Далай ламын хойд дүрээр монгол хүү тодорчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Далай ламын хойд дүрээр монгол хүү тодорчээ

XIV Далай ламын хойд дүрээр есөн настай, монгол хүү тодорчээ

Дээрхийн гэгээн XIV Да­лай ламын хойд дүр тодор­чээ. Энэ мэдээллийг уншаад Дээрхийн гэгээнтнийг жанч халсан гэж эндүүрүүзэй. Тэрээр энх тунгалаг төдий­гүй удахгүй Франц улсад айлчлахаар зэхэж буй. Ха­рин энэ айлчлалынхаа да­раа Монгол Улсад ирэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байна. Учир нь, түүний хойд дүрээр есөн настай монгол хүү тодорчээ. Эх сурвал­жийн мэдээлж байгаагаар, Далай ламын хойд дүрийг тодруулахдаа Балба, Энэт­хэг, Монгол, Халимаг үндэс­ний 300 гаруй хүүхдээс сон­го­сон гэнэ. Тэрээр өнгөрсөн ха­вар АНУ-ын томоохон хэвлэлд ярилцлага өгөхдөө “Миний хойд дүр яаж тод­рохоос Төвдийн цаашдын хувь заяа хамаарна. Намайг жанч халсны дараа Хятадын Зас­гийн газраас өөрийн хүнийг XV Далай ламаар тодруу­лах вий гэсэн бол­гоомж­лол бидэнд бий. Ингэх аваас Төвдийн асуудал бүд­гэрч, бүгд Төвдийг мартах буй заа. Тиймээс би амьд ахуй­даа хойд дүрээ тод­руулж болох юм. Уламжлалт зан заншилд үл нийцэх ч ингэ­хээс өөр аргагүй” гэж хэлсэн нь дэлхий нийтийн анхаар­лыг татсан билээ. Энэхүү мэдэгдлийн да­раа “Далай лам Буддын шашны уламж­лалтай хар­шилд­сан улс төрийн шинж­тэй шийдвэр гаргалаа” гэх шүүмжлэл тодорхой хүрээ­нээс гарч байв. Гэвч  XIV Далай лам Данзанжамц өөрийн санас­наар амьд ахуйдаа хойд дүрээ тод­руулж, санасан­даа хүрчээ. 1990-ээд оны үед Далай ламын тодруул­сан XI Пан­чин лам, зургаан настай Гэдүн Чокэй Няма-г Хятадын эрх баригчид хү­лээн зөв­шөө­рөөгүй. Улмаар 1995 онд гэр бүлийнхээ хамтаар ор сураггүй алга болсон. Үүний дараа 2000 онд XI Панчин ламыг хята­дын эрх баригчид дахин тодруулж, шинээр тодорсон Панчин лам Бээжинтэй хамт­ран ажил­лахаа амлаж Төв­дийн шашны эрх мэд­лийг гартаа авсан юм. Үү­нийг Төвдөөс дүрвэсэн ца­гаач иргэд Хята­дын эрх баригчдын Төвд дэх эрх мэдлээ бэхжүүлж, Төв­дийн ард түмний дунд Да­лай ла­мын нэр нөлөөг буу­руулах гэсэн далд бодлого гэж үзэж, Хятадын Засгийн газарт эсэргүүцэл илэр­хийлж бай­жээ. Энэ явдлаас санаа авсан Далай лам өөрийг нь жанч халсны дараа дараа­чийн Далай ламыг Хятадын нөлөөллийн бүсээс тодруу­лах вий гэсэн болгомж­ло­лоо хэвлэлээр илэрхийлсэн нь тэр аж. Одоо Далай лам болон түү­ний ойрын хүрээ­нийхэн ирээ­дүйд XV Далай лам болох монгол хүүгийн хувь заяанд ихээхэн зовниж бай­на. Түүнд XI Панчин ламын хувь заяа давтаг­дахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс Далай лам өөрий­гөө ил далд дэмждэг АНУ, Франц зэрэг улсаар явж, дараа­чийн Далай ламын байр суурийг бэхжүүлэхэд дэмж­лэг хүсч байгаа болол­той. Дээрхийн гэгээнтэн ч өө­рийн амь ахуйд улс тө­рийн эрх мэдлээ өөр хүнд шил­жүүлж, хойд дүрээ аюул­гүйгээр тодруулж, байр суу­рийг нь бататгаж өгөх чин хүсэлтэй байгаа аж. Тийм учраас Монгол Улсын аль аймгаас хэн гэдэг хүүхдийг тодруулсныг одоогоор ихэд нууцалж байна. Зөвхөн есөн настай нэгэн монгол хүүх­дийг тодруулсан нь бат­тай гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

Далай лам ба их гүрнүүдийн бодлого

Манай өмнөд хөршийн эдийн засаг1990-ээд оны дунд үеэс хүчээ авч эхэлсэн. Энэ хэрээр тус улсын олон улсын тавцанд эзлэх байр суурь өсч буй. Харин БНХАУ-ын энэхүү эдийн засаг, улс төрийн хүчирхэг­жилтэд АНУ, Япон, БНСУ тэргүүтэй Европын зарим улс санаа зовж, бүс нутаг дахь “Хятадын нөлөө”-нөөс болгоомжлоход хүргэжээ. Саяхан л гэхэд Хятадын зэвсэглэл, батлан хамгаалах салбарын нууцлагдмал байд­лын талаар Пентаго­ноос шүүмжилсэн мэдэгдэл дарааллан хийсэн. Тиймээс Хятадын хүчирхэгжилтээс болгоомжилсон их гүр­нүү­дийн бодлого Далай лам руу чиглэх болжээ. Жишээлбэл, хятадууд хэчнээн эсэргүү­цэж байсан ч АНУ-ын Ерөн­хийлөгч Барак Обама түү­нийг хүлээн авч уулзсан, мөн Франц улс түүнийг хүлээн авахад бэлэн болоод бай­гаа зэргээс ажиглаж болно. Томоохон гүрнүүд Хятадын Засгийн газартай харил­цаа­гаа хурцатгахгүйн тулд Далай ламтай дотно харил­цахаас татгалздаг ч улс төрийн бодлогодоо Далай ламтай харилцах харил­цаагаа хадгалсан хэвээр байгаа. Энэ дотроосоо АНУ, Герман, Франц, Тайвань, Япон зэрэг орон Дээрхийн гэгээнтнийг дэмжсэн харил­цаатай байдаг. Тэгэхээр XV Далай ламыг Хятадаас тод­руулах нь их гүрнүүдэд ашиг­гүй. Өөрөөр хэлбэл, тэдэнд Хятадын бодлогыг сөрж байх хүн хэрэгтэй бай­гаа юм. Нөгөөтэйгүүр Далай ламын хэлсэнчлэн түүний хойд дүр Хятадын нөлөөл­лийн бүсээс тодорвол, Төвд улс мартагдахад хүрч, Хята­дын ирээдүйн эзэрхийлэл, түрэмгийлэлд хаалга нээж өгсөнтэй адил хэрэг болно гэдгийг дээр өгүүлсэн ярилц­лага гарсны дараахан дэл­хийн хэвлэлүүд онцолж бай­лаа.  Дээр нь Монгол, Бу­риад, Халимаг, Тува, Бутан, Балба, Энэтхэг  зэрэг буд­дын шашинт орнуудын хувьд шашин шүтлэг, соё­лын хувьд Хятадаас улам хараат болох аюул нүүрлэж байгааг ч анхааруулж байв.  Тиймээс Төв Азийн цээжинд цэцэглэн хөгжиж буй Монгол Улсаас дараачийн Далай лам тодрох нь дэлхийн улс төрийн байдалд ашиг­тай­гаар тусна гэж Далай лам өөрөө ч, Төвдийн Засгийн газар ч, их гүрнүүд ч  тоо­цоолж байгаа бололтой.

Монголчууд ба далай лам

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц 1979-2009 оны хооронд Монгол Улсад найман удаа айлчилсан байдаг. Тухай бүрт нь Хятадын Засгийн газар эмзэг хандаж, ямар нэгэн байдлаар эсэргүүцэл илэрхийлсээр ирсэн. Ойрын жишээ гэвэл, өнгөрсөн найм­дугаар сард манай улсад айлчилсан БНХАУ-ын ХКН-ын Гадаад харил­цаа, соёл урлагийн газрын хорооны төлөөлөгч “… Да­лай лам гадаад улсад айлч­лахдаа улс төрийн далд үйл ажиллагаа явуулдаг…” хэ­мээн дургүйлхэн ярьсан гэх бор шувуу нисээд өнгөрсөн. Магадгүй энэ үг XV Далай ламыг Монголоос тодрох вий гэсэн болгоомжлол өм­нөд хөршийн маань эрх баригчдад байгааг илэр­хийл­сэн байж ч мэдэх юм. Харин монголчууд тахин шүтэж явдаг буддын шашны тэргүүнийхээ хойд дүрийг яаж хүлээж авах нь сонир­хол татаж байна. Бид өнө эрт­нээс буддын шашныг шүтэж дээдэлж ирсэн ард түмэн. Монголоос Өндөр гэгээн Занабазар, Дилав хутагт Жамсранжав, Донхор Ман­зу­­шир ламтан гээд олон хутагт хувилгаад төрсөн. Энэ удаа Далай ламын хойд дүр Монголоос тодор­лоо гэхэд гайхах хүн ховор гарах биз. Харин ч “Алдар­тай хутагт, хувилгаадыг тод­руулдаг түүхэн уламжлалаа сэргээж байна” хэмээн хү­лээж авах магадлалтай. Угаасаа мон­гол­чууд хутагт, хувилгаадаа өөрсдийнхөө сүсэг биш­рэлээр тодруу­лаад л явж байгаа шүү дээ. Хамгийн сүүлд гэхэдл миний мэдэхээр л Архангай айм­гийн Хайрхан суманд Хал­хын гэгээнтэний хойд дү­рийг тодруулаад олон жил болж байна.  Түүн дээр өнгөтэй мөнгөтэй бизнес­мэн, нэртэй төртэй улстөрч­дөөс өгсүүлээд жирийн ард иргэд ч сүслэн очдог болоод удаж байгаа шүү дээ.

Х.ТҮВШИНТӨГС


Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж