Ховд аймгийн хэмжээнд энэ жил 400 гаруй км хатуу хучилттай зам шинээр тавьж байгаа нь сүүлийн 20 жилд хийгээгүй томоохон бүтээн байгуулалт болох аж. Шинээр тавьж буй зам нь сумуудыг аймгийн төвтэй холбох гол замууд юм байна. Гүйцэтгэгч компаниар БНХАУ-ын хоёр, үндэсний нэг компани шалгарсан бөгөөд зам барих ажил сааталгүй явж буй ажээ. Тухайлбал, аймгийн төвөөс Манхан сум хүртэлх 85.3 км замын ажлыг БНХАУ-ын компани гүйцэтгэж буй юм байна. Тус компанийнхан дээрх замыг 2012 онд багтаан ашиглалтад оруулах аж. Тэгвэл Манхан сумаас Дарви чиглэлийн 100 км хатуу хучилттай замыг “Алтайн зам” компани тавьж байна. Уг компанийнхан монгол ажилчдын хүчээр замын ажлыг гүйцэтгэж буй бөгөөд өдөр шөнийн ээлжээр хоёр баг болгон ажиллаж буй аж. Манхан сумаас Дарви хүртэлх чиглэлийн замыг ирэх оны сүүлчээр ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй ажээ.
Г.Дарь