АН-ын даргын Хятад дахь айлчлал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

АН-ын даргын Хятад дахь айлчлал өндөрлөв

Хятадын Коммунист намын урилгаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй 15 төлөөлөгч БНХАУ-д айлчлаад өнөөдөр эх орондоо ирлээ. Тус намын урилгаар 2006 онд тухайн үеийн Ардчилсан намын дарга  Ц.Элбэгдорж уригдаж байсан бол таван жилийн дараа одоогийн дарга Н.Алтанхуяг  уригдаж хоёр намын хамтын ажиллагаа болоод хоёр улсын хөгжлийн талаар харилцан санал солилцсоноороо айлчлалын хувьд онцлог болсон юм.

Ардчилсан намын дарга, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг тэргүүтэй төлөөлөгчдийг нутаг буцахын өмнө Хятадын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэцян Бээжин хотноо Ардын Их Хурлын Ордонд хүлээн авч уулзсан юм.

Ли Кэцян дарга Ардчилсан намын даргыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр “Энэ удаагийн айлчлал хоёр улс , хоёр намын хооронд стратегийн түншлэл, хамтын нөхөрлөл, иргэдийн  харилцааг  шинэ  шатанд гаргах  гүүрийг тавилаа. Цаашид Монгол Улс, улс төрийн ямар тогтолцоотой байхаас үл хамааран Ардчилсан намтай харилцан хамтын ажиллагаагаа улам  бэхжүүлэх болно” хэмээсэн юм.   

Ли Кэцян дарга Хятад улсын хөгжлийн талаар энэ үеэр танилцуулсан бөгөөд тус улс гадаад улс оронд , хамтран ажиллах бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн эдийн засгийн амжилтанд хүрсэн. Хөгжингүй муж хотууд алсагдсан хотуудаа хөгжүүлэхэд дэмжиж хамтран ажиллах бодлогыг баримталж байгаа хэмээн танилцуулсан. Уулзалтын төгсгөлд Ли
Кэцян дарга хоёр намын хамтын ажиллагаар дамжуулан иргэд  хоорондын харилцаа, соёл урлаг нийгмийн бүхий л  салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж