Ёкозуна цол талаар өнгөрөв бололтой

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Ёкозуна цол талаар өнгөрөв бололтой

Мэргэжлийн сумо бөхийн аки башёд түрүүлэх эсвэл түрүү бөхтэй дүйцэхүйц хэмжээнд амжилттай барилдах “даалгавар”-тай барилдаж буй озэки Харумафүжи Д.Бямбадоржийн ёкозуна цол талаар өнгөрөв бололтой. Башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Окиноумид цүкиотоши мэхээр өвдөг шороодсон тэрбээр өнөөдөр зүүн жигүүрийн маэгашираг тэргүүлж буй Хомашотой барилдаж, ошитаоши мэхээр ялагджээ. Ингэснээр цунатори буюу ёкозуна цол горилогч Харумафүжи хоёр даваа, хоёр унаатай болж байна. Башё дөнгөж эхэлж буй энэ үед хоёр ч удаа өвдөг шороодсон тэрбээр түрүүлэх, эсвэл түрүү булаалдах хэмжээнд барилдах эсэх нь одоо түүнээс биш Хакухо тэргүүтэй бусад бөхчүүдээс шалтгаалах болж байна.

Макүүчи буюу дээд зиндаанд барилдаж буй Монголын бусад сумочдын тухайд ёкокуна Хакухо М.Даваажаргал Ваканосатог /М2/ ёрикири мэхээр давж, дөрөв дэх даваагаа авсан бол сэкиваки Какурюү М.Ананд комүсүби Тоёоношимаг ошитаоши мэхээр давжээ. Мөн өнөөдөр Токитэнкү А.Хүчитбаатар Такаяасүг, Асасэкирюү Б.Дашням Таканоямаг тус тус давлаа. Түүнчлэн Кёкүтэнхо Н.Цэвэгням, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын барилдаанд макүүчи зиндааны хамгийн ахмад бөх Кёкүтэнхо давснаар дөрвөн даваатай болоод байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж