Н.Энхбаяртай гэрээ байгуулж байж эвсэнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяртай гэрээ байгуулж байж эвсэнэ

Монгол үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайханыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа. Үндэсний шинэ намын III их хурал өчигдөр болж, намынхаа нэрийг өөрчлөн, даргаа шинээр сонгосон юм.


-Юуны өмнө танд  Мон­гол үндэсний ардчилсан намын дарга болсонд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Үндэсний шинэ намын­хан өнөөдрөөс эхлэн түүхээ шинээр бичиж эхэллээ гэ­хэд болно. Нэрээ солилоо. Даргаа бас солилоо. Гэхдээ яагаад ганцхан хүнийг даргад нэр дэвшүүлсэн юм бэ?

-Үндэсний шинэ намын бүгд хурал уржигдар бол­сон. Бүгд хурлаар намын шинэчилсэн дүрмийн дагуу намын даргад хоёр хүртэлх хүний нэрийг дэвшүүлэх боломжтой байсан ч гишүүд маань намайг нэр дэвшүүлсэн.

-Үндэсний шинэ нам нэрээ Монгол үндэсний ардчилсан нам болгон өөрчилсний учир юунд байна вэ?

-Үндэсний шинэ намыг байгуулаад таван жил бол­чихож. Энэ хооронд шинэ гэ­дэг үг ч хуучирсан нь мэдээж. Тиймээс намын нэрийг өөрчлөх нь гарцаагүй байсан. Нөгөөтэйгүүр өнгөрсөн гурван жил эрх баригч хоёр нам МАН-АН хэлбэрээр төрд засагласан. Энэ хооронд идэж, уусан хөрөнгө, мөнгөнийх нь талаар ярихаа больё. Асуудлын гол нь тэд олон намын тогтолцооны утга учрыг алдагдуулснаас болж намуудын хооронд улс орны хөгжлийн ирээдүйн  талаарх үзэл баримтлалын эрүүл өрсөлдөөн үгүй болжээ. Тэр тухай ярихаа ч больсон. Аливаа асуудлыг зөвхөн хөрөнгө мөнгөөр шийддэг болсон байгаа нь Монгол үндэстнийг устгаж байгаатай агаар нэг юм. Өөрөөр хэлбэл, ардчиллыг булшилсантай утга нэг юм. Бид анх Үндэсний шинэ намыг байгуулж байхдаа үндэсний, ардчилсан, шударга ёсны үзлийг тулгын гурван чулуу болгоно гэж байсан. Тиймээс өнөөдөр зөвхөн үндэсний үзлийг ярих биш ардчилсан үзэл санаагаа тээх нь илүү чухал болсон. Энэ утгаараа ч Үндэсний шинэ намын нэр өөрчлөгдөх нь гарцаагүй байсан. Бидний дэвшүүлсэн гол санаа болох үндэсний ардчилсан үзлийг шингээсэн нэр сонгох нь ч зүйн хэрэг. 

-Намын нэрнээс болоод нэлээд маргаан гарч байгаа энэ үед өмнө нь байсан Монголын үндэсний ардчилсан намтай ижилхэн товчлол бүхий нэр авсан нь ямар учиртай юм бэ. “Товчлол нь ижилхэн” гээд нэрний талаарх маргаан үүсэх магадлал өндөр юм биш үү?

-Энэ нэрийг урьд нь байсан гэвэл эндүүрэл. Бид Монгол үндэсний ардчилсан нам гэдэг нэрээр өөрсдийн намаа нэрлэхээр болсон. Энэ нь Монголын үндэсний ардчилсан нам гэдгээс өөр нэр учир нэрний тал дээр ямар нэгэн маргаан үүсэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Тиймээс бидний хувьд болгоомжлох асуудал байхгүй.

-Та “Намын нэрийг солих болсон өөр нэг шалтгаан нь үндэсний үзлээс гадна ардчилсан үзэл санааг орхигдуулах ёсгүй” гэж хэлсэн. Тэгэхээр Үндэсний шинэ нам өнгөрсөн таван жилийн хугацаанд үндэсний үзлийг баримталж, ардчилсан,  шударга ёсны үзлээ орхигдуулсан гэж дүгнэж болох нь ээ?

-Орхигдуулсан ч биш юм аа. “Үндэсний үзлийг ойлгуулах гэж нэлээд оролдсон” гэх нь онох байх. Биднийг Үндэсний шинэ нам байгуулаад үндэсний үзлийн талаар ярьж байхад монголчууд үндэсний үзлийн талаар ярьж мэддэггүй, чаддаггүй л байсан шүү дээ. Үндэсний үзэл гэж эх оронч, эсвэл үндсэрхэг үзэл гээд л бүгдийг нь хольж хутгадаг байсан. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулбал Монголын нийгэм асар их өөрчлөгдөж, ялгааг нь ойлгодог болсон байна. Гэхдээ үндэсний үзэл гэж туйлшраад хуучнаа сэргээх гэж байна гэж ойлгож хэрэггүй байх. Үндэсний үзэл гэдэг динамиктайгаар хөгжиж явдаг байхгүй юу. Энэ хугацаанд бид шинэ нөхцөл, орчинд Монгол үндэсний үзэл ямар байх ёстой вэ гээд онолыг нь боловсруулаад ажиллаж ирсэн. Харин одоо ардчилал булшлагдаж байгаа өнөөгийн нөхцөлд ардчилалд илүү анхаарах шаардлагатай байгааг л илэрхийлж, намынхаа нэрийг өөрчилж, ардчилсан гэдэг тодотголыг хийсэн. Гэхдээ гэнэт ингэж шийдсэн юм биш шүү. Одоо л ажил хэрэг болж байгаа болохоос  нэрээ солих тухай өмнө нь ярьж байсан. Тиймээс үндэсний ардчилсан үзэл санааны тухай ярих бидний цаг ирсэн гэж ойлгож болох юм.

-Төрийн эрхийг барьж байгаа намуудын удирдагч байсан хоёр хүн хамтраад улс төр хийнэ гэхэд эргэлзэх хүн олон байгаа?

-Монголын ардчиллын түүхийн сүүлийн 15-20 жил, тэр тусмаа МАХН-ын түүхийг Н.Энхбаяр, Ардчилсан намынхыг М.Энхсайхан гэдэг нэртэй холбохоос өөр арга байхгүй. Энэ хугацаанд хийж байсан сайн үйл ч тэр, муу нь ч тэр бидний нэртэй цуг явдаг. Гэхдээ асуудлын гол нь үүнд биш. Монголын нийгэм энэ 20 жилийн хугацаанд системийн том алдаа гаргаж байсан гэдгийг л ойлгох нь чухал. Энэ алдаагаа олж хараад засъя гэдэг эрмэлзэлтэйгээр М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёр гүйгээд байгааг буруутгах аргагүй шүү дээ. Харин системийн алдаа байна гэдгийг мэдсээр байж тэр алдаан дээр дөрөөлөн баяжих эрх ашгаа хамгаалж байгаа хүмүүс өнөөдөр олигархийн засаглалыг бий болгочихжээ. Үүнийг л өөрчлөхгүй бол Монгол үндэстний ирээдүй бүрхэг байх болно.

-Яаж өөрчилнө гэж?

-Даяаршин буй өнөөгийн нийгэмд Монгол Улс, үндэстэн устах аюултай тулгараад байгаа. Энэ аюулаас ангижрахын тулд бид төрийн тогтолцоог бүхлээр нь өөрчилж, ертөнц дээрх Монгол иргэншил гэсэн үзэл баримтлал гаргаж байгаа юм. Өөөрсдийгөө “Нүүдлийн иргэншилтэй” гэж бусадтай адил томъёолох нь өөрсдийгөө гутааж буйн илрэл. Бид цыган, эх оронгүй хүн, байгалийн гамшгаас зугтаж яваа африкчууд биш шүү дээ. Тиймээс монголчуудыг нүүдлийн соёл иргэншилтэй гэж томъёолох нь зохимжгүй. Их үндэстэн байсан ард түмний үр сад учир Монгол иргэншлийн тухай ярих ёстой. Тиймээс л Монгол иргэншил гэсэн цоо шинэ нэр томъёог гаргаж ирж байгаа юм. Харийнханд үйлчилдэг биш Монгол үндэстэнд үйлчилдэг төрийг урлах хэрэгтэй байна. Үүнийг бий болгохын тулд Үндсэн хуулиа өөрчлөх замыг сонгох ёстой гэсэн санал гаргаж байгаа. Бид парламентат төр, Ерөнхийлөгчийн засаглал гэдэг томъёоллыг бий болгож байгаа. Монгол төрийг урлахын хажуугаар Монгол бодлого баримтлах хэрэгтэй байна. Тухайлбал, Монгол Улс уул уурхайн орон болж байгаа нь үнэн. Энэ үед гадныхныг баяжуулахгүй, өөрсдөө ядуурахгүй байх зарчмаар хандах хэрэгтэй. Үүний тулд стратегийн ордуудын гэрээ, хэлэлцээрийг дахин нягталж, алдаатай гэрээ, хэлэлцээр хийхэд хүргэж байсан олон улсын гэрээ болон хөрөнгө оруулалтын хуулиа эргэж харах ёстой юм. Уул уурхайгаас хараат болгож байгаа “Голланд өвчин”-өөс ангижруулахын тулд энэ салбараас орж ирж байгаа ашиг дээр үндэслэн хүнс, хөдөө аж ахуйн салбрынхныг татвараас 100 хувь чөлөөлөх нь зүйтэй. Ингэснээр үндэсний суурь эдийн засгийг хамгаалж, “Голланд өвчин”-өөс сэргийлж чадна гэсэн цогц санаанууд дээр манай нам үзэл баримтлалаа томъёолсон.

-Намынхаа үзэл баримтлалыг боловсруулсан нь сайшаалтай ч Сонгуулийн тухай хуулийг шинэчлэхгүй байх магадлал өндөр байгаа. Энэ үед Монгол үндэсний ардчилсан нам МАХН-тай эвссэн ч УИХ-д санаснаараа суудал авч чадахгүй л болов уу?

-Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх үгүй нь бидэнд тийм ч чухал ач холбогдолтой биш. Асуудлын гол нь зөв үзэл баримтлал, үзэл санаа, ирээдүйн төсөөллийг л сонгогчдод хүргэх ёстой. Сонгох уу, үгүй юү гэдэг нь ч тэдний асуудал. Ямартай ч МАН-АН хэлбэрийн засаглал монголчуудын оюун ухааныг “Алж” байгаа учир Монголын ирээдүй бүрхэг байгаа. Үүнээс болоод мөнгө шүтдэг шашны шинэ урсгал бий болчихоод байна шүү дээ. Мөнгөн тэмдэгт бол баялаг биш. Ердөө л хэвлэсэн цаас. Монгол үндэстний баялаг бол Монгол хүн, газрын баялаг, агаар ,ус, оюун ухаан. Үүнийг л баялаг гэж үздэг байх ёстой. Гэтэл бид мөнгө гэдэг шинэ шашинтай болсон учир “Мөнгө өгнө” гэхээр л хамаг юмаа өгч оронд нь сүйрэл л авдаг болж. Өөрт байгаа зүйлсээ баялаг гэж үзэхгүй байж мөнгийг баялаг гэдэг буруу ойлголтыг эсрэгээр нь эргүүлэх ёстой гэж үзэж байгаа. Үүнийг ч Монголын ард түмэн дэмжиж байгаа нь илэрхий байна. Энэ асуудлыг л улс төрийн томъёолол болгож,  төрийн бодлого болгож чадах улс төрийн хүчинд санал өгөх үү, үгүй юү гэдэг маргаан 2012 онд хүчтэй өрнөх ёстой. 

-”Монгол үндэсний ардчилсан нам МАХН-тай нэгдэхгүй эвсэнэ” гэж байгаа. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр “2008 онд МАХН нэрийн доор сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон хүмүүс МАХН-д нэгдэх ёстой” гэдэг байр суурьтай байгаа. Юмыг яаж мэдэх вэ түүний хэлснээр болох юм бол Монгол үндэсний ардчилсан нам хэцүүхэн байдалд орох вий?

-Хөдөө орон нутгаар МАХН-ыг Монгол ардын нам болгон өөрчилснийг сонсоогүй хүмүүс байгаа л юм билээ. Тэр ч бүү хэл тойрогтоо очсон гишүүдээс “Өөр намд элссэн юм уу” гэж асууж байгаа сонгогчид ч байна гэсэн. Ер нь МАХН бол Монголын түүхэнд асар их гавьяа байгуулсан. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болж ирсэн нам. Тиймээс тэр нэрнээс татгалзах сонирхолгүй олон хүн байгаа нь мэдээж. Хамгийн гол нь МАХН-ын ирээдүйг хэрхэн авч явах вэ гэдэг л чухал байх. Хэрэв бид тууштай үзэл бодолтойгоор эвсэж, МАН-АН хэлбэрээс гадуурх намуудыг нэгэн эвсэл болгож сонгуультай золговол Монголыг өөрчилж болно гэж бодож байна. Сүүлийн 20 жилийн түүхийг ч харсан ардчиллын түүх гэдэг бол эвслийн л түүх шүү дээ. Хэн эвсэж байсан тэр үед л сонгуульд ялж байсан байхгүй юу. Түүнээс биш ганцаараа, дангаараа ялж байсан түүх байхгүй. Тэгээд ч эвсэнэ гэдэг оюун ухаанаа нэгтгэнэ л гэсэн үг.

-Гэхдээ эвсэл болгон задарсан түүхтэй байдаг?

-Яагаад эвссэн хойноо задардаг гашуун туршлага, түүхтэй байдаг вэ гэхээр иргэншиж чадаагүй, ертөнцөө ойлгоогүй, жижиг сонирхлуудыг урьтал болгон тавьснаас болж л задарч байсан. Энэ бол жинхэнэ араатан шинж байхгүй юу. Тиймээс ч гадныхан монголчуудыг чоно шиг хүмүүс гэлцдэг юм. Зарим хүн өөрийг нь чоно гэхээр бахархаад байдаг. Түүн шиг алдаа байхгүй шүү. Чоно гэдэг амьтан чинь ан гөрөө хийж байхдаа сүрэглэж, хамтарч олзоо барьдаг. Харин хэргээ бүтээснийхээ дараа олзоо булаацалдаж, нэг нэгнийгээ барьж идэх дээрээ тулдаг л амьтан. Тиймээс монголчууд чоно биш. Монголчууд бол хүн. Бид их үндэстний угсаа болох монгол иргэншилтэй хүмүүс.

-Тэгэхээр  Монгол үндэсний ардчилсан намынхан болон МАХН-ынхан задрахгүйгээр эв­сэхэд бэлэн болсон байх нь ээ?

-Одоогийн нөхцөлд ерөөсөө л эвсэж эвлэлдэх гэж байгаа шүү дээ. Сонгууль болгоны үеэр миний хийж байсан ажил бол дандаа л эвсэлдүүлэхэд оршиж байлаа.  Эвсэж байж л сонгуульд амжилттай оролцсон.  Харин амжилт олсон хойноо дандаа бутардаг нь араатан шинжээсээ л болдог. Энэ байдлыг дахин давтахгүй байх нэг арга нь эвслийн гэрээнд энэ талаар хатуу заалт оруулах хэрэгтэй.

-Тэгэхээр танай нам МАХН-тай эвсэхдээ энэ талаар хатуу заалттай гэрээ байгуулах нь ээ?

-Явж, явж гэрээ байгуулах байх гэж бодож байна. Үүнээс өөр ямар гарц байгаа юм бэ. 

-Ярилцсанд баярлалаа.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж