М.Энхсайхан ҮШН-ын дарга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан ҮШН-ын дарга боллоо











Хэдийгээр
парламентад төлөөлөлгүй боловч, улстөрийн гуравдагч хүчин болж буй Үндэсний
шинэ нам өнөөдөр их хурлаа хийж, намынхаа удирдлагаар М.Энхсайханыг томиллоо.
Тэрбээр хуралд оролцсон 200 гаруй гишүүнээс 95 хувийн санал авч, Үндэсний шинэ
намын даргын сэнтийд  заларсан юм.
Томилгоо зөвхөн удирдлагыг өөрчлөөд зогссонгүй, намын ерөнхий нарийн бичгийн
дарга болон дэд дарга нарыг шинээр томилсноор үргэлжиллээ. Тодруулбал, тус
намын ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Батцэрэг, дэд дарга бөгөөд нийслэлийн
намын даргаар Б.Цогтгэрэл томилогдоод байна. Мөн их хурлаас гаргасан томоохон
шийдвэр нь намын нэрийг өөрчилж, Үндэсний шинэ ардчилсан нам болголоо. Уг
нэрийг Улсын дээд шүүхэд нэн яаралтай бүртгүүлж, өөрийн болгох үүргийг шинэхэн
дарга нар намын нөхдөөсөө авлаа. Түүнчлэн тус намын их хуралд МАХН-ын дарга
Н.Энхбаяр хүрэлцэн очиж, илтгэл тавьсан нь бас л содон үйл явдал болов. Хэдийгээр
тус намын “Шинэ төрийг урлан бүтээгч, шинэчлэгдсэн МАХН“ нэртэй хэлэлцүүлэг
Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж байсан ч, 200 гаруй гишүүнээ орхиод
Үндэсний шинэ намын их хуралд хүрэлцэн очсон нь М.Энхсайханыг тус намын даргаар
томилогдоно гэдгийг урьдчилан мэдэж байсан бололтой. Тиймдээ ч “Талархалын илтгэл”
тавьж, шударга ёсны төлөө ажиллах улстөрийн ямар ч хүчинтэй нэгдэж ажиллахад
бэлэн байгаа гэдгээ зарласан нь ирэх сонгуульд МАХН, ҮШН хоёр нэгдэн,  эвсэл байгуулан зүтгэх нь тодорхой боллоо гэсэн
дүгнэлтийг улстөрийн хүрээнийхний дунд хийхэд хүргээд байна.

Хэдийгээр нэр
бүхий улстөрч, “Харьж яваа цагийнхан ирж яваа цагийн дууг дуулддаггүй” хэмээн
дээрх хоёр эрхэмд хандан үг дайсан ч тэд тэтгэвэрт гарахыг хүссэнгүй, улс төрийн
өндөрлөг рүү зүтгэж эхэллээ.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж