Сүхбаатарчууд ихийг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Сүхбаатарчууд ихийг хүлээж байна

Ардчилсан намаас Монгол орон даяар өрнүүлж байгаа “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг энэ удаа Сүхбаатар аймагт үргэлжлэх нь ээ. Эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай, орлоготой, аюулгүй орчинтэй Монгол хүн гэсэн таван чиглэлийг тодорхойлон ирээдүйд монгол хүний үнэ цэнэ нийгэмд эзлэх байр суурь өсөж дэвших боломж хэрхэн байгааг зураглах томоохон ажил юм.

“Монгол хүн-2020” хэлэлцүүлэг өнөөдрийн байдлаар монгол орны 14 аймгаар аялж аймаг бүрт тохиолддог асуудалтай болоод ололттой талуудыг ард иргэдийн санаа бодлоос өнцөг бүрээр нь тодорхойлон гаргасаар ирсэн билээ.

“Монгол хүн 2020” хэлэлцүүлэг эхэлснээр очсон аймаг бүрийн иргэд өөр өөрсдийн үгээ хэлцгээж санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байжээ. Бидний хөрш Дорнод аймаг гэхэд аль социализмын үеэс Дархан, Эрдэнэттэй өрсөлдөхүйц томоохон аймаг гэгдэж байсан бол энэ аймагт сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй, эдийн засгийн бодлого нь буруу явагддаг талаар иргэд нь шүүмжилж байсан. Хэнтий аймагт шүүхийн шударга байдал алдагдаж иргэд хохирч өөр харьяалалын шүүхэд хандах дээрээ тулсан. Булган аймаг газар тариалан, мал аж ахуй эрхлэлтээрээ улсдаа тэргүүлдэг атлаа одоо болтол түүхий эдээ боловсруулах үйлдвэр байдаггүй. Дундговь аялал жуулчлал сайн хөгжиж байгаа боловч уул уурхайн нөлөөгөөр хөрсний болон агаарын бохирдол их байдаг. Дундговь аймгийн хувьд газар нутгийнх нь 50 хувь нь лизенцээр олгогдсон гэхчлэн аймаг бүрт иргэд өөрийн аймгийн удирдлагын явуулж байгаа зарим нэг үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддагаа ярьж “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг бодит үр дүнд хүрч ажил хэрэг болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байсан аж.

Бие биенээсээ алслагдсан хөдөөгийн алс бөглүү нутагт амьдарч байгаа жирийн иргэнийхээ хэлэх гэсэн үгийг чих тавих сонсож алс хэтийн зорилгодоо тусгах энэ хэлэлцүүлгийн хамгийн том зориот учраас Ардчилсан намаас энэхүү хэлэлцүүлгийг Монгол орон даяар өрнүүлсээр энэ удаа есдүгээр сарын 17-нд Сүхбаатар аймагт өртөөлөн ирэх нь.  Хэлэлцүүлэгт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон нарийн бичгийн дарга, сумдын намын дарга нар оролцохоос гадна УИХ, Засгийн газрын гишүүд оролцон иргэд хөдөлмөрчидтөй уулзалт хийж аж.

“Монгол хүн 2020 – Сүхбаатар” хэлэлцүүлэг урьдын адил эрүүл чийрэг, монгол хүн, эрдэм боловсролтой монгол хүн, эрх чөлөөтэй монгол хүн, ажилтай, орлоготой монгол хүн, аюулгүй орчинтой монгол хүн гэсэн таван зорилтот чиглэлээр Сүхбаатарчуудын санаа бодоо, үгийг сонсохоос гадна Монголын “Лектор” төвийн захирал Ц.Баатархүү дээрх сэдвээр төлөөлөгч нарт сургалт явуулах гэнэ.

Энэхүү хэлэлцүүлгийг анх орон даяар өрнөж Сүхбаатарчууд маш их талархалтай хүлээж авсан бөгөөд эдийн засгийн хувьсгалтай зүйрлэсэн уг хэлэлцүүлгийг бүтэн жилийн туршид ард түмнээрээ хэлэлцүүлж найман жилийн төлөвлөгөө боловсруулах учраас социализмын үеийн тав арван жилийн төлөвлөгөө, МАН-ын “Ард түмнээ сонсъё” аянаас илүүтэй бодит үр дүнд хүрсэн үйл хэрэг болно гэдэгт итгэж байгаа юм. Харин “Монгол хүн 2020 Сүхбаатар”-ын үеэр иргэд орон нутгийн удирдлага түүний үйл ажиллагаанд хэрхэн дүгнэлт өгдгийг харах л үлдлээ. 

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж