Үндэсний шинэ намын III их хурал өчигдөр боллоо. Энэхүү их хуралд нийт 200 гишүүн, дэмжигчид оролцов. Хурлыг нээж Үндэсний шинэ намын дарга Ц.Цолмон “Үндэсний эрх ашиг ба шинэ амьдрал” сэдэвт илтгэл тавилаа. Түүний илтгэлийн гол санаа нь даяаршиж буй өнөөгийн нийгмийн өрсөлдөөнд Монгол үндэстэн эрх ашгаа хамгаалан тусгаар тогтнолоо баталгаажуулах, улс төр, нийгмийн тогтолцоог сайжруулах монголчуудын хүчийг нэгтгэх талаар тусгасан байлаа. Мөн бид цөөнхөд ээлтэй зэрлэг капиталист нийгэмд амьдарч байна. Энэ нь гадаадын капиталистуудад ээлтэй, эгэл жирийн ард түмэнд халгаатай боллоо. Тиймээс үндэсний эрх ашгаа дээдэлсэн төрийн капитализм болгон засах нь чухал байгааг Ц.Цолмон дарга онцолсон юм. Ер нь улс төрийн шинэчлэлийн хүрээнд харь үзлээс салах, гадаадынхны хэрэгжүүлдэг улстөржсөн, шашинжсан сангуудын тусламж, “тархи угаалт”-аас татгалзах хэрэгтэйг хурлын үеэр олон нийтэд уриалав. Түүний дараа “Үзэл санаа ба намууд” сэдвээр Үндэсний шинэ намын дэд дарга Н.Батцэрэг, “Эдийн засаг, нийгмийн зарим тулгамдсан асуудал, шийдвэрлэх зам” сэдвээр Д.Дэлгэрцогт, “Эрүүл мэнд, “Манин” өвчний учир” сэдвээр А.Отгонболд, Үндэсний шинэ намын Удирдах зөвлөлийн гишүүн М.Энхсайхан “Монгол үндэстэн, Монгол төр, Монгол бодлого” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр “МАХН, Ардчилсан нам болон бусад нам ардчиллын эхний шатанд үндэстнийхээ мэдрэмж, ашиг сонирхлыг өөртөө тээж байсан. Гэвч ардчилал гүнзгийрч, зах зээл өргөжих үед том намууд үндэснийхээ эрх ашгаас холдож олигархижиж байна. Үүнээс болж МАНАН хэлбэрээр засагласан нь олон намын тогтолцоог алдагдуулж, ардчиллыг булшилж байна” гэлээ. Түүний хэлснээр “Монголын төрд шинэчлэл хэрэгтэй. Гэхдээ шинэчлэл гэдэг нь муу хүнийг сайн хүнээр солих, хүний хүнийг өөрийн хүнээр солих тухай асуудал биш” хэмээсэн. Мөн энэ үеэр илтгэгч А.Отгонболд “Би МАНАН гэдэг улс төрийн өвчнийг эмч хүний хувьд “Манин” гэдэг өвчин гэж ойлгож байгаа” гэв. Үндэсний шинэ нам их хурлаараа намын дарга, нэрээ солих, Ерөнхий нарийн бичгийн дарга нь албаа өгөх гэхчлэн үйл явдал дүүрэн болсон юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянгын албаа өгөх болсон шалтгаан нь ирэх сонгуульд өрсөлдөх гэж буйтай нь холбоотой аж. Учир нь энэ албан тушаалыг хашиж байгаа бол УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхгүй байдаг юм. Харин түүний оронд тус намын дэд дарга Н.Батцэрэг томилогдлоо. Үндэсний шинэ нам нэрээ өөрчлөн Монгол Үндэсний ардчилсан нам болгох талаар Бүгд хурлаас санал гарган гишүүдийн олонхи нь дэмжлээ. Ардчиллын эхний жилүүдэд Монголын үндэсний дэвшлийн нам, Монголын сэргэн мандлын нам үндэсний үзлээ дээдэлж, эрх ашгаа хамгаалах зорилгоор улс төрийн хүчнүүд нэгдэж Монголын үндэсний ардчилсан нам болсон түүх бий. Харин одоо Үндэсний шинэ нам үндэсний үзлээ дээдэлж, шударга ёсыг эрхэмлэн Монгол Үндэсний ардчилсан нам /МҮАН/ болохыг хүсэж байгаагаа дуулгасан нь энэ юм. Тэд МАХН болон бусад хөдөлгөөнтэй хамтарч Бүх ард түмний их хуралдайг зохион байгуулж тулгамдсан асуудлынхаа талаар хэлэлцэж байсан. Үүнээс хойш эрх баригч хоёр намаас бусад нь хамтарч, нэгдэж, эвсэж үйл ажиллагаа явуулах нь чухал болохыг ойлгосон аж. Энэ ч утгаараа ирэх сонгуулиар МАХН болон бусад намтай эвсэл байгуулж, хамтран ажиллахаар боллоо. Харин Удирдах зөвлөлийн гишүүн М.Энхсайханыг төлөөлөгчдийн 95 хувийн саналаар намын даргаар сонгов. Хуучин дарга Ц.Цолмоны тухайд Удирдах зөвлөлийн гишүүн гэсэн статустай болж байгаа юм. Их хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр хүрэлцэн ирж, үг хэлсэн юм. Тэрбээр “МАНАН-ыг арилгах нь чухал. Үүний төлөө хамтарч байгаадаа баяртай байна. Одоо бүр МАНАН гэх гээд хэл халтирч “манин” гэдэг болжээ. Өнөөдрийн төр засгийн үйл ажиллагаа ийм л инээдтэй, доог тохуу болж байна. Бид шударга ёсны төлөө ямар ч улс төрийн хүчинтэй нэгдэж ажиллахад бэлэн. Гуравдагч хүчний эвсэл байгуулан ирэх сонгуульд амжилттай оролцох боломж ч бий” хэмээн талархлын үгэндээ дурдлаа.
Үндэсний шинэ намын их хуралтай давхцан МАХН-ын “Шинэ төрийг урлан бүтээх шинэчлэгдсэн МАХН” сэдэвт хэлэлцүүлэг болов. Энэхүү хэлэлцүүлгийн гол ач холбогдол нь МАХН-ыг Монголын тэргүүлэх улс төрийн хүчин болгож УИХ-ын 2012 оны болон орон нутгийн сонгуульд ялуулж, шинэ төрийг урлан бүтээх арга замыг тодорхойлоход оршиж байгаа аж. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Шинэ төрийг урлан бүтээх шинэчлэгдсэн МАХН” сэдэвт илтгэл тавьсан. Илтгэлдээ “2010 оны наймдугаар сард “Тэрэлжийн тунхаг” гэгчийг намын удирдлагууд хоорондоо үгсэн хуйвалдаж гаргасан. Үүнээс болж МАХН-ын гишүүдийг гомдоосон. Харин тэд нэгдмэл бус хувь, хувийн эрх ашгийн төлөө байх үзлийг дэвшүүлсэн. Гэвч өөрсдийгөө зүүний үзэл баримтлалыг баримталж байгаа гэдэг. Тэд МАХН-ыг устгасан. Бидний МАХН зүүний үзлийг дэмжих болно. Энэ нь хамтаараа амьдрах ухаан гэсэн үг юм. Тиймээс бид нэгдмэл цул үзлээр МАХН-ыг авч явах ёстой” гэлээ. Мөн “МАХН-ын рейтинг одоо 10 хувьтай байна. Ирэх сонгуулийн өмнө 34 хувьд хүрэхэд л болно. Ингэхийн тулд намын үүр, хороогоороо эв нэгдэлтэй, шударга ажиллая” хэмээн намын гишүүддээ уриаллаа. Шинэ төрийг урлан бүтээж, МАНАН-г ялж ирэх сонгуульд засгийн эрх авна гэдэгт итгэлтэй байгаагаа МАХН-ын дарга Н.Энхбаяр хэллээ. Мөн хэлэлцүүлгийн үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчид үзэл бодол, саналаа хэлж байлаа. Хуульч Ч.Энхээгийн хувьд “МАХН УИХ-ын 2012 оны сонгуульд 10-15 суудал аваад нэмэргүй. Төрийн эрхийг бүхэлд нь авах хэрэгтэй. Төрийн албанд хувьсгал хийх цаг нь болсон. Тиймээс МАНАН-ынхан өөрсдийнхөө замыг бодсон нь дээр” гэж байв.
Ц.Энхцэцэг
"Улс төрийн тойм" сонин