”Терроризм устана гэдэг үлгэрийн далай” гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

”Терроризм устана гэдэг үлгэрийн далай” гэв

Өнгөрсөн арван жилийн түү­хэн дэх хамгийн аймшигт үйл явдлуудын нэг бол “Есдүгээр сарын 11”-ний хэрэг явдал. Дэлхий ний­тийг цочирдуулсан халдлага бол­соноос хойш яг 10 жил өнгөрчээ. Хэвлэлийнхэн ч “Аль-Кайда” бү­­лэглэлээс ямар нэг мэдэгдэл хий­хийг битүүхэндээ хүлээж байсан. Харин  “Аль-Кайда” бүлэглэлийн шинэ толгойлогч Аль Завахири уржигдар мэдэгдэл хийсэн. Тэрбээр мэдэгдэлдээ АНУ-ын халдлага, Арабын хувьсгал, терроризмын шинэ эрин ирж буй талаар дурьд­сан аж. Террористуудын тусгай сүлжээгээр цаг гаруй үргэлжлэх уг мэдэгдэлд Осама Бин Ладеныг үгүй хийхээс өмнө буюу өн­гөр­сөн тавдугаар сард хийсэн бич­лэгийг харуулжээ. Уг бичлэгт аме­рикчуудад баривчлагдсан 1000 га­руй алан хядагч Исламын ор­нуудын хувьс­галыг дэмжиж бай­гаа­гаа илэр­хийлсэн тухай онцолжээ. Мөн зарим оронд болсон хувьсгал мусульманчуудын гаран дахь дөн­гийг тайлж, эрх чөлөө олгосон гэх утга ч Аль Завахиригийн мэдэгдэлд бий. “Аль-Кайда” бү­лэглэлийн удир­дагч агсан Осама Бин Ладен “Ариун шашны үр сад мандан бадарч, бид ээлжит дайралтаа хийх оновчтой мөчийг хүлээж байна. Исламын ертөнц ши­нээр мэндэлж, дэлхийд ноёрхлоо дахин тогтооно. АНУ тэргүүтэй холбоотон орнууд цусан далайд живэх мөч айсуй” гэсэн байжээ. Уг мэдэгдлийн да­раа CNN агентлаг АНУ-ын бүх му­жуудийн хүчний байгууллагуудад Б.Обама сэрэмжлүүлэг өгсөн та­лаар мэдээлсэн аж. Тиймээс дахин нэг аймшигт халдлага болох гэж байгаа ч юм билүү, бүү мэд. “Аль-Кайда” бүлэглэлийн толгойлогч Аль Завахири “Терроризм устаж, энх цаг ирнэ гэдэг үлгэрийн далай. Яагаад гэвэл, ариун үйлсийн өмнө дандаа бузар, булай хаалт болж өгдөг” хэмээжээ.

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны Терроризмтой тэмцэх тасгийн шинжээч, судлаач Жош Макмиллер “Сүүлийн хоёр жи­лийн судалгаагаар дэлхий дээрх террорист халдлага эрс багассан ч АНУ Афганистанаас цэргээ та­тах шийдвэрийн дараа өсөх ханд­лага ажиглагдсан. Пакистан, Афга­нистан, Иран, Энэтхэг зэрэг орнуудад халд­лага бүр ч их нэмэгдэх  болсон нь алан хядагчдын өгч буй дохио гэдгийг сануулж байна. Исламын ертөнц дэх энгийн ард иргэдийг АНУ-ын цэргүүд хамгаалж чадахгүй нь тодорхой” гэж дүгнэж байгаа. Харин тэднийг орогнуулж байгаа улс терроризмын үүр болсон гэдгээ ухаараагүй байгаад хамгийн гол асуудал оршиж байгаа юм. Мөн тэднийг нууцаар санхүүжүүлэгч нь ямар нэгэн байдлаар АНУ-тай холбоотой болохыг  Wikileaks өмнө нь дэлгэж байсан. Үүний талаар хэн ч юу ч яриагүй. Эцсийн дүндээ үзэл бодлын зөрчилдөөн террористуудыг олон болгож байна. Энд ямар ч ислам, мусульман шашин хамаагүй болж байгааг Норвегийн террорист Андерс Брейвикийн үйл­дэл ба­талсан. Уг халдлагыг зарим хүн  “Үзэл бодлын зөрчилдөөний ил­рэл” хэмээн дүгнэсэн юм. Энэхүү дүгнэлт нэг талыг баримталсан мэт байж болох ч нутаг нэгтэй ах дүүгээ хядсан нь аймшигтай хэрэг мөн. Энэ мэтчилэн бодоод байхад терроризм шашин шүтлэг хамаарахгүй, бүрэн утгаараа нарийн хөгжих болсон шалтгааныг АНУ-тай холбож тайлбарлаж болох юм. Яг үнэндээ  терроризмын гарцыг АНУ хаах гэж оролддог нь сайн зүйл дагуулсан. Бусдад ч нэг хэсэг тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн гэж болно.  

Францын зохиолч, сэтгүүлч Эдуард Софи өөрийн “Терроризм бол эрх чөлөө” /Terrorism is Freedom/ нэртэй номондоо сонирхолтой зүйл өгүүлснийг “Аль-Жазира” агентлаг онцолж, есдүгээр сарын 12-ны өдөр олон нийтэд зориулан зарим хэсгийг нь нийтэлсэн. Уг  нийтлэлд Эдуард Софи  тероризмыг аалзны тор мэтээр төсөөлсөн байжээ. Тэрбээр уг номондоо “Террорист оо гэж.  Энэ үг хүн болгонд өөрөөр төсөөлөгддөг гэдгийг саяхан мэдэж авсан нь инээдтэй санагдсан. Ялангуяа хүмүүс “Өө, террорист гэдэг чинь есдүгээр сарын 11-ний халдлагийг хийсэн хүмүүсийг хэлдэг гэж бодсон, үгүй байсан юм уу. Террорист гэдэг нэр томъёог Исламын орныхноор төсөөлдөг нь буруу юу” гээд олон л талаас нь тайлбарлах гэж оролдож байв. Харин миний бодлоор террорист гэдэг нь аалзны тор. Учир нь тэд хаа сайгүй тороо бэлдэж, урхи тавьдаг. Оновчтой мөчид хүссэн халдлагыг зохион байгуулж чаддаг. Тэдний үзэл бодолдоо үнэнч байх чанар хамгийн чухал мэт. Хүссэндээ заавал хүрч байж санаа нь амардаг зан нь хэзээ ч бууж өгөхгүйн илрэл. Яагаад аалзны тор гэсэн гэхээр тэд өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд ямар ч зүйлийг золиосолж чадах тийм л ухамсрын болон оюун ухааны зарчим нь тэднийг хурцалж өгдөг” гэсэн байжээ.

Хамгийн их террорист  ажил­лагаа явуулдаг бүлэглэлүүдийг “Аль-Кайда” тэргүүлдэг бол террорист халдлагад маш олон удаа өртсөн орон бол Их Британи аж. Мөн Австрали, Канад, Европын холбоо, Англи, АНУ, Энэтхэг болон ОХУ террорист халдлагад өртсөн орнуудын жаг­саалтад зүй ёсоор багтдаг. Дэл­хий дээр нийт 136 террорист бүлэглэл байдаг бөгөөд 80 гаруй хувь нь Исламын орнуудаас гарал­тай байдаг нь хачирхал төрүүлэм. Харин үлдсэн 20 хувь нь Африк, Филиппин, Энэтхэг зэрэг орнуудаас гаралтай аж. Террорист бүлэглэлүүд нийгмийн үйл ажиллагаа, улс хоорондын үзэл суртал, оюут­ны эрхийг хамгаалах, шашин хоорондын гээд хэд хэдэн үндсэн чиглэлээр халдлага явуулдаг юм байна.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж