Сонирхолтой байх юм бол өөрийгөө бэлтгэж чадна

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Сонирхолтой байх юм бол өөрийгөө бэлтгэж чадна

БНХАУ-ын шатарчин эмэгтэйчүүдийн хамгийн залуу "Дэлхийн аварга", Их мастер Хоу И Фань: Маш их сонирхолтой байх юм бол бүх л анхаарлаа төвлөрүүлэн, бэлтгэж чадна


Арван таван настайдаа эрэгтэйчүүдийн "Их мастер" болж, улмаар хоёр жилийн дараа буюу арван зургаахан насандаа насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн "Дэлхийн аварга" хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болж дээд амжилт тогтоосон түүнтэй ярилцаж байхад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа.

Э.Б: Сайн байн уу, И Фань. Хятад улсад уулзсандаа баяртай байна.  Өөрийгөө танилцуулаач. Одоо дэлхийн аварга болсон учраас шатрын ертөнцөд хүн бүр мэддэг болсон байх.

Х.Ф: Сайн байн уу, Хоу И Фань байна. Би 17 настай, Хятад улсын Жиан Сү мужид төрсөн.  Одоо Бээжин хотод амьдарч байгаа. Ихэвчлэн шигшээ багийнхаа байранд байдаг. Би шатарчин, чөлөөт цагаараа сургуульд суралцдаг.

Э.Б: Гуанжоу-д болсон Азийн наадмын дараа бид уулзаагүй удсан байна. Миний эхний асуулт өнгөрсөн жил Турк улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай. Та нэгдүгээр байр эзэлж, аваргын цомыг гардсан. Энэ тэмцээнд хэр удаан бэлдсэн бэ? Аварга болсон сэтгэгдлээсээ хуваалцаач. Мөн тэмцээний үеэр таны ээж хамт байсан. Тэмцээний тухай яриач?

Х.Ф: Мэдээж, аварга болсондоо маш их баяртай байгаа. Энэ тэмцээний өмнө тусгайлан бэлдээгүй. Учир нь Азийн наадмын дараа маш олон тэмцээнд тоглосон болохоор бэлдэх цаг гараагүй. Тиймээ, миний ээж тэмцээний турш бараг л нэг сар хамт байсан.

Э.Б:  Шатар хэрхэн тоглож сурсан бэ?

Х.Ф: Би 5 настай байхдаа төрсөн нутагтаа шатар тоглож сурсан.

Э.Б: Таны фэнүүдийн нэг энэ асуултыг асууж өгөөч гэж хүссэн юм. Анхны дасгалжуулагчынхаа тухай яриач?

Х.Ф: Миний анхны дасгалжуулагч Жиан Сү мужийн хүн. Тэр орон нутгийн цөөхөн тэмцээнд л тоглосон. Гэхдээ мэргэжлийн шатарчин биш.
                                         

Э.Б: Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

Х.Ф: Ихэвчлэн 4-5 цаг. Заримдаа тэмцээний хуваариас шалтгаалаад өөр байдаг.

Э.Б: Та компьютертай бэлддэг үү? 

Х.Ф: Мэдээж хэрэг. Шатарт компюьтер бол хамгийн чухал зүилйин нэг.

Э.Б: Гараа, дунд үе болон төгсгөлийн алийг нь илүү суралцдаг вэ?

Х.Ф: Бүгдийг нь жигд суралцдаг. Заримдаа алиийг нь илүү суралцах нь тухайн цаг үеэс шалтгаалах байх. Хэрвээ тэмцээний өмнө бол гарааг түлхүү үзэх хэрэгтэй байх гэж боддог.

Э.Б: Таны үзүүлсэн гол амжилтууд?

Х.Ф: Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга болон анхны амжилт маань өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний 10 насны ангилалд түрүүлсэн. Үүний дараа би улсын шигшээ багийнхаа гишүүн болсон.

 Э.Б: Саяхан Энэтхэг улсад зохиогдсон залуу их мастеруудын тэмцээнд оролцож," 3 оноогоор 6-р байрт шалгарсан хэдий ч энэ тэмцээний цорын ганц эмэгтэй шатарчин нь байсан. Өмнө нь Энэтхэг улсад очиж байсан уу? Тэмцээний тухай болон тус улсын талаар яривал?

Х.Ф: Энэтхэг улсад анх удаагаа очиж үзлээ. Тэмцээний амралтын өдрөөр тус улсын алдартай газар очсон мөн тэндхийн хүмүүс их нөхөрсөг санагдсан. Тэмцээний тухайд бүх оролцогчид их сайн шатарчид байсан.

Э.Б: Миний бодлоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа удаан хугацаанд олон улсын тэмцээнд оролцоогүй. Энэ хугацаанд амарсан уу? Гэхдээ Иран улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон боловч сайн тоглож чадаагүй. Ямар шалтгааны улмаас сайн амжилт үзүүлж чадсангүй вэ? Энэ тэмцээнд онцгойлон бэлтгэл хийсэн үү?

Х.Ф: Тиймээ, таны хэлснээр удаан хугацаанд олон улсын тэмцээнд оролцоогүй хэдий ч сайн амарсан. Энэ үеэр олон улсын тэмцээнд оролцох талаар бодоогүй. Харин Азийн аварга шалгаруулах тэмцээнд тоглосон. Гэвч нэг их сайн тоглоогүй тэгээд гадаад чансаанаасаа маш их оноо алдсан. Бас л онцгойлон бэлдээгүй ээ.
 
Э.Б: Хожил, хожигдлын дараа сэтгэл хөдлөлөө илэрхийлбэл аль нь илүү хүчтэй байх бол?

Х.Ф: Би өргийн үр дүнг боддоггүй. Зөвхөн хамгийн сайнаараа л тоглохыг хичээдэг.

Э.Б: Та эрэгтэйчүүдтэй эсвэл эмэгтэйчүүдтэй тоглохын алийг нь илүүд үздэг вэ?

Х.Ф: Энэ үнэхээр зүгээр ээ, онц ялгаа байхгүй ээ. Миний бодлоор эрэгтэй, эмэгтэй хоёулантай нь тоглох ёстой.

Э.Б: Таны хувьд хамгийн сайн зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн ямар тэмцээнд оролцож байсан бэ?

Х.Ф: Би бодохдоо, одоо бол өмнөхөөс илүү их эмэгтэйчүүдийн тэмцээн зохиогдох болсон. Жишээ нь л гэхэд эмэгтэйчүүдийн ФИДЕ гран-при тэмцээн юм.  Эмэгтэй шатарчдад маш их хэрэгтэй тэмцээн гэж боддог. Ялангуяа Монгол улсад зохиогдсон гран-при тэмцээн маш гоё байсан.

Э.Б: Баярлалаа. Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох гэж байна?

Х.Ф: Удахгүй болох Хятадын багийн лигийн тэмцээнд оролцоно.

Э.Б: Амжилт хүсье. Энэ жилийн төлөвлөгөө юу вэ?

Х.Ф: Баярлалаа. Энэ жил маш олон тэмцээнд тоглоно. Жишээлбэл эмэгтэйчүүдийн ФИДЕ гран-при, эмэгтэй их мастеруудын тэмцээн мөн эрэгтэйчүүдийн дэлхийн цом болон дэлхийн аваргын халз тоглолт гэх мэт тэмцээнүүдэд оролцоно.

Э.Б: Ямар шатрын дүрсэнд дуртай вэ?

Х.Ф: Шууд хэлж чадахгүй нь. Тухайлбал бэрс бол хүчтэй мөн хүү хөлгөн дээрх хамгийн жижиг нь мөртлөө тэр хүссэн бод болж чаддаг.

Э.Б: Шатар болон бусад спортод хэнийг илүү хүндэлж, бишэрдэг вэ?

                                           
Х.Ф: Дэлхийн аварга Бобби Фишер бол хүчтэй сайн шатарчин. Өөр спортоос гэвэл БНХАУ-ын тамирчин Лиү Сиан-ийг хүндэлж явдаг.

Э.Б:  Та шатарчин болсондоо баяртай байдаг уу? Хэрвээ өөр мэргэжлийн хүн байсан бол?

Х.Ф: Би шатар тоглох дуртай. Шатарчин болсондоо ч баяртай байна. Би шатар тоглож сурахаасаа өмнө жаахан байхдаа цагдаагийн байгууллагын тухай их сонирхдог байсан. Mиний аав хуульч хүн л дээ.

Э.Б: Өөр зүйлийн талаар ярилцацгаая. Дараа жил дээд сургуульд оюутан болох ёстой. Гэвч шатраа тоглох хэрэгтэй. Мэдээж, боловсрол бол хамгийн чухал зүйл
.
 
Х.Ф: Тиймээ. Үнэндээ энэ жил оюутан болох ёстой. Гэхдээ шатраас болоод ойрын хугацаанд оюутан болж болохгүй. Мэдээж хэрэг оюутан болж, сургуульд сурна. Маш сонирхолтой байх.

Э.Б: Хэдэн хэлээр ярьж чадах вэ? Мөн ямар хэл сурахыг хүсэж байна?

Х.Ф: Өө Хятадаас гадна Англи хэлээр жаахан ярьдаг. Харин Франц хэл сурахыг хүсдэг.

Э.Б: Хэдэн орноор явж үзсэн бэ? Хамгийн таалагдсан газар?

Х.Ф: Би маш олон орноор явж байсан, 50 гаруй байх. Намайг жаахан байхад Франц улс хамгийн их таалагддаг байсан. Харин одоо, Швейцарь улс үнэхээр гоё газар.

Э.Б: Миний бодлоор танд чөлөөт цаг тийм ч их гардаггүй байх. Хэрвээ чөлөөт цаг гарвал ихэвчлэн шатраас өөр юу хийх дуртай вэ?

Х.Ф: Би ном унших, хөгжим сонсох, кино үзэх мөн интернэт-д холбогдох дуртай.
                                            

Э.Б: Ямар төрлийн хөгжим сонсдог вэ?

Х.Ф: Ерөнхийдөө бол Поп. Гэхдээ Хятад-Поп сонсох дуртай мөн зарим Англи дуунууд бас гоё.

Э.Б: Ямар шатрын болон шатрын бус номонд дуртай вэ?

Х.Ф: Надад ямар нэгэн дуртай шатрын ном байхгүй. Миний бодлоор олон маш сайн шатрын номнууд байдаг. Шатраас өөр гэвэл хэдэн сарын өмнө Оливер Твист-ийн номыг уншсан.

Э.Б: Ирээдүйд шатрын ном бичих үү?

Х.Ф: Өө үнэхээр болоогүй ээ. Одоохондоо энэ талаар бодохгүй байгаа. Харин илүү их сурч, сайн тоглох хэрэгтэй гэж бодож байна. Магадгүй цаг нь болохоор болох л байх.

Э.Б: Нэг сонирхолтой асуулт байна. Та хоол хийж чадах уу?

Х.Ф: Уучлаарай, би хоол хийж чаддаггүй. Сурах ёстой байх.

Э.Б: Ямар төрлийн хоолонд дуртай вэ?

Х.Ф: Би зайрмаганд дуртай. Жаахан байхдаа далайн хоолонд дуртай байсан. Харин одоо махан хоолноос илүү ногоотой хоолонд дуртай.

Э.Б: Сайн амжилт гаргахыг хүсэж байгаа шатарчдад өөрийн зөвлөгөөг өгөөч?

Х.Ф: Өсвөр залуу шатарчдад хэлэхэд, хамгийн чухал нь шатарт маш их сонирхолтой байх юм бол бүх л анхаарлаа төвлөрүүлэн, бэлтгэж чадна. Гэхдээ нөгөөтэйгөөр шатраас гадна боловсролдоо анхаарч, суралцах хэрэгтэй. Суралцах нь шатрын түвшинг дээшлүүлэхэд тус нэмэр болдог.

Э.Б: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

Х.Ф: За баярлалаа.

http://elitebrain.blogspot.com/2011/09/blog-post.html
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж