Далай лам ба их гүрнүүдийн бодлого
Манай өмнөд хөршийн эдийн засаг1990-ээд оны дунд үеэс хүчээ авч эхэлсэн. Энэ хэрээр тус улсын олон улсын тавцанд эзлэх байр суурь өсч буй. Харин БНХАУ-ын энэхүү эдийн засаг, улс төрийн хүчирхэгжилтэд АНУ, Япон, БНСУ тэргүүтэй Европын зарим улс санаа зовж, бүс нутаг дахь “Хятадын нөлөө”-нөөс болгоомжлоход хүргэжээ. Саяхан л гэхэд Хятадын зэвсэглэл, батлан хамгаалах салбарын нууцлагдмал байдлын талаар Пентагоноос шүүмжилсэн мэдэгдэл дарааллан хийсэн. Тиймээс Хятадын хүчирхэгжилтээс болгоомжилсон их гүрнүүдийн бодлого Далай лам руу чиглэх болжээ. Жишээлбэл, хятадууд хэчнээн эсэргүүцэж байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүнийг хүлээн авч уулзсан, мөн Франц улс түүнийг хүлээн авахад бэлэн болоод байгаа зэргээс ажиглаж болно. Томоохон гүрнүүд Хятадын Засгийн газартай харилцаагаа хурцатгахгүйн тулд Далай ламтай дотно харилцахаас татгалздаг ч улс төрийн бодлогодоо Далай ламтай харилцах харилцаагаа хадгалсан хэвээр байгаа. Энэ дотроосоо АНУ, Герман, Франц, Тайвань, Япон зэрэг орон Дээрхийн гэгээнтнийг дэмжсэн харилцаатай байдаг. Тэгэхээр XV Далай ламыг Хятадаас тодруулах нь их гүрнүүдэд ашиггүй. Өөрөөр хэлбэл, тэдэнд Хятадын бодлогыг сөрж байх хүн хэрэгтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр Далай ламын хэлсэнчлэн түүний хойд дүр Хятадын нөлөөллийн бүсээс тодорвол, Төвд улс мартагдахад хүрч, Хятадын ирээдүйн эзэрхийлэл, түрэмгийлэлд хаалга нээж өгсөнтэй адил хэрэг болно гэдгийг дээр өгүүлсэн ярилцлага гарсны дараахан дэлхийн хэвлэлүүд онцолж байлаа. Дээр нь Монгол, Буриад, Халимаг, Тува, Бутан, Балба, Энэтхэг зэрэг буддын шашинт орнуудын хувьд шашин шүтлэг, соёлын хувьд Хятадаас улам хараат болох аюул нүүрлэж байгааг ч анхааруулж байв. Тиймээс Төв Азийн цээжинд цэцэглэн хөгжиж буй Монгол Улсаас дараачийн Далай лам тодрох нь дэлхийн улс төрийн байдалд ашигтайгаар тусна гэж Далай лам өөрөө ч, Төвдийн Засгийн газар ч, их гүрнүүд ч тооцоолж байгаа бололтой.
Монголчууд ба далай лам
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц 1979-2009 оны хооронд Монгол Улсад найман удаа айлчилсан байдаг. Тухай бүрт нь Хятадын Засгийн газар эмзэг хандаж, ямар нэгэн байдлаар эсэргүүцэл илэрхийлсээр ирсэн. Ойрын жишээ гэвэл, өнгөрсөн наймдугаар сард манай улсад айлчилсан БНХАУ-ын ХКН-ын Гадаад харилцаа, соёл урлагийн газрын хорооны төлөөлөгч “… Далай лам гадаад улсад айлчлахдаа улс төрийн далд үйл ажиллагаа явуулдаг…” хэмээн дургүйлхэн ярьсан гэх бор шувуу нисээд өнгөрсөн. Магадгүй энэ үг XV Далай ламыг Монголоос тодрох вий гэсэн болгоомжлол өмнөд хөршийн маань эрх баригчдад байгааг илэрхийлсэн байж ч мэдэх юм. Харин монголчууд тахин шүтэж явдаг буддын шашны тэргүүнийхээ хойд дүрийг яаж хүлээж авах нь сонирхол татаж байна. Бид өнө эртнээс буддын шашныг шүтэж дээдэлж ирсэн ард түмэн. Монголоос Өндөр гэгээн Занабазар, Дилав хутагт Жамсранжав, Донхор Манзушир ламтан гээд олон хутагт хувилгаад төрсөн. Энэ удаа Далай ламын хойд дүр Монголоос тодорлоо гэхэд гайхах хүн ховор гарах биз. Харин ч “Алдартай хутагт, хувилгаадыг тодруулдаг түүхэн уламжлалаа сэргээж байна” хэмээн хүлээж авах магадлалтай. Угаасаа монголчууд хутагт, хувилгаадаа өөрсдийнхөө сүсэг бишрэлээр тодруулаад л явж байгаа шүү дээ. Хамгийн сүүлд гэхэдл миний мэдэхээр л Архангай аймгийн Хайрхан суманд Халхын гэгээнтэний хойд дүрийг тодруулаад олон жил болж байна. Түүн дээр өнгөтэй мөнгөтэй бизнесмэн, нэртэй төртэй улстөрчдөөс өгсүүлээд жирийн ард иргэд ч сүслэн очдог болоод удаж байгаа шүү дээ.
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин