татварын албыг өөрчлөн шинэчлэх ажлыг эхэлсэн. Энэ нь татварын албаны
үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, үйл ажиллагааг нь ил тод,
шуурхай болгох зорилготой юм. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий
газраас “Өөрчлөлтийн менежмент” сэдэвт сургалтыг өчигдөр зохион
байгуулж эхэллээ. Сургалтад 21 аймаг, есөн дүүргийн татварын улсын
байцаагч нар оролцож байгаа юм байна.
Энэ үеэр Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаяртай ярилцлаа.
-Татварын албаны шинэчлэл өөрчлөлтөд татварын улсын байцаагч, ажилтан, албан хаагчид хэр бэлэн байгаа бол?
-Сүүлийн жилүүдэд татварын албанд мэдээллийн технологийн чиглэлээр
ихээхэн өөрчлөлтүүдийг хийж байна. Татвар хураахтай холбоотойгоор
татвар төлөгчдөд хандсан тогтолцоог шинээр нэвтрүүлж байна. Гэхдээ гол
өөрчлөлтүүдийг татварын улсын байцаагчид хийнэ. Тиймээс байцаагчид
болон иргэдийг татварын байгууллагад хийж буй өөрчлөлт шинэчлэлийг
хүлээж авахад бэлэн байлгах зайлшгүй шаардлага тулгарсан.
Байгууллагууд өөрчлөлтийн менежментийг төдийлөн мэддэггүй. Тиймээс
байцаагчдын дунд “Өөрчлөлтийн менежмент” сэдэвт сургалт зохион
байгуулж байгаа юм. Үүний дараа дараа нь Дэлхийн банкнаас мэргэжилтнүүд
ирж ажиллана. Энэ оноос 2013 оныг дуустал хэрэгжүүлэх дунд хугацааны
хөтөлбөрүүдийг бид боловсруулсан. Үүний хүрээнд тодорхой зөвлөгөө,
зөвлөмж гаргаж ажилтнууддаа өгөх ёстой. Мөн 2015 он хүртэл ямар
өөрчлөлтүүд хийхээ төлөвлөнө. Хамгийн гол нь өөрчлөлтийг иргэд,
татварын байцаагчид хэрхэн хүлээж авах вэ гэдэг сэтгэлзүйн бэлтгэл
хийх нь чухал.
-“Татварын албаны үйл ажиллагааг 2013 он гэхэд цахим системд бүрэн шилжүүлнэ” гэж байгаа. Хэрэгжилт нь ямар байна вэ?
-Дэлхийн банкнаас томоохон төсөл хэрэгжүүлж байгаа шүү дээ. Эхний үе
шат нь зөвлөх үйлчилгээ байсан. Үүгээр Монголын татварын байгууллага
дэлхийн жишигт хүрэхэд ямар ажлуудыг зохион байгуулах вэ гэдэг талаар
тодорхой зөвлөмжүүдийг өгсөн. Тодруулбал, өр барагдуулах, татвар хураах,
ноогдуулах, бүртгэх үйл ажиллагааг программчлах ёстой гэсэн томоохон
зорилт тавьсан. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуй нэгжийн
болон хувь хүний орлогын татвартай холбоотой бүх үйл ажиллагааг
программчилж байна. Эхний шат болох үйл ажиллагаанд дүн шинжилгээ
хийх хэсэг дууссан. Одоо Англи, Өмнөд Солонгосын хамтарсан консерциум
энэхүү системийг суурилуулж байгаа. Системийг суурилуулснаар
татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ илүү хурдтай болно. Мөн татварын
байгууллагын удирдлагуудыг үнэн зөв мэдээллээр хангана. Байгууллагууд ч
гэсэн заавал татварын байцаагчтай уулзах шаардлагагүй болох. Өөрөөр
хэлбэл цахим хэлбэрээр тайлангаа өгч болно гэсэн үг.
-Саяхан барилга, ноос, ноолуурын салбарт эрсдэлийн үнэлгээ хийж, 430
гаруй тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн. Тус салбарынхан орлогоо чухам
яаж нуун дарагдуулаад байна вэ?
-Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтэс нуусан орлогыг
илрүүлэх ажлыг салбар, салбараар хийж байгаа. Эхний ээлжинд барилгын
салбарт хийсэн. Тэр үеэр компаниуд 250 орчим тэрбум төгрөгийн орлого
мэдүүлсэн. Барилгын компаниудаар иргэд хувийн хаус бариулдаг. Бас
иргэдийн захиалгаар есөн давхар барилга ч барьдаг юм байна. Гэтэл тэр
бүхнээ орлогын мэдүүлэгтээ дурдаагүй байсныг тогтоосон. Барилгын
салбарт үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй аж ахуйн нэгж, иргэдтэй
холбоотой 230 орчим тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Нөгөөтэйгүүр иргэд
улсын хилээр ноос, ноолуур гаргадаг юм байна. Тухайн хүн 10 тэрбум
төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний бүтээгдэхүүн хилээр гаргадаг. Гэтэл
бидэнд “Би нэг тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний бүтээгдэхүүн
борлууллаа” гэсэн тодорхойлолт өгдөг. Гэтэл нийтдээ 430 орчим төгрөгийн
зөрүү гарсан.
-Зөрчил гаргасан иргэд, аж ахуйн нэгжүүдээс тайлбар авч байна уу?
-Бид хянан шалгаж байгаа. Тухайн аж ахуйн нэгж, иргэдтэй уулзаж,
тайлбарыг нь ч сонсож байна. Тэд ихэвчлэн “Хүний мөнгө байсан юм аа” гэж
байна л даа. Гэхдээ хүний мөнгө байсан ч орлогоо суутгаж авах ёстой шүү
дээ. Тэгэхээр зарим хүний мэдлэг муу байна. Хууль тогтоомжоо сайн
судлахгүй байна. Ингэснээрээ өөрсдийгөө эрсдэлд оруулдаг.
-Нийт 430 гаруй тэрбум төгрөгийн зөрчил гаргасныг нь тогтоочихлоо. Энэ зөрчлийг хэзээ арилгаж дуусах бол?
-Татварын байцаагчийн акт гаргаад өр барагдуулах ажлыг энэ он дуустал зохион байгуулахаар болсон.
"Улс төрийн тойм" сонин