Замынхан хоёр ээлжээр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Замынхан хоёр ээлжээр ажиллаж байна

Урин дулааны улирал дуусаж, нийслэлийнхэн өвлийн бэлтгэл ажлаа хангаж эхлээд байна. Энэ жилийн хувьд хавраас эхлэн  нэлээд олон газарт зам засварын ажил явагдаж замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж байсан. Гэсэн ч  одоо болтол зам засварын ажил дуусаагүй төлөвлөсөн хугацаанаасаа хэтэрч болзошгүй,  бүр зарим нь он гарч байж дуусах сурагтай болоод байгаа.  Энэ талаар Нийслэлийн автозамын газраас тодруулахаар зорьсон юм. Тус байгууллага 73 км автозамын ажлыг эхлүүлснээс энэ онд багтаан 60 км замыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн автозамын багагүй хэсэг нь эргэн төлөгдөх  нөхцөлтэйгээр 12 төслийн арга хэмжээг хэрэгжүүлж  байгаа гэнэ. Эргэн төлөгдөх нөхцөл бүхий хөрөнгөөр хийж буй зам засварын ажил  үндсэндээ 69 тэрбум төгрөгийн өртөгтэй байгаа юм. Дээрх 12 төслийн  зургаа нь бүрэн  хэрэгжиж дуусч комисст хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд үлдсэн зургаан ажил нь 40-60 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Тухайлбал, Сансарын шатахуун түгээх станцаас Дамбадаржаа, Шадивлан хүртэлх 12.7 км автозамын ажил одоогоор 80 гаруй хувьтай явж байгаа юм байна. Мөн Ажилчны гудамж буюу Гурвалжингийн гүүрнээс Хан-Уул дүүргийн замын цагдаагийн пост хүртэлх зам засварын ажлын явц одоогоор 70 хувьтай байгаа. Цаашид 600 гаруй км замын хучилтын ажил хийвэл төлөвлөсний дагуу дуусах бололцоотой гэж үзэж байгаа юм. Харин 22-ын товчооны замын өргөтгөлийн ажил дулааны шугам сүлжээний ажлаас  болоод нэлээд хүлээгдэж байж ажил нь эхэлсэн гэнэ. Тиймээс 22-ын товчооны зам засварын ажил он дамжин хийгдэхээр болоод байгаа юм байна. Жил болгон тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулан энд тэндхийн замыг хааж байж замаа шинээр барьж засаж сэлбэдэг. Гэсэн хэдий ч нөгөө шинэ засаж янзалсан зам нь яг жилийн дараа дахин засвар, нөхөөс хийх шаардлагатай  болдог. Энэ нь шууд замын чанартай холбоотой юм. Харин энэ жилийн хувьд автозамын газраас “Чанараа дээдэлье” гэсэн уриа дэвшүүлэн ажиллаж, барьж буй зам бүрийн ажлын үе шат болгон дээр лабортори шинжилгээ  хийгдэж дүгнэлт гаргаж байгаа гэнэ. Иймд замын чанарын хувьд энэ жилээс  эхлэн  сайжирна хэмээн албаны хүмүүс өгүүлж байсан юм.


Нийслэлийн авто замын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Оюунгэрэлээс дараах асуултад хариулт авсан юм.
    

-Засаж дуусаагүй байгаа замууд төлөвлөсөн хугацаандаа дуусах уу. Энэ тал дээр танай байгууллага ямар арга хэмжээ авч байна вэ?

-Төлөвлөсөн хугацаандаа амжуулан гүйцэтгэхээр компаниуд хоёр ээлжээр ажиллаж байгаа. Манай хяналтын инженерүүд ч тухайн зам засаж байгаа газар дээр очин байнга хяналт тавьж ажиллаж байгаа. Мөн уртасгасан цагаар ажиллаж байна.

-22-ын товчооны зам засвар он дамжиж хийгдэх болсон гэсэн.  Яагаад он дамжихаар болов ?

-22-ын товчооны зам хуучин долоон метр бүхий өргөнтэй байсан учраас уг замд өргөтгөл засварын ажил хийхээр болсон. Одоогоор 21 метр болон өргөжүүлээд байгаа. Он дамжиж хийгдэх болсон шалтгаан нь “Баянгол” хорооллын дулааны шугамын асуудлыг шийдвэрлэх шаардлага гаран энэ замын тодорхой хэсгийг он дамжуулан хийхээр болсон. Түүнчлэн Сансарын тунелийн явган хүний нүхэн гарцын ажил, инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ажилтай уялдан мөн он дамжин хийхээр гэрээг нь сунгасан байгаа.

Тэрбээр ийн ярилаа. Харин явган хүний зам засварын хувьд  дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлыг хариуцан гүйцэтгэх аж. Дашрамд дурьдахад ирэх баасан гаригт нийслэлийн автозамын газар  замын хагарал гагнах Герман улсын шинэ техник технологийг туршиж үзэхээр бэлтгэл ажлаа эхлээд байгаа аж. Уг туршилт амжилттай болсон тохиолдолд хатуу хучилттай замд нөхөөс тавихгүй харин гагнадаг болно гэсэн үг юм. Ямартай ч нийслэлийн зам засварын ажил дуусах шатандаа ороод байгаа юм байна. Харин явган хүний замын ажил одоогоор эрчимтэй өрнөж байгаа бөгөөд гэрээний дагуу замын тохижилт, засварын ажлыг дуусгах төлөвлөгөөтөй байгаа ажээ.

Б.Жаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж