 жилийн дараа дуусах үед “Emalahleni”
байгууламж үргэлжлүүлэн ажилласан хэвээр байх бөгөөд орон  нутгийн усны
хангамжид өдөрт 30 сая литр цэвэр ус нийлүүлэх ирээдүйн төлөвлөгөөг тус
компани мөн танилцуулжээ.
“Anglo Coal”-ын энэхүү тогтвортой хөгжлийн
төлөөх хүчин зүтгэлийг хэд хэдэн “ногоон” үйлсийн шагнал дагалджээ. 
Тухайлбал 2007 онд Өмнөд Америкийн тэргүүлэх цахим хэвлэл “Mail&
Guardian”  тус компанийн усны хэрэглээг хэмнэсэн шинэлэг санаачилгыг нь
сайшааж  “Greening the Future Awards” буюу “Ирээдүйг ногооруулах нь”
шагналаар, мөн тус улсын “Nedbank”-ны Capital’s Green Mining Awards-ын
тогтвортой хөгжил ангиллын шагналаар тус тус урамшуулжээ. 

“Anglo
Coal”, “BHP” компани нь уул уурхайн салбарын үйл ажиллагаа байгалийн
баялгийг ашиглахад чиглэдэг ч, орон нутагт тогтвортой хөгжлийг
дэлгэрүүлэх үүргээ зэрэгцүүлэн хэрэгжүүлж болдог тухай бахархам сайхан
жишээг харуулж буй нь эдгээр байгууллагын онцгой амжилт юм.   

Б. Төгсбилэгт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж