Австралийн Шинэ Өмнөд Уэльс Мужийн захирагч Ерөнхийлөгчид бараалхав

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Австралийн Шинэ Өмнөд Уэльс Мужийн захирагч Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч, профессор Мари Баширийг хүлээн авч уулзлаа. Шинэ Өмнөд Уэльс муж нь эдийн засгийн хүчин чадлаараа улсдаа тэргүүлдэг бөгөөд тус мужийн нийслэл болох Сидней хот нь Австралийн бизнес, санхүүгийн төв юм.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Австралийн муж улсуудаас анх удаа айлчилж буй хатагтай М.Баширт тавтай морилохыг хүсээд Австрали Улс нь манай оронд өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг анхнаас нь дэмжсэн улс орнуудын нэг бөгөөд Австралийн Засгийн газраас Монгол Улсад үзүүлж ирсэн тусламж, дэмжлэг шилжилтийг амжилттай даван туулах, мөн цаг үеийн хүндрэл бэрхшээлийг гэтлэхэд чухал хувь нэмэр болсныг монголын ард түмэн өндрөөр үнэлдгийг тэмдэглэж талархал илэрхийлэв.
Мөн тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнөөгийн түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын нэгэн чухал чиглэл болохыг онцоллоо.
Уулзалтын үеэр хатагтай М.Башир хэлэхдээ, Австралийн техникийн туслалцааны шугамаар тус улсад төрөл бүрийн мэргэжлээр олон монгол оюутнууд суралцаж буйг тэмдэглээд цаашид уул уурхайн инженер, уул уурхайн хуульч мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд түлхүү анхаарч ажиллахаар болоод байгаагаа онцолсон юм. Мөн энэ оны 6 дугаар сард Сидней хотноо Монголын тухай хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохиох, ирэх онд Монголын урлагийн тухай үзэсгэлэнг Шинэ Өмнөд Уэльс мужийн Үндэсний галлерейд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр ярилцлаа гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын Мэдээлэл боловсруулах, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж