Сайн байна уу, утааны байцаагч аа

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Сайн байна уу, утааны байцаагч аа

Улсын нийслэл Улаан­баатарт утааны улирал бараг эхэлчихлээ. Жил бүр л утаатай тэмцэх асуудал хүн бүрийн толгойг өвтгөдөг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон ч хүн ажилладаг болов уу. Энэ жил төрөөс утааг бууруулахын тулд нэлээд олон арга хэмжээ авч байгаа юм билээ. Олон төрлийн зуух, түүнд зориулсан түлш гээд ажил санаачилсан гэсэн. Мянганы сорилын сангаас ч энэ ажилд нь дэм болж хөрөнгө мөнгө хаяж байгаа. Гэхдээ эдгээрийн дунд нэг сонин шийдэл бий. Тэр нь утааны байцаагчтай болох асуудал. Ухаандаа ажилгүй байгаа иргэдийг утааны бай­цаагчаар ажиллуулах болсон гэсэн үг. Тэрхүү байцаагч нь айл өр­хийн зуух, янданг шалгаж, нүүрс түлж байгааг нь тогтоох аж. Магадгүй торгох, нүүлгэх санал дэвшүүлэх  эрхтэй ч байж мэдэх юм. Уг нь утаатай тэмцэх гээд ажил санаачилж байгаа нь зөв л дөө. Гэхдээ утааны байцаагч томилох асуудал бол үнэхээр сонин санаа байгаа биз. Нөхөр байцаагч гэр хорооллын гу­дам­жаар, өвлийн тэсгим хүй­тэнд алхаад айлуудын янданг ажиглаад байх юм биз дээ. Тэгээд хар утаа гаргаж байгаа айл олох юм бол гэрт нь орж зууханд нь нүүрс байгаа эсэхийг нягталж мэдэх юм болно. Ингээд нүүрс түлж байгаа нь нотлогдвол зуух, янданг нь хураах, цаашлаад тухайн айлыг нүүлгэх хүртэлх шийтгэл оногдуулах юм байх. За гудамжаар явахаа байг гэхэд өндөрхөн уулын орой дээр зузаан хувцас өмсөж суучихаад дурандаж магадгүй юм. Дурандаж байгаад хар утаа гарч байгаа айлыг олж мэдээд шийтгэж мэднэ. Бүр өөрөөр төсөөлбөл дээвэр дээр суудаг Карлсон шиг айлуудын янданг шагайж үзэж магадгүй л юм. Энэ ажил хэрэгжээд эхэлбэл хэдэн хүн айлын яндан шагайж яваад угаарт цохиулах, хэдэн хүн уулын орой дээр дуран бариастай хөлдөх, азгүй нэг нь айлын зуух онгойлгох гэж байгаад түлэгдэх, шатахыг би таашгүй. Утааны байцаагчийн ажлыг нэг иймэрхүү л байд­лаар төсөөлөөд байгаа юм даа. Магадгүй буруу төсөөлөл байж мэдэх л юм. Гэхдээ л бараг ийм л ажил байх болов уу. Утаатай тэмцэх санаа нь зөв ч хийж хэрэгжүүлэх алхам нь буруу байгаа юм биш байгаа даа. Ямартай ч утааны байцаагчдынхаа амар мэндийг эрье. Сайн байна уу, утааны байцаагч аа.  

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж