МҮОНТ-ээр тун удахгүй гарах "Өдөр өдрийн нар" олон ангит киноны зураг авалтын багагүй хэсэг нь Сөүлд хийгдэхээр болжээ. Тиймээс тус кино багийнхан 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр Сөүлийг зорьж байгаа бөгөөд долоо хоног зураг авалтаа хийгээд ирэх гэнэ. Эрүүл мэндийн байгууллага үүсэж, хөгжсөний 90 жилийн ойд зориулан эмнэлгийн ажилчдын хүнд хүчир хөдөлмөрийн тухай өгүүлэх эл киноны зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал, зохиолч, М.Эрдэнэбат нар бичсэн бол найруулагчаар Г.Энхтөр ажиллажээ. Харин киноны гол дүр болох сувилагч бүсгүйд "Үл таних эмэгтэй", "Эзэнгүй бөгж", "МИ-15″, Төрийн дайсан" кинонд тоглосон, жүжигчин О.Долгор тоглож байгаа юм. Олны танил жүжигчдээс гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь нар уг кинонд тогложээ. Кино зохиолыг бичихдээ дөрвөн том эмнэлгийн 60 гаруй хүнтэй уулзаж, судалгаа хийсэн тухайгаа соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал хэлж байсан.
“Өдөр өдрийн нар” олон ангит киноны үйл явдал сувилагчийн сургуулийг төгсөж байгаа эмэгтэй дээр тулгуурлаж өрнөх гэнэ. Гэхдээ 60 ангит кино гэдэг багтаамж ихтэй учраас жижиг, том нийлсэн 100-гаад дүр энд гарах ажээ. Эмчийн дүр гэдэг энгийн амьдралд бүтээж болох дүрээс их өөр мэргэжлийн, нарийн зүйл үзүүлэх учраас заавал мэргэжлийн жүжигчид шаарджээ. Кино багийнхан үзэгчид энэ киног үзээд дуусахад, эмч нарын жаргал, зовлонг олон янзын дүрээр дамжуулан ойлгохоор л хийж байгаа хэмээн дуулгасан юм. –“Өдөр өдрийн нар” кино есдүгээр сарын 26-наас эхлэн МҮОНРТ-ээр гарч эхлэх гэнэ.
А.Зул