АНУ-ын Холбооны мөрдөх товчооны Терроризмтой тэмцэх тасгийн шинжээч, судлаач Жош Макмиллер “Сүүлийн хоёр жилийн судалгаагаар дэлхий дээрх террорист халдлага эрс багассан ч АНУ Афганистанаас цэргээ татах шийдвэрийн дараа өсөх хандлага ажиглагдсан. Пакистан, Афганистан, Иран, Энэтхэг зэрэг орнуудад халдлага бүр ч их нэмэгдэх болсон нь алан хядагчдын өгч буй дохио гэдгийг сануулж байна. Исламын ертөнц дэх энгийн ард иргэдийг АНУ-ын цэргүүд хамгаалж чадахгүй нь тодорхой” гэж дүгнэж байгаа. Харин тэднийг орогнуулж байгаа улс терроризмын үүр болсон гэдгээ ухаараагүй байгаад хамгийн гол асуудал оршиж байгаа юм. Мөн тэднийг нууцаар санхүүжүүлэгч нь ямар нэгэн байдлаар АНУ-тай холбоотой болохыг Wikileaks өмнө нь дэлгэж байсан. Үүний талаар хэн ч юу ч яриагүй. Эцсийн дүндээ үзэл бодлын зөрчилдөөн террористуудыг олон болгож байна. Энд ямар ч ислам, мусульман шашин хамаагүй болж байгааг Норвегийн террорист Андерс Брейвикийн үйлдэл баталсан. Уг халдлагыг зарим хүн “Үзэл бодлын зөрчилдөөний илрэл” хэмээн дүгнэсэн юм. Энэхүү дүгнэлт нэг талыг баримталсан мэт байж болох ч нутаг нэгтэй ах дүүгээ хядсан нь аймшигтай хэрэг мөн. Энэ мэтчилэн бодоод байхад терроризм шашин шүтлэг хамаарахгүй, бүрэн утгаараа нарийн хөгжих болсон шалтгааныг АНУ-тай холбож тайлбарлаж болох юм. Яг үнэндээ терроризмын гарцыг АНУ хаах гэж оролддог нь сайн зүйл дагуулсан. Бусдад ч нэг хэсэг тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн гэж болно.
Францын зохиолч, сэтгүүлч Эдуард Софи өөрийн “Терроризм бол эрх чөлөө” /Terrorism is Freedom/ нэртэй номондоо сонирхолтой зүйл өгүүлснийг “Аль-Жазира” агентлаг онцолж, есдүгээр сарын 12-ны өдөр олон нийтэд зориулан зарим хэсгийг нь нийтэлсэн. Уг нийтлэлд Эдуард Софи тероризмыг аалзны тор мэтээр төсөөлсөн байжээ. Тэрбээр уг номондоо “Террорист оо гэж. Энэ үг хүн болгонд өөрөөр төсөөлөгддөг гэдгийг саяхан мэдэж авсан нь инээдтэй санагдсан. Ялангуяа хүмүүс “Өө, террорист гэдэг чинь есдүгээр сарын 11-ний халдлагийг хийсэн хүмүүсийг хэлдэг гэж бодсон, үгүй байсан юм уу. Террорист гэдэг нэр томъёог Исламын орныхноор төсөөлдөг нь буруу юу” гээд олон л талаас нь тайлбарлах гэж оролдож байв. Харин миний бодлоор террорист гэдэг нь аалзны тор. Учир нь тэд хаа сайгүй тороо бэлдэж, урхи тавьдаг. Оновчтой мөчид хүссэн халдлагыг зохион байгуулж чаддаг. Тэдний үзэл бодолдоо үнэнч байх чанар хамгийн чухал мэт. Хүссэндээ заавал хүрч байж санаа нь амардаг зан нь хэзээ ч бууж өгөхгүйн илрэл. Яагаад аалзны тор гэсэн гэхээр тэд өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд ямар ч зүйлийг золиосолж чадах тийм л ухамсрын болон оюун ухааны зарчим нь тэднийг хурцалж өгдөг” гэсэн байжээ.
Хамгийн их террорист ажиллагаа явуулдаг бүлэглэлүүдийг “Аль-Кайда” тэргүүлдэг бол террорист халдлагад маш олон удаа өртсөн орон бол Их Британи аж. Мөн Австрали, Канад, Европын холбоо, Англи, АНУ, Энэтхэг болон ОХУ террорист халдлагад өртсөн орнуудын жагсаалтад зүй ёсоор багтдаг. Дэлхий дээр нийт 136 террорист бүлэглэл байдаг бөгөөд 80 гаруй хувь нь Исламын орнуудаас гаралтай байдаг нь хачирхал төрүүлэм. Харин үлдсэн 20 хувь нь Африк, Филиппин, Энэтхэг зэрэг орнуудаас гаралтай аж. Террорист бүлэглэлүүд нийгмийн үйл ажиллагаа, улс хоорондын үзэл суртал, оюутны эрхийг хамгаалах, шашин хоорондын гээд хэд хэдэн үндсэн чиглэлээр халдлага явуулдаг юм байна.
"Улс төрийн тойм" сонин