Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр эрх дураараа байхыг хүссэн бололтой. Нэг газраас нөгөө рүү нь дуртай үедээ үсчээд л. Дорнод аймгаас УИХ-д нэр дэвшиж, сонгогдохоос нь өмнө хүмүүс түү­нийг Адуунчулууны нүүрсний уурхайн эзэн гэдгээр нь мэддэг байсан. УИХ-ын гишүүн болсон хойно нь ч тойргийнх нь сонгогчдоос өөр хүмүүс түүнийг мэддэггүй байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Харин одоо энэ эрхмийг мэдэхгүй монгол хүн байхгүй болжээ. МАХН гэдэг нэрээ сольж, Ардын нам болох үеэс л Ц.Шинэбаяр олны анхаарлын төвд орсон. МАХН-д үүрд үнэнч байхаа тунхаглаж, Ардын намын гишүүнчлэлээс сайн дураараа татгалзсан Ц.Шинэбаярын эрэлт ч өсөв. Н.Энхбаярыг хэцүүхэн үед нь тулж түшсэн тэрбээр МАХН хэмээх нэрийг өмчлөхийн төлөөх тэмцлийн гол дүр байлаа. Тиймээс ч МАХН-ын дарга Н.Энхбаяр түүний гавьяаг үнэлж, намын дэд даргын албан тушаалаар шагнасан биз. Гэтэл юм, юмны тэргүүнд явж, гол дүр байхын амтыг мэдэрсэн гишүүнд маань хэн нэгний сүүдэр болж явах нь таалагдаагүй дэг ээ. Эрхэм гишүүн МАХН-ын гишүүнчлэлээс сайн дураараа татгалзаж орхив. Яагаад тэр вэ. Харамсалтай нь түүнээс Н.Энхбаяр, МАХН, бас улс төрийн нөхцөл байдлын тухай асуух нь хэт жижиг асуудал юм гэсэн. Магадгүй, экс Ерөнхийлөгч Ардын намынхантай арцалдаж, ялих шалихгүй зүйлсээр оролдсон нь түүний эгдүүцлийг хүргэсэн ч байж болох шүү дээ. Учир нь тэрбээр уул уурхай, улс орны хэтийн төлөв зэрэг том сэдэв хөндөхийг хүсдэг. Гэтэл мань эртэй экс Ерөнхийлөгч ч, Ардын намынхан ч ийм яриа өрнүүлээгүй болохоор бухимдах нь аргагүй биз. Тиймээс их мэдэгч маань Хөдөлмөрийн нам байгуулж, даргынх нь суудалд тухлах бэлтгэлээ хангаад эхэлжээ.    

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж